О.Одгэрэл: Бөхчүүд жингээ нэмдэг моод дэлгэрсэн

 olloo_mn_1404175456_buh

Увс нутгийн бөхчүүд өнгөрсөн жил сайхан наадсан. Улсын аварга С.Мөнхбат их шөвөгт шалгарч, аймгийн арслан Т.Баасанхүү тав, аймгийн арслан Н.Батсуурь зургаа давж улсын цолтны өнөр бүлд хүч түрэн орж ирсэн юм. Тиймээс тус аймгийн наадмын бэлтгэлтэй танилцах үеэрээ Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Хүч” спорт хорооны бөх, самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэлтэй ярилцлаа.

-Та “Увс нуур” бөхийн галд хэдэн оноос эхлэн гарсан бэ?

-Манай нутгийн бөхчүүд арав гаруй жилийн өмнөөс Харзтайн аманд наадмын бэлтгэлд гарч эхэлсэн. Энэ жилийн хувьд улс, аймгийн цолтой 70 орчим бөх зургадугаар сарын 14-нд цугларалтад гараад байна. Тэр нэг жил “Увс нуур” галыг дархан аварга Х.Баянмөнх ахлан гарч байхад би улсын цолгүй залуу байж. Тухайн үед “Шонхор” клубт орж байсан санагдана. Наадмын бэлтгэлд гарч үзээгүй надад аварга, арслан, заан, начингуудтай хамт бэлтгэл хийнэ гэдэг дээдийн хувь заяа. Энэ үеийг ер мартдаггүй юм. Зарим жилд нутгийнхантайгаа наадмын бэлтгэлд гарч чаддаггүй байсан. Учир нь би Цагдаагийн албан хаагчид, бөхчүүдээ ахлан Сүүж уулын “Тусгал” хэмээн амралтын баазад бэлтгэлд гарч байлаа. Харин хоёр жилийн өмнөөс “Увс нуур” дэвжээний бөхчүүдтэйгээ гардаг болсон.

-Танай галын дасгалжуулагч жил болгон солигдох юм. Энэ ямар шалтгаантай вэ?

-“Увс нуур” галд багтдаг туршлагатай бөхчүүдээс нэгийг сонгож жил бүр дэвжээ ахлуулдаг болсон нь нэг ёсондоо бодлого юм. Миний санахаар хоёр жилийн өмнө Д.Бумбаяр заан, өнгөрсөн жил Жамсран багш удирдсан бол одоо гарьд Б.Гантогтох ахалж байна. Энэ нь тухайн жилд гал ахалсан хүмүүсийн боловсруулсан бэлтгэлийн цикл манай бөхчүүдийн бэлтгэл сургуулилттай хэр зохицож байгаагаас шалтгаалж дасгалжуулагчийг сонгож, өөрчилдөг болсон. Ингэснээр бэлтгэлийн төлөвлөгөө, ачааллын төвшинг тодорхойлох арга юм.

-Та үндэсний бөхөд их спортын үзүүлэх нөлөөг хэрхэн дүгнэдэг вэ?

-Миний харж байгаагаар үндэсний бөх сүүлийн жилүүдэд их спортоос ангид хөгжиж чадаж байна. Намайг ид барилддаг байх үед бөхчүүд самбо, чөлөөт бөх, жүдо гэхчлэн их спортын хурд,хүч, мэхний  техниктэй хавсаргаж бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Зургаан залуу заан бүгдээрээ л их спортоор хичээллэдэг байсан. Тэглээ гээд тэдэнд муудсан юм алга. Олимпийн аварга Н.Түвшинбаяр жүдогоос гадна үндэсний бөхөөр тууштай хичээллээд өнгөрсөн жил цолоо ахиулсан. Энэ бол жүдо бөхөөр давхар хичээллэдгийн ач тус. Н.Түвшинбаяр аварга жиндээ нуруугаар намхан боловч Европын өндөр мангасуудыг төдөлгүй сөхрүүлдэг. Энэ бас л үндэсний бөхөөр хичээллэдгийн нөөлөгө. Гэтэл одоогийн шинэ гарч ирж буй залуус Н.Түвшинбаяраас дутахааргүй хүнд жинтэй болсон байна. Ажиглаад байхад 100 кг-аас бага жинтэй хүн заалны барилдаанд цөөхөн харагдах боллоо. Үндэсний бөх минь хаашаа л явах гээд байна даа. Би үеийн бөхчүүд дундаа хүнд жинтэйдээ ордог байлаа. 100 гаруй кг жинтэй л байсан болов уу. Хамгийн ихдээ гэхэд л 148 кг хүрсэн. Би төрөлхийн биерхүү хүн. 14 настайдаа 75 кг жинтэй их өсгөлүүн хүүхэд байсан. Одоо барилдахгүй байгаа болохоор 127 кг жинтэй байна.

-Сүүлийн жилүүдэд бөхчүүдийн жин огцом өөрчлөгдсөн нь юутай холбоотой вэ?

-Үндэсний бөх одоо хүний амьдралын баталгаа болж чадаж байна. Үүнийгээ дагаад бөхчүүд жингээ нэмдэг моод дэлгэрсэн. Тэдний сонирхолд тааруулан манай үндэсний бөхийн холбоо дүрмийг нь батлаад өгсөн. Хэрэв арван минутанд хоёр бөх хаялцаж чадахгүй бол баруун, зүүн талаас нь барьц авдаг байхаар дүрэм зохиогоод өгчихсөн. Тиймээс бөхчүүд барьцанд тэсч үлдэхийн тулд бэлтгэл сургуулилт, жингээ нэмдэг болсон. Бөхчүүд аль болох алдаа гаргахгүй барилдахыг л бодно биз дээ.

-Жижиг биетэй хүн үндэсний спортод өндөр амжилт гаргасан түүх олон бий. Өнөө цагт ид барилдаж буй Б.Пүрэвсайхан, Т.Баасанхүү, Э.Энхбат нарыг дурдаж болно?

-Намайг барилдаж байх үед А.Сүхбат аварга зургаан залуу заанаас хамгийн түрүүнд цойлоод гараад ирсэн. Тэгэхээр тамирчин хүний амжилтын үндэс нь цэвэр сэтгэл зүй юм. Сэтгэл зүйн  шинжлэх ухаан спортод ус агаар шиг хэрэгтэй зүйл юм. Харин тэр өөдрөг сэтгэл зүй Монголын тамирчдад алга. Манайхан тамирчдыг сонгохдоо сэтгэл зүйн давуу чанар руу нь өнгийдөг боловч түүнийг нь тордох тал дээрээ тааруу. Сайн тамирчны хамгийн чухал баялаг нь сэтгэл зүй юм шүү дээ. Би сүүлийн үед шавь бэлдэх санаатай хэдэн хүүхэдтэй уулзаж, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа. Мөрөөдөлтэй хүн зорилгодоо түргэн хүрдэг байхгүй.

-Та өөрийгөө хэр хурцалдаг вэ?

-Би их уян хүн. Ямар сайндаа өрөвдөлтэй кино үзэж байгаад өөрийн эрхгүй уйлчихдаг. Миний амжилтыг хамгийн гол хөшүүрэг нь сэтгэл зүй байсан гэж боддог. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Гэхдээ л дэвжээнд гарахын өмнө өөрийгөө хурцалж, тоглоом биш шүү гэдгээ цаг ямагт санадаг юм.

-Тамирчныхаа хувьд зорилгоо 100 хувь биелүүлж чадсан уу?

-Бүх зүйл ард хоцорсон. Одоо тэр талаар дүгнэхэд хэтэрхий оройтсон гэж боддог.

-Бөхийн оноолтын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бусад хүмүүс шиг уриа лоозон бариад явдаггүй ч шүүмжлэлтэй ханддаг. Үндэсний бөхийн холбоо энэ тал дээр алдаа гаргасан гэж би боддог. Манайхан хууль, дүрмийг хэрэглэхдээ алдаа гаргадаг талтай. Батлагдсан өдрөөсөө хэрэгжих ёстой юм.

-Увсын бөхчүүд жил жилийн наадмаар дээгүүр сайн барилдаж байгаагийн нууц юунд вэ?

-“Увс нуур” гэж жижиг төрийн бус байгууллага бий. Үүний төлөө цохилох зүрхтэй олон хүн байна. Ингэж байж л бөх хөгждөг. Өнөөдөр Харзтайн аманд 70 хүн наадмын бэлтгэлээ хийж байна. Тэдний байр, хоол бэлтгэл хийх боломжийг бүрдүүлж өгдөг хүмүүсийн энэ их итгэл хайр хүндлэлийг хариулах учиртай. Түүнчлэн баруун аймгийн бөхчүүдийн бие организм, бэлтгэлийн ачаалал даах чадвар бусад аймгийн бөхчүүдээс арай өөр байдаг. Байгалийн ширүүн уур амьсгал, халуун хүйтнийг тэсэх чадвар нь барилдаанд нөлөөлдөг байх.

Би хэдхэн хоногийн өмнө нутгийнхаа сумдаар орлоо. Увс аймгийн 18 суманд жүдо бөхийн дэвжээ авч өгсөн байна. Бөхийн дэвжээ, багш дасгалжуулагч, хэрэглэл материал гээд цогцоор нь шийдсэн байх юм. Тэгэхээр тэдгээр сумдаас олимп, дэлхийн аварга төрөх магадлалыг өсгөж байгаа завшаантай хэрэг. Одоо бөхийн дугуйланд орсон хүүхэд магадгүй таван жилийн дараа цахиур хагалахыг хэн мэдлээ. Сумдын Засаг дарга нь сар болгон нэрэмжит тэмцээн зохиогоод тэндээс шалгарсан бөхчүүд аймгийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд оролцох юм. Тэгээд айм­гийн тэмцээнээс шал­гарсан бөхчүүд нийс­лэлд болж буй тэмцээн уралдаанд ирнэ. Мөн дэвжээний хүүхэд залуу­сыг хилийн гадна болох тэмцээн уралдаанд орол­цох зардлыг “Увс нуур” дэвжээ хариуцна.

-Та анхны аймгийн цолоо Дорноговь аймгийн наадамд шөвгөрч авсан гэдэг?

-1993 онд Говийн их хутагт Данзанравжаагийн мэндэлсний 190 жилийн ойн наадам 256 бөх барилдахад би шөвгийн дөрөвт үлдэж заан болж билээ. Аймгийн заан цолтойдоо мөн ч олон тунасан даа.

-Улсын цол авч байх­даа хэр баярлаж байв?

-Миний үеийн бөхчүүд их спортоор хичээллэдэг байсан болохоор сэтгэл хөдлөлөө барьж дийлдэг  байжээ. Дэлхийн дэвжээнд амжилт гаргахын тулд хэр хүнээс гарахааргүй анхаарал төвлөрөх чадварт бэлтгэлээс гадна суралцаж байж. Тэгэхээр тив, дэлхий, олимпийн аваргуудтай ноцолдож байсан хүн тавын даваанд зах замбараагүй хөөрцөглөнө гэж ямар юм байхав. Би үндэсний бөхийг хоёрт тавьсаар ирсэн маань алдаа байсан байх. Үүнд аав минь жаахан зэмлэдэг байсан даа. Цаг зав гарахаар хааяа нэг үндэсний бөхөөр барилддаг гэж. Уг нь аль алийг нь хослуулан барилдсан бол амжилт гаргаж болох байсан байх.

-Ярилцсанд баяр­лалаа?

-Баярлалаа. Наадам­чин олондоо бөх нь хүч­тэй, сум нь мэргэн, хүлэг нь хурдан байх болтугай гэж ерөөл өргөе.

Д.ЖАВХЛАН
ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих