Дэлхийн шонхорын наймаачдыг жагсаалтыг Монголын баячууд тэргүүлж байна

ШОНХОРЫН олон улсын хууль бус наймааг илрүүлэх, тэмцэх зорилготой АНУ-д төвтэй UCR /The Union for the Conservation of Raptors буюу Шонхор Хамгаалах Холбоо/ хэмээх олон улсын байгууллага вэбсайтдаа нэлээд сонирхолтой зүйлүүдийг тавьжээ. Шонхорын албан ёсны төдийгүй хууль бус наймаанд хэдийнээс данстай Монгол орны төрийн дээд албан тушаалтнуудаас эхлээд нэр бүхий олон хүн энд алдар цолоо тааруухнаар дуудуулсан байна. Хамгийн гол нь энд дурьдагдсан зүйлүүд нэлээд өргөн хүрээтэй нухацтай судалгаа, бодит баримт мэдээнд түшиглэсэн нь харагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Уг байгууллага шонхорын хар захын наймааны зохион байгуулагч, оролцогч, гүйцэтгэгчдийг уг сүлжээнд гүйцэтгэж буй оролцоо, албан ёсны зэрэг дэв, олж буй ашиг орлого зэргээр нь A, B, C гэж 3 ангилсан бөгөөд “A” ангиллын тэргүүнд олон улсын шонхорын наймааны хамгийн нэр нөлөө бүхий, өөрөөр хэлбэл жинхэнэ “их гарын” 10 этгээдийг нэрлэжээ. /Top Ten Most Wanted/ Энд Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Арабын хунтайж, шейх, төрийн сайдуудтай эн зэрэгцээд хамгийн сонирхолтой нь ганц монгол хүн цохиж явах юм. Энэ бол Эвслийн Засгийн газрын үеийн Байгаль Орчны сайд Ц.Адьяасүрэн юм. Түүнийг 10 “их гар”-ын 9 дүгээрт нэрлээд цааш бичсэн нь: “Ц.Адьяасүрэн нь Монголоос Ойрхи Дорнодод хууль бусаар гаргаж буй шонхорын наймааг саяхан болтол удирдан зохицуулж байлаа. Болчимгүй тэнэгийнхээ харгайгаар энэ хүн UCR-ыг олон улсын шүүхэд өгч байсан удаатай бөгөөд хар захын наймаанд ямархан оролцоотойг нь баримтаар яалт ч үгүй нотлоод өгөхөд булзах аргагүй болж нэхэмжлэлээ буцаан татаж хэрэг дээрээ UCR-д бууж өгч байв. Сайдаасаа огцорсон ч 1999 оноос хойш томилогдсон бүх сайд нарт зөвлөхөөр нь ажиллан шонхорын наймааг зохицуулах хуучин үүргээ гүйцэтгэсээр байна. Монголын элчин сайд байсан Ш.Гунгаадорж /Казахстанд. Ред/ түүнийг “Шонхорын наймаанаас хэн хүнд байхгүй их мөнгө олсон” хэмээн гэрчилж байв”
10 “их гар”-ын араас мөн “А” ангиллын наймаачдыг жагсаажээ. Аль-Кайдад зэвсэг нийлүүлдэг Америкийн иргэн, ОХУ-ын Аюулгүйн албаны халхавчинд ажилладаг бөгөөд зэвсгийн хөлтэй наймааны хажуугаар шонхор гулгуулдаг орос эр, Узбекистан, Казахстаны ерөнхийлөгч нарын /Н.Назарбаев нь Арабын улсуудын хаад ноёдод нутгаасаа шонхор барих хязгааргүй эрхийг бие даан олгодог бөгөөд шанд нь Эмиратын шейхээс гэхэд л 40 сая долларыг хувийн ордон барихдаа зориулж авсан/ араас мөн л монголчуудын урт цуваа гарч ирэв.

“…/15/ Ерөнхий сайд асан М.Энхсайхан
1995 оны 10 дугаар саырн 24-нд АНУ-ын конгрессмен Стив Соларц ерөнхийлөгч П.Очирбатад UCR-ын төслийг танилцуулахад М.Энхсайхан байлцсан юм. Төслийн зорилго нь шонхорыг хамгаалахад оршиж байсан боловч М.Энхсайхан хууль бус наймаанаас олж болох ашгийг илүүд үзсэн юм. Одоо түүнийг Монголын хамгийн баян хүмүүсийн нэг гэдэг.

/16/ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
Н.Энхбаяр нь сөрөг ардчилсан хүчнийг Засгийн эрхээс зайлуулахын тулд UCR-ын цуглуулсан баримтуудыг ашиглаж байсан боловч шинэ коммунист засгийг байгуулангуутаа шонхорын наймаанд ханцуй шамлан орсон юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр UCR-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар байнга зочилж, манай халуун дэмжигч АНУ-ын ЭСЯ-ны Үэндэлл Олбрайттай зоог барьж байсан нь  ч нэг бус. Гэхдээ шинэ засгийн газрын ерөнхий сайд болтлоо тэр шүү дээ. Коммунист ерөнхий сайдтай болсоны дараагаар Монголын төр шонхорын наймааг айдас хүрч, түгшүүр төрмөөр хурдан цэцэглүүлсэн билээ.

/17/ Байгаль орчны сайд асан З.Батжаргал
/Саяхан болтол Японд Элчин сайдаар сууж байсан эрхэмийг хэлж буй бололтой. Ред/
Ноён З.Батжаргал Саудын Арабын гадаад хэргийн сайд хунтайж Мохаммед бин Наифтай гэрээ хийж 800 шонхор гаргахаар болсон юм. Гэрээнд нэг шонхорын үнийг албан ёсоор ердөө 2500 доллар гэж заасан боловч албан бус үнэ нь даруй 18000 хүрчээ. Унагасан мөнгө нь шууд БОЯ, хань хамсаатных нь хармаанд орсон нь лавтай.

/18/ БОЯ-ны сайд С.Баярцогт /одоогийн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ред./
Сайдын албыг хашсан богинохон хугацаандаа энэ хүн урьдын бодлогыг хэвээр үргэлжлүүлж шонхорын хууль бус наймааг улам идэвхжүүлсэн.
/19/ БОЯ-ны сайд асан С.Мэндсайхан
Энэ хүн урьдын бодлогыг хэвээр үргэлжлүүлэхээр барахгүй UCR-аас 800000 доллар авилгалд авахаар оролдож байв. UCR нь түүний булхайг илчлэхээр хэвлэлийн бага хурал зарлангуут С.Мэндсайхан UCR-ын төлөөлөгчдийг “Монголын Засгийн газрыг үл хүндэлсэн” гэдэг үндэслэлээр барьж хориулав.АНУ-ын сенатор Жэсси Хэлмс хөөцөлдөж тэднийг суллуулсаны маргааш UCR-ын ажилтнууд Улаанбаатараас хөөрөх гэж байсан Туркменистаны ерөнхийлөгчийн хувийн онгоцыг /Эмиратын хунтайж шейх Халифагийн хөлсөлсөн/ саатуулуулж чадсан бөгөөд арабчууд болон Монголын албаны хүмүүс суусан уг онгоцонд нарийн шалгалт хийсний дүнд 21 шонхор авч гарах гэж байсан нь илэрсэн юм. Гаальд мэдүүлэлгүй нууцаар авч гарах гэж байсан шонхор нь илэрмэгц Монголын CITES-ийн албаны хүмүүс /Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora буюу Ховордсон болон зэрлэг ан амьтан ургамлыг хамгаалах Олон улсын конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага/ холбогдох бичиг баримтыг гаргаж үзүүлсэн бөгөөд энэ нь шалгалтынханд баригдсан тохиолдолд л ашиглахаар бэлдсэн зүйл байсан аж. UCR-ын ажилтнуудыг хориулсан явдал уг онгоцыг хөөрөхөд тэднээр саад хийлгэхгүй байх зорилготой байсан нь ингэж тодорхой болсон юм

“/20/ Уламбаярын Буяндэлгэр
Засгийн газрын ангийн томоохон наймааг эрхэлдэг “Монгол ан” компанийн захирал байхдаа дээр дурьдсан 800 шонхор гаргах гэрээг сайд асан З.Батжаргалтай хамтарч бүтээсэн. Албан бус төлбөрийн хэлбэрээр авдаг авилгаасаа БОЯ, ШУА-д өгч тэдний нэгдсэн дэмжлэгийг авдаг. У.Буяндэлгэр 1996 онд АНУ-д Монголын БОЯ-ны сайд болж жүжиглэж яваад Дотоод хэргийн төрийн департаментэд шалгагдсан. Ийн жүжиглэх аргаар тэр Монголын аргалийг агнах эрхийг худалдаж авдаг АНУ-ын албаны хүмүүст нөлөөлж олон зуун мянган долларын ашигтай бизнесээ бүтээж авдаг байжээ. Тэгвэл энэ ч бүр юу ч биш. Департаментынхан энэ хуурамч сайдад итгэж маллуулахаар барахгүй түүнийг тавиад явуулчихсан байдаг. У.Буяндэлгэр Унгар зэрэг Европын орнуудад чоно гаргаж байсан. Мөн Оросын хилээр асар их хэмжээний ирвэсийн арьсыг хууль бусаар гаргасан. Шонхорын наймаанд түүний тогтоосон монополь эрхийг БОЯ-ны хань хамсаатан, найз нөхөд нь хаацайлж хамгаалж байдаг…”
Цаашилбал, Самдангийн Банзрагч /Байгаль хамгаалах нийгэмлэгийн/, Бадам, доктор Болд /ШУА-ийн/ Пүрэвжавын Цэнгэг, доктор Болдбаатар /мөн ШУА-ийн/ гэсэн нэрс цуварч мөн дээрхи мэт үйл ажиллагаа нь баримттайгаар дурьдагдаад дахин танил хүмүүсийн нэр гарч байна.

“…/26/ Элчин сайд Т.Сайран / УИХ-ын гишүүн асан.Ред/
Элчин сайд Т.Сайран Арабын орнуудад Монголыг төлөөлж байхдаа ГХЯ-ны газрын дарга Г.Сэсээртэй хамтран худалдааны гэрээ хэлэлцээр хийх ажлуудыг зохион байгуулж  байв.  Шонхор барих улирлаар Т.Сайран гэртээ гадаадын шонхорын наймаачдыг байрлуулдаг. Бахрейний шейх Сүлэйман бин Мохаммед контрабандын 19 шонхор худалдсаныг нь UCR тогтоож эрх бүхий байгууллагад мэдэгдсэний үр дүнд шейхийг Каирын нисэх онгоцны буудалд саатуулж шонхорыг нь хураан авч байсан юм. Т.Сайраны охин эцгийнхээ дипломат эрх ямбаар халхавчлагдан героин хил давуулах гэж яваад баригдан одоо Грекийн шоронд ял эдэлж байгаа.

/27/ Ноён Г.Сэсээр
Монголын ГХЯ-ны Газрын дарга бөгөөд өөрийгөө “үл үзэгдэгч” гэдэг энэ хүн Засгийн газрын албаны хүмүүс болоод Арабын Засгийн газруудын хооронд хийгддэг албан бус гэрээнүүдийг зохиодог. UCR-ийн ажилтнуудыг баривчилж хорих, албадан гаргах, заналхийлэх оролдлогуудын ард амбицитай, аюултай энэ хүн байж байдаг. Ш.Гунгаадорж хамсаатан Г.Сэсээрээ өөрөө гэрчилж барьж өгч байсан нь бий…”
UCR-ийн судалсан, олж тогтоон баримтжуулсанаар бол Монголын нэр бүхий хүмүүс олон улсын шонхорын наймаанд иймэрхүү оролцоотой аж. Мөн энд дурьдсанаар Монголын нэртэй өмгөөлөгч С.Нарангэрэл энэ байгууллагын зөвлөл /Law Reform Advisory Board/-ийн гишүүн ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих