”Хуримын генерал” У.Хүрэлсүх

“Хэрэггүй газар, хэрэггүй цагт, хэрэггүй хүн хэрэггүй л байхгүй юу” гэх үгийг МАН-ын генсек У.Хүрэлсүх болон дэд сайд гэгддэг зарим нөхдөд хэлэх хүсэлтэй хүн мөн ч их байна гэнэ дээ. Хийх ёстой ажлаа нударгаар хийхийг хичээдэг тэрбээр харин үндсэн ажилтай нь огт хамаагүй ажилд оролцон, тууз хайчилсан шиг явж байгаа нь ингэж хэлэгдэхэд хүргэсэн байна. Ам ангайвал л буруу “юм” ярьчих гээд байгаа түүнийг журмын нөхөд нь хэсэгтээ дуугүй байх үүрэг өгсөн гэлцдэг.
Нэгэнт боловсролтой кадруудад ярьсан үг нь “газар авахааргүй” сонсогдоод байгаа учир тэрбээр амьдрал мэдэхгүй, 10 жилийн ангаахай бяцхан жаалууд, гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа, эх орныхоо талаар мэдээлэл хомс залуусыг сонгон улс төр хийх болсон байна. Нэгэнт бага залуу, мэдээлэлгүй хүмүүстэй уулзаж байгаа болохоор өөрийгөө тэднээс “тасарсан” ухаантай болохоо харуулах гэсэн бололтой, хойч үедээ үлдээх захиас ч гэх юм уу, “афоризм” гэхэд ч хаашаа гэмээр үг хэлэг, сургаалиар “занимаалдах” болсон гэнэ. Жишээ нь, “Хүн бүр амьдралдаа дөрвөн чухал сонголтыг л зөв хийвэл жаргана. Нэгдүгээрт мэргэжил, хоёрдугаарт шашин шүтлэг, гуравдугаарт хань ижил, эцэст нь нам” гэх мэтчилэн.
Траншейнд мэндэлсэн хүүхдүүдэд түүний үг юуны хамаа гэж хэлмээр л санагдсаныг нуух юун. Арван жил төгссөн хүүхэд бүртээ мэргэжил санал болгох битгий хэл, хар ажлаар хангаж чаддаг улсын эрх баригч намын генсек тэр мөн бил үү. Амьдралаас тасарсан афоризм зохиох гэж оролдож байх зуур өөрөө харин зүйр үгийн санаа болчихсон яваа гэдгээ мэдэж байгаа болов уу. Монгол ардын “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэг зүйр цэцэн үгтэй дүйх, шинэ үеийн зүйр үгийн баатар болох гавьяагаа тэрбээр энд, тэндэхийн ой, хөшөө чулууны нээлт зэрэгт очин, фон болж зогссоныхоо хүчинд олж авсан.
Нийслэл, орон нутгаас санаачилсан ажилд ч оччихсон л явна. Онц ноцтой юм ярих шаарддагагүй, тэгсэн атлаа хүн бүрийн анхаарлын төвд байдаг иймэрхүү арга хэмжээнд очсоноороо андуудынхаа захиасыг ч биелүүлж, олон түмэнд харагдах хүслээ ч давхар биелүүлж байгаа бололтой.
Жирийн гишүүд нь “нарийн”-аа нэг бол гадаадад, эсвэл тууз хайчлах ёслол дээр л олж хардаг болсоор удаж байгаа. Гэтэл “Хүн муу юмыг сурахдаа амархан” гэгчээр одоохондоо дэд сайд гэсэн жижиг албанд байгаа чадалтай залуучууд үүнийг нь дуурайж, тууз хайчилдаг улс төр хийх болсонд санаа нь ихэд зовцгоож байгаа аж.
Дэлхий дахинд “Хуримын генерал” гэж нэг ойлголт бий. Хуриманд сүр оруулах зорилгоор уригдсан, урьд нь өндөр албан тушаал хашиж байгаад буусан юм уу, аль хэдийн эрэлттэй байхаа болсон элдэв шалдав улсуудыг ингэж нэрлэдэг. Тууз хайчлаад зогсч байгаа У.Хүрэлсүхийг хүмүүс “Хуримын генерал” л гэж хардаг болох бий вий. Генерал гэдэг нэр ч зохино, цэргийн хүн юм чинь. ТУсгаар тогтнолын хөшөөг нээхэд “хуримын генерал” хэрэггүй байхгүй юу. Тусгаар тогтнолыг нам өмчилдөггүй юм, хатуухан хэлэхэд.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих