Эх оронч үйл хэрэг
Эх оронч сэтгэлгээ нь эх орныхоо тухай ярихад байдаггүй. Мөн бусдыг урвагч, эрлийзээр нь дуудахад ч оршдоггүй. Харин иргэдийнх нь үйл хэрэгт байдаг. “Үг хэлэнд бүү итгэ, үзэлд бодолд ч бүү итгэ, ганцхан үйл хэрэгт нь итгэ” гэсэн зарчим бий. Хөгжил дэвшилд хүрсэн улс үндэстнүүдийн нууц нь үйл хэрэг байсан тухай бишгүй л ярьдаг даа.
Тухайлбал, солонгосчууд үнэт эдлэлээ улсдаа хандивлаж бүгд л ажил гололгүй хөдөлмөрлөсөн байна. Америк гүрнийг америк мөрөөдөл бий болгожээ. “Халаасандаа хэдхэн доллартай ядуу хөвгүүн их хотод хөл тавиад…” гэх маягаар бизнесийнх нь томчуудын түүх эхэлдэг. Үүний цаана нөр их хөдөлмөр бий.
Харин манайд үгийн тулаан л хийдэг. Зөвхөн бадрангуй үг хэлсэн хүмүүсийг л дагаж хуйларсаар амьдарч байна ш дээ. Манайх ихэнхдээ хүйтэн уур амьсгалтай байдаг цас мөсний орон. Бүтээн байгуулалт хийх боломжтой ганц улиралдаа бүгдээрээ л найр наадам хөөдөг. Тийм болохоор бүтээн байгуулалтынх нь хар, бор ажлыг өнөөдөр хойд солонгосчууд, хятадууд нугалж байна.
Өөрсдөө ажил хийдэггүй, цагаан захтан болох мөрөөдөлтэй залуус нь тэднийг цалин авдаг болохоор нь үзэн яддаг. “Нутгаасаа хөөе”, “Бид бараг эзлэгдчихлээ” гэх сэтгэгдэл их. Гэвч хэн ч тэдний оронд ажиллахыг хүсдэггүй. Хэрвээ залуус нь ярьдаг шигээ ажилладаг байсан бол хятад, солонгосчуудын хэрэг улс оронд маань байхгүй л дээ.
Ам.долларын ханш өсөөд байгаагийн учир нь ч улс орныг удирдаж байгаа хэсэг хүмүүс аль эсвэл гадаадын мөнгөтэй хүмүүст ч биш бид бүгдэд бий. Тэртэй тэргүй үйлдвэрлэл муутай атлаа дэлгүүрээс дотоодын биш гадаадын ариун цэврийн цаас авч хэрэглэдэг.
Жаахан мөнгөтэй болбол аль болох үнэтэй жип авч унах сонирхолтой. Түлшийг нь ч бид гадаад валютаар худалдаж авдаг шүү дээ. Энэ бүхэн л зах зээлд ам.долларын эрэлт бий болгож байгаа хэрэг.
Үнэхээр эх оронч сэтгэлгээ гаргамаар байвал дэлгүүрээс дотоодынхоо ноолууран цамц, гар утас, савхин өмд, хүрмийг аваад хэрэглэчих хэрэгтэй байна. Тэгээд аливаа ажлыг гололгүй үнэн сэтгэлээсээ хийх юм бол улс орон маань өнгө засаад, элдэв хэрүүл нь багасаад ирнэ дээ.
Ж.Баяр
Эх сурвалж: Нийслэл таймс
URL: