Сүлжээ нэртэй луйвар 3000 гаруй иргэнийг хохироолоо
Манай улсад далд хэлбэрийн сүлжээний бизнес газар авчээ. Өнгөрсөн баасан гаригт “Байгаль эрдэнэ сан” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Уранчимэг нарын хэдэн хүн 3000 гаруй иргэнийг хохироосон гэмт хэрэг гарлаа.
Тэрбээр “Иргэдийг суудлын автомашин, жийптэй болгох, орон сууцтай болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор” иргэдээс онц их хэмжээний мөнгө залилсан байна. Залилагчид хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор хууль бус үйл ажиллагааг явуулж иргэд тус бүрээс 650.000-аас 4.000.000 төгрөгийг мэхэлж авчээ. Иргэд сүлжээнд элсэн орохдоо 650.000 төгрөг төлнө тэгээд дороо таван хүн элсүүлж улмаар машинтай болно гэсэн башир арганд нь мэхлэгдсэн аж.
Уг хэрэгт Т.Уранчимэгээс гадна Н.Содномпил, Г.Мэндсайхан гэх иргэд холбоотой юм байна. Тэд энэ оны зургаадугаар сарын 4-ний өдөр “Байгаль эрдэнэ сан”-г байгуулжээ. Байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл иргэдээс 600 гаруй сая төгрөг залилсан аж. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэлжээ.
Гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан Т.Уранчимэг, Н.Содномпил, Г.Мэндсайхан нарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар 21140777 тоот хавтаст хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнчлэн Т.Уранчимэг, Н.Содномпил, Г.Мэндсайхан нарын долоон хүнийг сэжигтнээр цагдан хорьжээ.
Сүлжээний бизнест залилуулсан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай аж. Учир нь нэг хун л гэхэд гэр бүл, хамаатан саднаа элсүүлсэн байна. Ингэхээр нэг гэр бүлээс гурваас дээш хүн хохирч болно гэсэн үг юм. Хохирсон иргэд хэлэхдээ “Би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандахаас айсан. Тэд цагдаа нарыг аргалаад хэргийг хаалгачихвал яана гэж бодож явсаар байгаад хохирчихлоо. Одоо хаана яаж хандахаа мэдэхгүй байна. Ганцхан би хохирсон бол яая гэх вэ. Гэтэл аав, ээж, хадам гээд бүгдийг нь элсүүлчихсэн. Анх сүлжээнд элсэхэд www.baigalierdene.mn орж бүртгүүлсэн. Одоо тэр сайт нь ажиллахгүй болсон” гэлээ.
www.baigalierdene.mn гэх сайтад орж үзтэл урдаас мөнгө төлсөн тохиолдолд нэвтрэх эрхтэй гэсэн бичиг гарч ирдэг юм билээ. Уг хэргийг шалгаж буй цагдаагийнхан нэмэлт мэдээлэл олохын тулд иргэдээс эх сурвалжаа бүрдүүлж байна. Уг сүлжээнд элсч хохирсон иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгуудад өдөр бүрийн 09.00-20.00 цагийн хооронд хандаж мэдээлэл өгөхийг анхааруулж байна.
Түүнчлэн энэ сарын 10-15-ны хооронд “Барагдашгүй алмаз” компани иргэдээс 650.000 төгрөг хураан авч сүлжээнд элсүүлсэн гэмт хэрэг гарсан байна. Тухайн компани ” Иргэдийг авто машинжуулах сүлжээ” нэртэй аж. Одоогийн байдлаар тус компани нь 150 гаруй хүнийг хохироогоод байгаа гэнэ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
А.Лхагважав http://www.niigmiintoli.mn/
URL: