А.Отгонболд: Эмчлэх ёстой гэсэн ганц эрхийг маань хуулиас хасчихаж
Тиймээс тэд суулт хийж, Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. Эрүүл мэндийн шинэ хууль болон эрүүл мэндийн салбарын эргэн тойрон дахь асуудлаар “Хатагтай” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор А.Отгонболдтой уулзаж ярилцлаа.
-УИХ-аас шинээр баталсан хууль багагүй хэл ам дэгдээгээд байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнууд энэ хуулийг Эрүүгийн хууль болсон гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Ингэж эсэргүүцэж, хэрүүл тэмцэл хийх хэрэг байна уу?
-Шинээр баталсан Эрүүл мэндийн тухай хуулийн гол зорилго нь эмч, эмнэлгийн ажилтнуудыг зодож, ташуурдахад л чиглэгдсэн байна лээ. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулахаасаа илүү муужруулах хууль болчихов уу гэж бодож байна. Эмч нар өнөөдөр ямар нөхцөлд амьдардаг гэж бодно. Хүнд шүү дээ. Хүүхэд шуухад, хань ижил, ар гэрийнхэндээ зав гаргаж чадахгүй, авдаг цалин багатай, өвчтөн гэсээр яваад өөрсдийнхөө эрүүл мэндийг хөсөр хаячихдаг хүмүүс. Тэд нийгмийн асуудалгүй, ар гэргүй, амьдралгүй хүмүүс юм уу. Өнөдөр тэдний амьдралыг хэрхэн өөрчлөх, ямар хангамж төрөөс эдлүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд нь юу хэрэгтэй бодолцохгүйгээр шууд чамайг эмч болсны чинь төлөө зодно нүднэ, яллана, шийтгэнэ гээд байж болохгүй биз дээ. Тэтгэвэрт гарахад нь тэдэн төгрөг өгнө, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулна гэсэн хоцрогдсон, XX зууны заалт оруулчихаад сайн хууль болчихлоо гэж бодох хэрэггүй. Өөрийгөө үзчихэж чадахгүй эмч гэж юу байсан юм. Нэг талаас эмч нараа даажигнасан, тохуурхсан юм шиг. Бид нарт ийм юм хэрэггүй. Долоон сарын 1-ний хэрэг гээд л яриад байдаг. Баахан цагдаа зодуулсан энэ тэр гээд. Тэгэхэд гурван эмнэлгийн тэрэг халдлагад өртөж, 17 эмнэлгийн ажилтан гэмтэж бэртсэн шүү дээ. Тэднийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Эндээс харахад эмнэлгийн ажилтанд ямар ч хамгаалал, баталгаа байхгүй байна. Хэн дуртай нь эмч, эмнэлгийн ажилтныг дарамталж байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл эхлээд эмч, эмнэлгийн ажилтны нийгмийнх нь асуудлыг шийдвэрлэчих. Сайн ажилласанд нь сайн цалин хөлс өгчих. Харин дараа нь зодож, шийтгэж болно. Гэдэс цатгалан хүнтэй ямар ч хариуцлага тооцож болно. Гэтэл гэдэс нь өлсч яваа хүнийг зодоод ажлын үр бүтээмж гарах уу. Үүнтэй адилхан.
-Тэгэхээр та Эрүүл мэндийн хуулийг муу хууль болсон гэж үзэж байгаа юм аа даа. Таны ярианаас шууд тэгж ойлгогдож байна?
-1998 оны хуулийн заалт, үг хэллэг нь тэр чигээрээ л байна лээ. Бага сага дэвшилтэд зүйл гарсныг эс тооцвол. Багийн эмч гэсэн нэр томьёо хүртэл байх жишээний. Өнөөдөр багийнх байтугай сумын эмнэлэг нь эзэнгүйдэхэд хүрчихсэн. Ийм байхад Эрүүл мэндийн хуулиар эмч ажилтнуудыг айлгана гэдэг энэ салбарт ажиллах боловсон хүчний тоог бууруулах сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Боловсон хүчний асар их дутагдалтай байгаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлье гэвэл ийм хууль гаргах ёсгүй л байсан юм. Хуулийнх нь нэр томьёо хүртэл хуучирсан. Уг нь Эрүүл мэндийн хууль асар том агуулгатай, өргөн далайцтай байх ёстой. Жишээлбэл, Монголын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн хувийн эмнэлгүүдээ татвараас чөлөөлөх, тоног төхөөрөмжийг нь хил гаалиар татваргүйгээр оруулж ирэхэд анхаарах ёстой байсан. Энэ бүхнийг дэмжиж, боловсон хүчний асуудалдаа анхаарч байж л эрүүл мэндийн салбар хөгжих юм.
-Энэ хуулийг уншихад алдаа гаргасан, тангаргаа зөрчсөн эмч, эмнэлгийн ажилтнуудад л хариуцлага тооцох юм билээ. Тэгэхээр үүнээс айгаад байх шалтгаан байгаа юм уу. Энэ чинь ажлаа сайн хий гэсэн л анхааруулга юм биш үү. Эмч, эмнэлгийн ажилтны буруугаас болж олон хүн эрүүл мэнд амь насаараа хохирч үлддэг худал биш?
-Хариуцлагагүй эмч, эмнэлгийн ажилтнууд бол байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Аль ч салбарт ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддаг цөөхөн хүмүүс байдаг. Яахав нийт эмч нарын 10 хувь нь хариуцлага алддагийнх нь төлөө 90 хувийг нь давхар шийтгэж болохгүй биз дээ. Чамайг ажлаа сайн хийгээд явж байхад муу хийдэг нөхөртэй чинь хамт шийтгэнэ гэхээр өөрт чинь сайхан санагдах уу. Төр уг нь эмч танд өндөр хөлс өгье, үнэ төлбөргүй хувцаслая, харин дараа нь хариуцлага алдвал хатуу шийтгэнэ гэх байсан юм. Гэтэл хамгийн том алдаа нь эхлээд чамайг зодно, тэгээд ажлаа хийлгүүлнэ гэх маягийн анхааруулга нь. Тэгэхээр хэн зодуулаад ажил хийх юм бэ. Залуу боловсон хүчнүүд нь бүгд гадагшаа гарчихлаа. Тэднийг Монголдоо ирээч гэхээр яах юм, тэнд очоод би яаж ажиллах юм гэж хэлдэг. Тэнд очоод тендер нэрээр шахсан хятад резинин бээлий углаад яаж мэс засал хийх юм гэж өмнөөс хэлдэг. Тэгж хэлж байгаа хүмүүсийн өмнөөс үгүй шүү дээ, Монголын эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй техник хэрэгсэл, эм тариа үнэхээр “саак” гэж хэлж чадахгүй нь ойлгомжтой.
Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар үнэхээр аймшигтай. Тендер нэрээр харьд үйлдвэрлэсэн хамгийн хямдхан бүхнийг шахаж байна. Гэтэл иргэдийн мэдээлэл асар их сайжирсан. Интернет руу ороод эрүүл мэндийн салбарт ийм юм хэрэглэж байна шүү дээ гээд биднээс нэхдэг.
Бидэнд байгаа нь дэлхийд хоцрогдсон хэрэгслүүд. Иргэд маань дэлхийн төвшингийн юм яриад байхад миний бололцоо, манай эрүүл мэндийн бололцоо зууны нэгд нь хүрэхгүй байна. Үүнийг л Эрүүл мэндийн хуулиар зохицуулах байлаа. Түүнээс биш эмчийг шийтгэх нь чухал биш. Мэдээж, эмчийг торгох, шийтгэх хариуцлага тооцох гэсэн ийм санкци байх ёстой. Хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой болохоор. Гэтэл Эрүүл мэндийн хуульд эмч эмчилнэ гэсэн эрх нь байхгүй. Бүр хаячихсан. Эрүүгийн хуулиар хэдэн заалт алга боллоо гээд бөөн л юм болж байсан биз дээ. Гэтэл Эрүүл мэндийн хуулийн хэдэн арван заалт нь алга болж байхад ямар ч зүйл болоогүй юм шиг сууж байна. Ганцхан Монголын эмч нар л хариуцлага алддаг юм биш. Дэлхийн бүх улс оронд ийм зүйл гардаг. Үүнийг, эмчийн хариуцлагын асуудлыг өнөөдрийн нийгэмд яаж шийддэг вэ гэхээр ерөөсөө л хариуцлагын даатгалаар зохицуулдаг.
-Хариуцлагын даатгалаар хэрхэн зохицуулдаг гэж?
-Эмч Отгонболд иргэн Доржийг эмчлэхийн тулд лиценз авна. Лиценз авахдаа хариуцлагын даатгал төлж байх ёстой юм. Хариуцлагын даатгал гэдэг нь намайг алдаа гаргалаа гэхэд төлбөр, шийтгэл тэндээс гарна. Би мэргэжлийн алдаа гаргаж болно шүү дээ. Сар болгон би 100 төгрөг хариуцлагын даатгал гээд төлөөд явж байлаа. Гэтэл нэг хоёр удаа мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд нөгөө даатгалын газраас “Отгонболд та их хариуцлагагүй нөхөр байна. Та цаашдаа сард 100 төгрөг биш, 10 мянган төгрөг төлж бай” гэх жишээтэй л асуудал. Ийм л эдийн засгийн аргаар хариуцлага тооцох болохоос Эрүүгийн хууль шиг хууль боловсруулаад шийтгэхийг хэлдэг юм биш. Эрүүл мэндийн хуульд элдэв торгуулийн заалт оруулж байхаар зөвхөн эмч хариуцлагын даатгалтай байна гээд л боллоо. Дэлхий нийт асуудлыг амархан шийдэж байна шүү дээ.
-С.Ламбаа сайдын магтаад байгаа эрүүл мэндийн хууль “гууль” болсон гэсэн үг үү?
-Эмч хүний хамгийн гол эрхийг нь хасчихсан байна билээ. Эмч хүн эмчлэх ёстой гэсэн ганц эрхийг нь шүү дээ. Эрүүл мэндийн хууль өнөөгийн эрүүл мэндийн салбарыг шаардлагыг хангаж чадсангүй. Хуулийг үг бүрчлэн уншихаар хуучирсан юм зөндөө байна. Маш олон асуудлыг хөндөлгүй орхисон байна. Эх нялхсын асуудлыг тусгаагүй. Эх нялхсын асуудал ямар ч эрүүл мэндийн салбарын хамгийн гол асуудал байдаг. Эх нялхсын асуудлыг хуулиндаа оруулаагүй шалтгааныг улс төрийн зорилготой л гэж ойлгож байгаа. Нэг үгээр хэлэхэд, эх нялхсын эндэгдлээ нуух гэж байгаа хэрэг. Дэлхийн аль ч улс хуулиндаа эх нялхсын асуудлыг зааж өгдөг. Төрөлт гэж юу юм бэ, хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг хүртэл тодорхойлдог юм. Герман бол ургийн зүрх нь цохилсон цагаас л хүн гэж үздэг. Үр хөндлөө гэхэд хүн алсанд тооцдог. Гэтэл Монголд хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь хүртэл тодорхойгүй. Ийм амьдралд нийцээгүй, ганц удаа жижүүрийн ширээны ард хонож үзээгүй яамны нөхдүүдийн боловсруулсан хуулиас болж эрүүл мэндийн салбарын хөгжил гажихад хүрээд байна.
-С.Ламбаа сайд Эрүүл мэндийн хуулийг маш сайн хууль гэж дүгнээд байгаа биз дээ?
-С.Ламбаа гэдэг хүнтэй би уралцаж, ноцолдохыг хүсэхгүй байна. Миний гол бухимдаад байгаа юм гэвэл иргэд орчин үетэй хөл нийлүүлээд алхаж байхад эрүүл мэндийн салбар нь тээр хол хаягдсан түүнийгээ шийдвэрлэх талаар ганц өгүүлбэр Эрүүл мэндийн хуульд байхгүй явдал. Яамныхан хууль боловсруулахдаа мэргэжлийн байгууллагууд, иргэдээс санал авсан гээд байна лээ. Тэр санал аль хэзээний хуучирсан, таван жилийн өмнөх санал шүү дээ. Намайг Эрүүл мэндийн дэд сайд байхад бид Эрүүл мэндийн хуулийг өөрчлөх санал тавьж байсан. Эхлээд нийгмийн чиглэлээр нь өөрчилж өгөөч, хоёрдугаарт санхүүжилтийг нь гүйцэтгэлээр нь өгөөч гэдэг санал тавьж байсан юм. Хэн нэгэн улстөрч Эрүүл мэндийн яам хэдэн төгрөгийн зардал гаргахыг яаж мэдэх юм. Ямар өвчин дэгдэхийг яаж урьдчилж харах юм. Ямар халдварт өвчин гараад энэ салбарын төсвийг нэмэхийг хэн мэдэх юм. Монголчууд өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг биз дээ. Бусад орны эрүүл мэндийн төсөв гүйцэтгэлээрээ явдаг. Дараагийн асуудал нь эрүүл мэндийн тогтолцоогоо эргэж хараач гэсэн санал. Энэ байгаа тогтолцоо чинь социализмын үеийн гурван шатлалтай гэдэг шиг. Сумын эмнэлэг дээр ханиадаа эмчил, олгой ургавал аймаг руугаа яв, зүрх өвдвөл гуравдугаар эмнэлэгт ханд гэсэн тогтолцоогоо л өөрчлөх ёстой. Эмнэлгийн биеэ даасан байдлыг уг нь хуулиар хангах ёстой. Хажуудаа эрдэм шинжилгээний байгууллагатай, вирус, бактерийг шинжлэх, судлах лабораторитой байх шаардлагатай. Бүхэл бүтэн эрдэм шинжилгээний байгууллага дээр үндэслэсэн анагаах ухааныг хөгжүүлэх гэж байгаа юм бол Монгол Улс тогтолцоогоо өөрчлөх нэн шаардлагатай байна.
-Иргэд бол эмч нар хариуцлагаас айгаад Эрүүл мэндийн хуулийг өөрчлөх гээд байна гэсэн ойлголттой л байгаа. Ийм асуудлууд орхигдсон, хөндөгдөх ёстой гэдгийг мэдэхгүй шүү дээ?
-Эмч хүн хариуцлагаас хэзээ ч бултдаггүй юм. Цалингаа хасуулна, ажлаасаа халагдана, бүр ял эдэлдэг. Энэ хуулийг боловсруулсан хүн бол мэргэжлийн биш хүн гэдэг нь харагдаж байгаа л даа.
-Эмч нар алдаа гаргалаа гээд ажлаас халагдах төдийгөөр л өнгөрдөг шүү дээ. Цаана хүний эрүүл мэнд, амь насны асуудал яригддаг. Тангарагтаа үнэнч биш эмч нарыг шийтгэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа шүү дээ, салбарын сайд нь хүртэл?
-Ажлаас халагдах чинь шийтгэл биш юм уу. Өнөөдөр ямар эмч хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Яах ёстой юм. Нэг хариуцлага алдаа гээд тэр эмчийг буудах уу. Жишээлбэл, 2009 онд Н1N1 вирусын халдвар Монголд дэгдсэн.Тэр вирусыг эмчилж чадахгүй өчнөөн хүн амиа алдсан. 18 жирэмсэн эх, 300-аад хүүхэд нас барсан. Гээд яах ёстой юм. Хамаг байдгаа дайчлаад, бүх чадлаа шавхаад ч нүдэн дээр минь амьсгал хураах тохиолдол олон гардаг. Тэр бүхэн дээр хэн нэгэн шоронд ороод, ажлаас халагдаад, аль эсвэл буудуулах уу. Бид нарыг тангараг өргөсөн гээд байгаа. Би тангаргийг мэргэжилдээ биш ёс зүйдээ өргөсөн. Тэнд амь алдах гээд байгаа хүнд тусламж үзүүлнэ гэж өргөсөн болохоос энэ хүнийг эдгэрүүлнэ гэж тангараг өргөөгүй. Өөрөөр хэлбэл, би эмчийн ёс зүй гэдэгтээ л тангараг өргөсөн. Нэг өвчтөн ирлээ гэхэд би чадах бүх аргаа хэрэглэнэ, мэдлэгээ шавхана. Тэр хүн нь эмчилгээ авалгүй үхчихэж болно. Гэтэл мэргэжлийн алдаа гаргасан гээд намайг шийтгэж болохгүй биз дээ. Үүнийг хүмүүс ерөөсөө ойлгодоггүй юм. Дэлхий дээр амь алдаж байгаа хүмүүс 100 хувь өвчнөөр нас бардаг, түүний нэгхэн хувь нь эмчийн буруугаас болдог юм.
-Тэгээд тангараг зөрчинө гэдэг таныхаар юу юм бэ?
-Тангараг зөрчинө гэдэг тэнд хүн үхэх гэж байхад ажлын байрандаа архидах юм уу эсвэл ажил таслаад алга болохыг хэлнэ. Түүнээс хамаг байдаг чадлаараа зүтгээд амийг нь аварч чадаагүй нь тангаргаа зөрчсөн асуудал биш. Н1N1 вирусын халдвар Монголд дэгдэж, 18 жирэмсэн эх, 300-аад хүүхэд нас барсан гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. Тэгэхэд Эрүүл мэндийн дэд сайд гэж нэг хүүхэн зурагтаар нүдээ тормолзуулж ирээд л “Юун сүртэй юм. Зүгээр нэг ердийн томуу” гээд та нарыг загнаж байсан биз дээ. Тэр оройноос л хүмүүс Н1N1 вирусын халдвараар үхээд эхэлчихсэн. Тэгэхэд хэн хариуцлага хүлээв. Гэтэл хүмүүс өө, ердийн томуу гэнэ гээд санаа нь тайвширчихсан байсан биз дээ. Би хүртэл айх юм байхгүй нь гээд л сууж байсан. Тэгэхээр хүмүүсийг хуурсан сайд тангараг зөрчөөгүй гэх үү. Эмнэлэгт хүн нас барж байхад, төсвийг нь батлаж суугаа улстөрчид яагаад тэгвэл хариуцлага хүлээж болохгүй гэж. Тэд эрүүл мэндэд ийм хөрөнгө зарцуулж, иргэдэд ийм үйлчилгээ хийнэ гэж төсөв зарцуулж байгаа шүү дээ. Тэдний баталсан төсөв иргэдийг эмчлэх хэмжээний биш байгаад хариуцлага хүлээсэн хүн байна уу. Эм тариагүй эмч өвчтөнийг яах ёстой юм. Тэгвэл эмнэлгийн хүнд нөхцөлд, эм тарианы дутагдалтай эмч нарыг ажиллуулсан улстөрчдөд ч бас хариуцлага хамт тооцоё л доо.
-Өнөөдөр Монголд төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг их дутагдалтай байгаа. Төрөлт нэмэгдээд л байдаг. Гэтэл төрөх эмнэлгийн тоо нэмэгдсэнгүй?
-Арван жилийнхээсээ нэмэгдэх байтугай багассан шүү дээ. Гуравдугаар төрөх гээд бүхэл бүтэн төрөх эмнэлэг байсныг нураасан. Бас заримыг нь буяны байгууллагуудад худалдсан. Бид төрөх эмнэлэг барья гэдэг асуудлыг өчнөөн ярьж байгаа. Үүнийг шийдэж өгдөггүй байсан. Юун эмнэлэг вэ, Отгонболдоо, цалингаа тавьж чадахгүй байна гэж урдаас хариулдаг байлаа. Яахав сүүлийн гурав, дөрвөн жил төрөхтэй болох юмсан гэдэг асуудал хөндөгдлөө шүү дээ. Таван хүүхэд нярайн халдвараар нас барж, 20 хүүхэд эрэмдэг болж байж л гишүүд төрөх эмнэлгээр шагайсан байх. Тэгээд энэ жилээс арайхийж шавыг нь тавьж байна.
-Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан үеэс өнөөдрийн эрүүл мэндийн салбарт өөрчлөлт гарч чадсан болов уу. Та юу гэж бодож байна. Аль эсвэл бүр ухарсан уу?
-Тухайн үеийнхээ эрх зүйн орчин, тухайн үеийнхээ улстөрчдийн баталсан санхүүгийн төвшин, нөөц боломжоороо л ажилласан. Хонгор сумын хордлого энэ тэр гээд л ажил хийх боломж ерөөсөө өгөөгүй.
-Нээрэн Хонгор сумынхан хордоогүй гэдэг үнэн үү. Та тийм дүгнэлт гаргасан биз дээ?
-Хонгор сумынхан хордоогүй. Хүн хордоогүй шүү дээ. Тухайн үед тийм дүгнэлт гаргасан намайг буруутгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл хүн урьж авчирч шинжлүүлээ биз дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хонгор сумынхан хордоогүй гэсэн дүгнэлт гаргасан.
-Танд улс төрийн ямар нэгэн шахаа ирээд л Хонгор хордоогүй гэсэн дүгнэлт гаргачих гэсэн юм биш үү?
-Үгүй. Тухайн үед алт угаасан хэсэг нөхдүүд бохирынхоо усанд химийн бодисоо хийчихсэн юм билээ. Тэгээд нөгөөх нь “муу усны нүх”-нээс нь хальчихгүй юу даа. Түүнийг нь нэг үнээ уучихсан явдал гарсан. Тэр “муу усны нүх”-нээс Хонгорынхон уугаагүй болохоор хордох ёсгүй юм шүү дээ.
-Эрүүл мэндийн салбар бол бусад салбараас өөр. Энэ салбарыг мэргэжлийн хүмүүс л толгойлох ёстой гэх хүмүүс байдаг.
-Мэдээж тийм. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал. Одоо бол улс төрийн томилгоо чухал болсон байна шүү дээ. Багш хүн эрүүл мэндийн салбарыг толгойлж байх шиг. Бид үүнийг үзэгдэл гэж нэрлээд байгаа юм. Манай салбарт нэг үзэгдэл бий болчихсон гэж манайхан ярьдаг юм. Бид нар бол үлдэгдэл шүү дээ. Шаар шавхрууг нь долоодог. Тэгсэн мөртлөө өвчтөнийхөө төлөө зүтгэдэг. Ер нь бол мэргэжлийн бус хүн хүний амаар асуудлыг шийддэг. Мэдэхгүй юм чинь, аргагүй шүү дээ.
-Манай эрүүл мэндийн салбарт нэг сонин зүйл ажиглагддаг. Улсын эмнэлэгт хандахаасаа илүү өндөр төлбөртэй ч хувийн эмнэлгээр үйлчлүүлэхийг иргэд чухалчлах болсон байна лээ. Гэтэл улсын эмнэлэг нь иргэдийн эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг шүү дээ?
-Хувийн эмнэлэг нь үйлчилгээ сайтай байгаа байх, хүнд сурталгүй байгаа байх. Төлбөр нь ил тод байгаа байх. Хатагтай эмнэлгийн ерөнхий эмчид үзүүллээ гэхэд 25 мянган төгрөг төлөх юм байна гэдэг нь тодорхой. Гэтэл улсын эмнэлгийн эмчээр үзүүлэхийн тулд бөөн оочер. Тэгээд тэр нь хэдээр үзэх гээд байгаа нь мэдэгдэхгүй. Мөнгө авах гээд байгаа ч юм уу эсвэл авахгүй ч юм уу, тэр нь мэдэгдэхгүй. Үзэх гээд байгаа ч юм уу, болих гээд байгаа ч юм уу, тэр нь мэдэгдэхгүй. Тэгвэл хувийн эмнэлгийнхэн өөр. Үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамж өгөхийг хичээнэ. Иргэд өнөөдөр цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэр мөнгө нь хаагуур урсаад алга болчихдог нь бүү мэд. Улсын эмнэлгээр үйчлүүллээ гэхэд адилхан мөнгө төлдөг болчихсон шүү дээ. Эрүүл мэндийн даатгал нь нэг сан шиг юманд төвлөрдөг юм билээ. Тэр сангийн мөнгийг нь хэдэн эрх мэдэлтнүүд л тараадаг ухаантай. Ийм даатгалын тогтолцоогоор удаан явахгүй. Уг нь эрүүл мэндийн даатгалаас хувийн эмнэлэгт хүртээх ёстой. Иргэд даатгалаа төлдөг. Төлсөн даатгалынхаа дагуу хэнээр үйлчлүүлэхээ сонгодог байх нөхцөлийг л олгочих ёстой юм. Өөрөөр хэлбэл, хаагуур, хэнээр үйлчлүүлэхээ иргэн өөрөө сонгох ёстой. Иргэн эрүүл мэндийн даатгал юунд зарцуулж байгаад хяналт тавих учиртай. Өрхийн эмнэлэг гэж байна. Хяналтгүй хараагүй, эрх зүйн орчин байхгүй. Эрүүл мэндийн шинэ хуулиар бол Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын асуудлыг Иргэний хуулиар шийднэ гээд заачихсан. Үүний цаана улс төр яваад байгаа байхгүй юу.
-УИХ-аар Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг хэлэлцэх гэж байна. Энэ талаар та юу хэлмээр байна?
-Энэ их чухал хууль л даа. Эрүүл мэндийн даатгал бөөн маргаан дэгдээдэг. Эрүүл мэндийн даатгалын асуудлыг би мэднэ, чи мэднэ гэж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам нь булаацалдаад л байна л даа. Аргагүй шүү дээ, 300 тэрбум хөрөнгө явж байгаа юм чинь. Дээр том “зодоон” зөндөө болж байна шүү дээ.
-Эмч, эмнэлгийн ажилтнууд тэтгэвэртээ гарахдаа 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авдаг биз дээ?
-Эрүүл мэндийн хуулинд зөвхөн төрийн эмнэлэгт ажиллаж буй эмч ажилтнуудад олгоно гээд заачихсан. Тэгэхээр ямар ч эмч төрийн эмнэлэгт ажиллаад тэтгэвэртээ гарахдаа хэдэн төгрөгтэй болохыг бодно шүү дээ. Энэ бол хувийн эмнэлгүүдийг боловсон хүчнээр нь хяхах, хааж боох бодлого л гэж ойлгогдож байгаа. Хувийн эмнэлгийг няцална, бяцлана гэсэн төрийн бодлого. Зориулалтын байртай эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгоно гэсэн байгаа. Зориулалтын байртай эмнэлэг 18 байна. Эх нялхсын, эрдэм шинжилгээний төв, Халдварт, Хавдар, хэдэн төрөх эмнэлэг гээд 18-хан. Гэтэл хувийн эмнэлгүүд чинь ажлын байр нэмэгдүүлнэ, эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулна шүү дээ. Засгийн газар их гоё, гоё юм ярина аа. Ажлын байр нэмэгдүүлнэ, хувийн хэвшлээ дэмжинэ гээд. Төр хувийн хэвшлийг дэмжинэ гээд нэг гараа өргөөд, өргөсөн гараа нөгөөхөөрөө хуга цохиод байх юм.
-Та хөнгөвөчлөх эмчилгээний тухай багагүй ярьдаг. Энэ юун эмчилгээ юм бэ?
-Дэлхийн улс орнуудын хэрэглэдэг нэг эмчилгээ. Өндөр настай, хавдарт дарлуулсан хүмүүст үхэх эрхийг нь олгох эмчилгээ. Өнөө маргаашгүй болсон өвчтөнийг морфин шахаад л байлгаад байдаг. Ар гэр нь хүндрэлтэй, аав ээжийгээ сахиад ажил хийх боломжгүй. Тэгэхээр тэр хүний саналыг харгалзаад бурхан болох эрхийг нь өгөх ёстой. Үүнийг л хэлээд байгаа юм.
Ж.НЯМСҮРЭН /тоймч/
Зохиогчийн эрх “Ардын эрх”
URL: