Бионси дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн болов
Хатан гэж нэрлэхэд учир бий. Алдартнуудыг чансаагаар нь эрэмбэлдэгээрээ алдартай Форбес сэтгүүл энэ оны хамгийн шилдэг 100 алдартныг нэрлэсэн жагсаалтаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Олон удаа жагсаалтад тэргүүлж байсан Опра Уйнфри энэ жил хэд хэдэн байраар ухарч дөрөвдүгээрт жагссан бол поп дуучин Бионси тэргүүн байранд заларч хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарсан байна. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш нийт 115 сая долларын орлого олсноос гадна нийгэм, олон нийтийн дунд эзлэх байр сууриараа ялгаран гарсан учир хэвлэлийнхэн түүнийг Хатан хэмээх цолонд өргөмжилсөн юм.
Бионси нь огт зар сурталчилгаа хийлгүйгээр шинэ цомгоо дуустал нь борлуулж чаддаг цөөхөн алдартны нэг бөгөөд Эйч энд Эм, Пепси зэрэг дэлхийд алдартай брендүүдийн нүүр царай болж, өөрийн гэсэн загварын бизнес эрхэлдэг билээ. Поллстарын мэдээлж буйгаар алдарт Бионси “95-стоп” хэмээх ганцхан тоглолтоороо 2.4 сая ам.доллар олсон бөгөөд Форбесийн жагсаалтын зургаадугаар байрт орсон нөхөр Жэй Зитэйгээ хамт энэ зун томоохон хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Бионсигийн араас Леброн Жэймс, Доктор Дре, Эллен Дежиннерес, Флойд Мэйвээдэр, Рианна, Кейти Перри, Бага Роберт Дауни нар эхний аравт багтжээ.
URL: