“Монгени”-д 15 мянган төгрөгний хөрөнгө оруулсан гавъяат багш Н.Лхагвын “гавъяа”…

mongeniМонголын боловсролын салбар бүрхэг ойлгомжгүй явдлаар дүүрчээ. Сүүлдээ бүхэл бүтэн сургууль төрийнх бус харин хувийн өмчийнх болж таарч байгаа гэнэ.”Монгени” сургуулийн захирал гавъяат багш Н.Лхагва нь  улсад 3,1 тэрбум буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр “дээлээ нөмрөх” шахжээ. Дүүргийн прокурорын газраас түүнийг 1999-2010 оны хооронд “Монгени” сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сургалтын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмсэн, сургалтын төлбөр болон түрээс зэрэг орлогыг төрийн санд бус харин өөрийн үүсгэн байгуулсан “Монгени сан” ТББ-ын дансад төвлөрүүлэн уг хөрөнгөөр сургуулийн өргөтгөл, спорт цогцолборыг барьсан ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өнөөх “Монгени сан” ТББ-ын нэр дээр аван эрх мэдлээ хэтрүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүнэлт төлөвлөжээ. Харин гавъяат багш зад заргалдан улсын яллагч Машлайг хэргээ ч уншаагүй байж хэмээн загнасан гэнэ.

Өмнө нь Нийслэлийн өмчийн газар өнөөх хэрүүлийн алим болоод байгаа өргөлтөл болох В, С корпусыг өмчдөө авахаар хоёр шатны шүүхэд ялалт байгуулсан ч Дээд шүүх дээр унажээ.  Н.Лхагва үүн дээр нь дөрөөлөн НӨГ-ыг эргүүлж шүүхэд өгөн буулгаж авч “Монгени” сургуулийг төр, иргэний оролцсон холимог өмчтэй болохыг нь өмч хариуцсан газраар нь “хүлээн зөвшөөрүүлжээ”.  Харин хотод шинэ удирдлага  гарсны дараа НӨГ хөрөнгөө буцаан авна хэмээн гавъяат багштай ахин заргалдаж эхэлж. Одоогийн байдлаар газар нь төрийнх ч дээр нь баригдсан өргөтгөл нь хувийнх гэхдээ улсын төсвөөс ашиглалтын зардлыг нь даадаг төдийгүй “холимог өмчит” сургуулийн захирал Н.Лхагва нь улсаас цалин авдаг төрийн албан хаагч болоод байна. Гавъяат багш ч төрөөс цалин авдаг гэдгээ үгүйсгэсэнгүй.

“Монгени” нь цогцолбор сургуулийн хувьд төрөөс жилд 400 сая төгрөгийн санхүүжилт авдаг гэнэ. Нярваар ажиллаж байсан Чимидулам, багш Алтансүх нар нь сурагчдын төлбөрөөр өргөтгөлийг барьсан тул улсын өмч байх ёстой, төлбөрөөр цалин хүртэл тавьдаг гэж. Харин Н.Лхагва нь сургалтын төлбөрөөс барилгын ажилд зарцуулагдсан  байж “магадгүй” гэж сулруулжээ. Гэхдээ  л тэрээр “Монгени” төслийн зохиогч яах аргагүй мөн гэнэ.  Төр мөнгөгүй байсан 1991 онд сургуульдаа 15 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн нь тухайн үед маш их мөнгө байжээ. Улмаар “Монгени”-г загвар сургууль болгосон гавъяатай гэнэ. Төрөөс санхүүжилт авдаг ч бусад хувьсах зардлын есөн багц төлбөрийг сурагчид төлдөг. Харин “Монгени” төслийг зохиогчын хувьд Н.Лхагва нь уг төлбөрийн хэмжээг тогтоож хураасаар ирж. Маргаад байгаа өргөтгөлийг банкны зээлийн нэг тэрбумаар барьсан тул одоо “Монгени” нь төрийн болон хувийн өмчийн холимог сургууль болсон  гэжээ.

Хэрвээ төрдөө буцааж авмаар байвал “Капитрон” банкны зээлийн өрийг төлөх хэрэгтэй болж. Сургууль болон “Монгени” сан нь энэ банкинд данстай агаад зээлийг Төрийн сан төлнө гэсэн баталгаа гаргаж өг гэж нэхдэг гэнэ. Өдгөө зарим барилга нь хувийн өмчид “шилжин”  сурагчид нь сурах байргүй болсон тул Н.Лхагва хотын Баатар мээрт хүсэлт тавин “Солонго” төвийг түрээсээр ашиглахаар болж байтал албан тушаалаасаа буужээ. Энэ үеэр ажил хүлээлцүүлэх болон тооллогын комисс гарч төр, “хувийн хэвшил” хоёр хөрөнгөө ялгаж салгаж авсан, одоо “вандан тас” болсон гэнэ. Гавъяат багш нярваар ажиллаж байсан Ч.Чимидуламыг тугалтай үнээ, зуслангийн байшин нэхээд өгөхгүй гэхээр намайг гүтгэсэн гэж мэдүүлжээ.

Мөн багш Б.Алтансүхийг АТГ-д матдаг гэж зарлажээ. Бусад багш нар нь захирлыгаа өмөөрч. Ж.Болормаа нь хэдийгээр хуулинд байхгүй ч “Монгени” нэгэнт холимог өмчтэй сургууль болсон, төрийн хийж чадаагүй сургалтын нөхцлийг бид бүрдүүлсэн гэж томорчээ. Боловсролын салбарт бодит ажил хийсэн хүнийг яллах гэлээ хэмээн хоолойгоо зангируулсан гэнэ. Шүүх гавъяат багшийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг нь цуцлалгүй орхижээ.

NUUTS.mn


URL:

Сэтгэгдэл бичих