Сураггүй болсон Израйль хөвгүүдийн цогцос олджээ
Сураггүй болсон 16-19 насны хөвгүүдийн эрэлд Израилийн Засгийн газар Баруун эрэгт өргөн хүрээтэй ажиллагаа явуулж, Палестины удирдлагуудаас хүртэл тусламж хүсч байсан юм. Израилийн цэргийнхний эрлийн тусгай ажиллагааны үеэр Палестины таван иргэн амь үрэгдэж, 400 гаруй хүнийг баривчилсан аж. Гэтэл сураггүй болсон гурван хүүгийн цогцос өчигдөр Баруун эргийн Хеброн хотын Халхулын ойролцоо ухсан нүхнээс олдсон байна. Баруун эргийг Йерусалим хоттой холбосон 60-р чиглэлийн зам Халхулыг дайран өнгөрдөг юм. Хөвгүүдийг сураггүй болсны дараа Израилийн цэргүүд уг замыг хамгийн түрүүнд хяналтандаа авч ажилласан аж. Энэ хэрэгт Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетьянху Палестины зэвсэгт “ХАМАС” бүлэглэлийг буруутгаж, “амь үрэгдсэн хөвгүүдийн өшөөг авна” гэж мэдэгджээ.
Орчуулсан:Г.Солонго
agshin.mn
URL: