Таатай мэдээ, орон сууцны үнэ 0.3 хувиар буурчээ
Орон сууцны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаа. Эрэлтэд ипотекийн зээл, эдийн засгийн идэвхитэй хүн амын өсөлт, гэрлэлт, гэр бүл салалт, орлогын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хэрэглээнд гарах өөрчлөлт нөлөөлдөг байна. 2013 онд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрөөс шалтгаалж эрэлт нэмэгдэн орон сууцны үнэ өссөн гэдэг. Харин одоо барилгын компаниудад зээл олгохыг хязгаарлаж, орон сууцны ипотекийн зээлийн шаардлагыг өндөрсгөж байна. Энэ нь барилгын компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлж улмаар орон сууцны зах зээлийн эрчийг сулруулж байна хэмээн холбогдох салбарынхан үзэж буй аж.
Түүнээс гадна орон сууцны үнэ өсөх, буурахад валютын ханшийн хэлбэлзэл тун их хамаатай. Учир нь барилгын материалын 80 хувь, машин механизм, тэдгээрт хэрэглэх түлш шатахууныг зуун хувь, ажиллах хүчний 30 хувийг импортоор оруулж ирдэг учраас валютын ханшийн өсөлт нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг. Энэ онд гэхэд валютын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалан бараа материалын таталт удааширч, барилгын ажил товлосон хугацаанаасаа хоцорч эхэлсэн байна.
Нийслэл хотод 2013 оны тооцоогоор байнгын оршин суудаг 317 мянган өрхийн 60 хувь буюу 189 мянган өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Тэдний 30 мянга орчим нь урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай гэсэн судалгаа ч байна. Энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны эрэлт 29658 байхад, 34106-г барьж ашиглалтад оруулахаар байгаа нь үндсэндээ нийлүүлэлт илүүдэлтэй гарахаар байгаа юм. Ойрын хоёр жилд энэ байдал давтагдах бөгөөд тоон үзүүлэлтээс харахад шилжүүлэлт багасах хэдий ч, эрэлт мөн адил буурч 2016 он хүртэл нийт 31879 орон сууцны илүүдэл гарах төлөвтэй байгаа аж.
Улаанбаатар хотын орон сууцны зах зээлд 2014 оны тавдугаар сарын байдлаар төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүргүүдэд нийт 39949 айлын орон сууцны 224 төсөл хэрэгжиж, өдгөө хэдийнэ борлуулалтаа явуулж байна. Үүний 192 нь 38960 айлын энгийн орон сууц, 32 нь 989 айлын хаусын төсөл байгаа юм. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 475 барилга баригдаж байгаагийн 256 нь угсралтын ажлаа эхлүүлсэн. 2014-2016 онд нийт 40 оффисын барилга босно. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс гадуур өөрийн хөрөнгөөр барих орон сууцны нийлүүлэлт энэ онд 14500 орчим байх төлөвтэй байгаа зэрэг нь энэ зах зээлд нийлүүлэлт өсөхөд нөлөөлжээ.
Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээг эрэлт гэдэг. Энэ онд ч, ирэх хоёр жилд ч эрэлт багассахаар байгааг холбогдох мэргэжилтнүүд эдийн засгийн хүнд байдлаас үүдэн хүмүүсийн худалдан авах чадвар муудсантай холбон тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор энэ оны гуравдугаар сараас барилгын компаниудын борлуулалт муудаж, янз бүрийн урамшуулал, хямдрал зарлахад хүргээд байгаа аж.
Гэсэн хэдий ч орон сууцны үнэ өсөхдөө хурдан, буурахдаа удаан учраас энэ нь үнийн хөөс хагарах биш, хий гарах үйл явц хэмээн “Мастер пропертис” ХХК-ийн суддаач Б.Бямбадорж хэлсэн юм. “Мастер пропертис” ХХК нь өнгөрсөн оноос орон сууцны үнийн индексийг тооцож эхэлсэн бөгөөд институци сул, бодит үнэ тооцоход хүндрэлтэй Улаанбаатар хотын зах зээлд бодит үнийг тооцох нь орон сууцны үнийн хөөсрөлөөс сэргийлэх чухал арга хэмээн үзэж байгаа аж. Тэдний үзэж буйгаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын тоо өсөх, хэрэглэгчийн зан төлвийн өөрчлөлт хурдтай явагдах, бие даасан сууц буюу хаусны зах зээл нэмэгдэх, зах зээлийн сегментчлэлд нөлөөлөхүйц томоохон төслүүд хэрэгжиж эхлэх зэрэгтэй холбоотойгоор 2015 оны эхний улирлаас орон сууцны үнэ буурах гэнэ. Энэ онд орон сууцны үнэ тогтвортой байх ба цаашид макро эдийн засгийн ерөнхий төлвөөс хамаарах аж.
Тэдний тооцоолсноор энэ онд нийт орон сууцны 1ам метрийн дундаж үнэ хоёр сая 357 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 21.5 хувь буюу 418 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт бол өмнөх сараас 0.3 хувь буюу 7300 төгрөгөөр буурсан дүн юм. Зэрэглэл тус бүрээр авч үзвэл стандарт зэрэглэлийн 55 төслийн дундаж үнэ нэг сая 692 мянган төгрөг, тансаг зэрэглэлийн 56 төслийн дундаж үнэ гурван сая 568 мянган төгрөг, стандарт сайн зэрэглийн 113 төслийн дундаж үнэ хоёр сая 270 мянган төгрөг байна.
Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзвэл Хан-Уулд хамгийн өндөр буюу хоёр сая 880 мянган төгрөг, дараа нь Сүхбаатар дүүрэг орж буй бөгөөд энэ дүүрэгт орон сууц хоёр сая 669 мянган төгрөг, хамгийн хямд нь Налайх дүүрэгт нэг сая 227 мянган төгрөг байгаа гэнэ.
Чингэлтэй, Налайх, Баянгол дүүрэгт дундаж үнэ буурсан бол Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт өссөн үзүүлэлт гарчээ. Үүнээс хамгийн их буюу Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны үнэ 2.6 хувиар буурч, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их буюу 1.5 хувиар өссөн байна.
Таатай мэдээ дуулгахад үл хөдоөх хөрөнгийн салбарт нь хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой орнуудын тоонд Монгол Улс багтжээ. Тиймээс энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт жил тутам 15-40 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ.
URL: