Коста- Рикагийн гайхамшиг үргэлжилсээр

Дэлхийн аваргын шөвгийн 16-д учраа таарсан Голланд-Мексик, Коста-Рика-Мексикийн тоглолт уржигдар шөнө боллоо. 

ГОЛЛАНД – МЕКСИК – 2:1

Гоол: Дос Сантос 48, Снейдер, 88, Хунтелаар, 90+4- торгуулийн цохилтоор

Голланд: Силиссен, Блинд, Влаар, де Врей, де Йонг (Мартинс Инди, 9), Вейналдум, Верхег (Депай, 56), Кюйт, Снейдер, ван Перси (Хунтелаар, 76), Роббен

Мексик: Очоа, Морено (Рейес, 46), Маркес, Родригес, Лаюн, Гуардадо, Сальсидо, Эррера, Агилар, Дос Сантос (Акино, 62), Перальта (Эрнандес, 75)

Шар хуудас: Агилар, Маркес, Гуардадо

Луи Ван Галийн удирдсан “Улбар шар”-ууд Мексикийн шигшээ багийг тоглолтын сүүлчийн минутад сөхрүүлж, ялалтыг булааж чадлаа. Тоглолтын эхний гоолыг хоёрдугаар үеийн 48 дахь минутад Жованни Дос Сантос 25 орчим метрийн зайнаас цохиж оруулав. Ийнхүү Мексикийн шигшээ тэргүүлж эхлэв. Голландууд тоог тэнцүүлэх гэж олон ч удаа довтолсон ч Мексикийн хаалгач Очоа амжилттай хааж байллаа. 78 дахь минутад Луи Ван Гал Робин Ван Персиг суулгаж, түүний оронд Клас Ян Хунтелаарыг талбайд гаргасан. 88 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Снейдер маш хүчтэй цохиж тоглолтын харьцааг тэнцүүлэв. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Роббенийг торгуулийн талбайд Мексикийн багинй ахлагч Рафаэл Маркес дэгээдэж унагааснаар голландчууд 11 метрийн торгуулийн цохилт хийхээр болсон юм. Торгуулийн цохилтыг Клас Ян Хунтелаар амжилттай гүйцэтгэв. Энэ гоолын дараагаар Мексикийн багт хариу гоол оруулах цаг ч үлдсэнгүй. Ийнхүү Мексикийн шигшээ зургаа дахь дэлхийн аваргадаа дараалан 1/8 шигшээгээс мултрав. Харин Голландын шигшээ дэлхийн аваргын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхээр боллоо.

 

КОСТА-РИКА – ГРЕК – 1:1.

Торгуулийн цохилт – 5:3

 

Гоол: Руис 52, Папастатопулос 90+1

Торгуулийн цохилтын дүн:

Борхес-1:0. Митроглу-1:1. Руис-2:1. Христодулопулос-2:2. Гонсалес-3:2. Холевас-3:3. Кэмпбелл-4:3. Гекас-4:3 (хаалгач хаав). Уманья-5:3.

Коста-Рика: Навас, Гамбоа (Акоста, 77), Гонсалес, Уманья, Дуарте, Диас, Руис, Борхес, Техеда (Куберо, 66), Боланьос (Бренес, 83), Кэмпбелл.

Грек: Карнезис, Торосидис, Манолас, Папастатопулос, Холевас, Салпигидис (Гекас, 69), Христодулопулос, Маниатис (Кацуранис, 78), Карагунис, Самарис (Митроглу, 58), Самарас.

Улаан хуудас: Дуарте, 66.

Энэхүү тоглолтод хожсон баг түүхэн ялалтаа байгуулах байв. Ялалт авсан баг нь түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарах байлаа. Тоглолтын үндсэн цаг 1:1-ийн харьцаагаар тэнцээгээр өндөрлөж, тоглолтын ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад азтай, одтой яваа Коста-Рика улсын шигшээ баг ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа. Дэлхийн аварга гурван багтай нэг хэсэгт орж, “Үхлийн хэсэг”-ээс нэгээр шалгарсан Коста- Рика улсын хөлбөмбөгчдийн гайхамшиг ийнхүү үргэлжилсээр.

Тоглолтын эхний гоолыг 52 дахь минутад Коста-Рикагийн шигшээ багийн ахлагч Брайан Руис оруулав. Харин төгсгөлийн 91 дэх минутад Папастатопулос тоог тэнцүүлсэн юм. Нэмэлт цагт хоёр баг гоолдож чадалгүй, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахаар болсон юм. Коста-Рикагийн залуус торгуулийн цохилтын бүгдийг нь амжилттай гүйцэтгэв. Харин Грекийн багийн довтлогч Гекасын цохилтыг Навас хааж багаа шөвгийн наймд шалгаруулав. Долдугаар сарын 6-нд Коста-Рикагийн баг хагас шигшээд шалгарахын төлөө Голландтай тоглоно.

ZUUNII MEDEE


URL:

Сэтгэгдэл бичих