ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛИЙНХНААС «БУДАА ИДЭЖ» ГАРШИВ УУ

21Хууль хяналтынхан дунд “өндрөө авах” гэсэн хэллэг байдаг. Энэ нь аливаа хэргийг хэвлэлээр шуугиулж, олны анхаарлын төвд авчрах гэсэн утгатай. Гэхдээ эл хэллэгийг хууль хяналтынхан дундаас өмгөөлөгч нар чадамгай ашигладаг. Харин мөрдөн байцаагч, шүүгч нар жийрхдэг ч сайн “өндөр авахуулж” чадвал хэргийг өөрийнхөө үйлчлүүлэгчийн талд нааштай шийдүүлэхэд нөлөөлж чаддаг гэдэгт өмгөөлөгч төдийгүй бусад нь ч итгэдэг.

Гэтэл сүүлийн үед төр засгийн хэмжээнд ч үүнтэй адил зүйл өрнөдөг болжээ. Тодорхой хэлбэл, УИХ-ын босго давуулаад батлагдах өдрийг нь хүлээж байсан Газрын тухай багц хуулийн зарим заалт ард түмэн, улс орны хувь заяа, аюулгүй байдалд нөлөөлөхөөр хэмжээнд байна гэдгийг “илчилсэн” эсэргүүцэгчдийн ачаар “өндрөө аваад” байсан хуулийн төслөө Засгийн газар эргүүлэн татлаа. Хэн нэгний мэрийлт чармайлтаар “Газрын хуулиа эргүүлэн тат” гэсэн зураг цахим ертөнцөд түгж, УИХ-ын гингүүдийн гар утас руу хуулиа буцааж татахыг шаардсан мессежийг өдөр шөнөгүй нисгэсэн нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг өргөн барьсан хуулиа буцааж татахад хүргэсэн юм.

Эрх баригч болон сөрөг хүчний тэнгэр газар шиг зөрүүтэй мэдээлэл нь эцэстээ ард түмнийг туйлдуулж, сэтгэхүйн тамд унагасан гэж хэлж болно. Чухам хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг ойлгохоос илүүтэйгээр нийгэмд үүссэн эсэргүүцлийг даган дууриаж байсан. Угтаа бол энэхүу хуулийн төслийг эргүүлэн татах бус, харин эцэслэн шийдвэрлэсэн нь бидэнд ашигтай байсан юм. Эдийн засгийг идэвхижүүлэх хүрээнд Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа бүхий л хуулийн тестүүд парламентын босгыг алхаж чадахгүй буцаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь босго даваагүй хуулийн төслөөс үг үсэг байтугай цэг ч нэмэгдэж, хасагдалгүй хэсэг хугацааны дараа дахиад л өргөн баригдаж, эцэстээ нүдэн балай чихэн дүлий мэт байдлаар батлагдаж байгаа. Яг үүний араас Газрын багц хууль орох вий дээ гэсэн эмзэглэл төрж байна. Уг нь хэвлэлээр шуугиж, эсэргүүцэгчид жагсч цуглан, олон нийтийн сүлжээгээр оноо цуглуулаад олны анхаарлыг татаж өндрөө авсан яг энэ цаг үед нь Газрын багц хуулийг парламентаар хэлэлцэж байж л шүүмжлэл дагуулсан заалтуудыг нь хасч чадах байсан юм.

Гэхдээ энэ удаагийн эсэргүүцэл манай улстөрчдөд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулах биз. Хэрвээ цахим ертөнцөд хэн нэгний эхлүүлсэн энэ мэтийн үйлдлээс эмээж төрийн ажлыг явуулах нь хэр зохистой бэ. Үнэн зөв нь тогтоогдоогүй байхад хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарангуутаа төр шийдвэрээ цуцлах нь үнэндээ бол төр хүчгүй байгаагийн тод жишээ. Н.Алтанхуяг хуулийн төслөө эргүүлэн татахдаа “Ард иргэдийнхээ мөнгийг    бодоод хуулиа эргүүлэн татлаа. Эдийн засгийн хямралтай үед мессеж нисгэхээ зогсоо” гэсэн утгатай үг хэлсэн нь үнэндээ бол ард түмнийг доромжилж буйгаас ялгаагүй сонсогдсон. Наанаа эдийн засагт санаа зовсон мэт царай харуулахыг хичээсэн гүйцэтгэх засаглалын тэргүүн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, эргүүлэн татахдаа хүргэсэн заалтуудыг өмнө нь “Улс төрийн шоу хийлээ. Тийм заалт байхгүй” хэмээн эсэргүүцэж байсан ч ярьснаа баталж чадалгүй, нэг талаар үнэнд гүйцэгдэж төслөө татсан билээ. Тэгсэн хэрнээ Засгийн газрын өргөн барьсан хуульд ийм заалт оруулсан нь бидний буруу байлаа хэмээн хэлчихэж чадахгүй байгаа нь чухамдаа энэ төр засаг гэж чадваргүй дээрээ бултамхай бас худалч гэдгийг л баталсан хэрэг болж буй юм.

Учир нь парламент хэлэлцэхийг шахсан уг хуулийн төслийн 2.3-т, “Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн заалт бий. Тусгаар улсын өөрийнх нь хуулиас илүүтэйгээр олон улсын гэрээний зүйл заалтыг чухалчилж байгаа нь Газрын тухай хуулийг шинэчилж өөрчлөхийг эсэргүүцэх нэг үндэс болсон. Мөн хуулийн төслийн 6.1.6-д “Газрын нэгдмэл санд ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар гэж шинээр ангилал нээж оруулсан”, мөн 34.1.3-т “Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн буюу 183 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа, харьяалалгүй хүнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар ашиглуулна” хэмээн заасан нь ямар ч монгол хүний оюун ухаанд багтахааргүй заалт гэдэгтэй сонссон хүн бүхэн санал нийлж байгаа.

Монгол Улсын иргэн нэг газар 12 сар болж байж газар эзэмших эрх нь нээгддэгийг өөрчилж шинэчлэх тухай ам ангайгаагүй хэрнээ гадны хүн гурван сар амьдрахад л газартай болж болох нөхцөл уг хуулийн төсөлд хангалттай ойлгомжтой суусан. Тийм учраас чухам хэний төлөө энэхүү хуулийг батлуулахаар цаг хугацааны тохиромжтой үеийг мэргэн тааруулж өргөн барьсан хэмээн хардаж болохоор. Тэгээд ч үнэхээр төсөл санаачлагчдын хэлж байгаа шиг асуудал дагуулсан заалтууд оруулаагүй л юм бол Ерөнхий сайд хүмүүсийн мессеж нисгэн үрж буй мөнгийг гамнахын тулд эл хуулийг татлаа хэмээн маанагтахгүй харин ч эсрэгээрээ итгэл төгс зүтгүүлэх байсан. Гэвч тэгсэнгүй нь олны хардлага ортой байсныг баталж буй биш үү.

Ийнхүү Газрын багц хуулийн төслийн сенсааци намжаагүй байхад дахиад л “нарийн цариг”-ийн асуудал үүслээ. Хэдэн өдөр дараалан монголчууд Х.Баттулга гишүүнээр овоглодог “Зуун чухал сэдэв”-ээр хөндсөн төмөр замын нарийн цариг Монголын үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлөхийг таниулсан нэвтрүүлгийг үзэж байна. Зарим нь бүр дахин дахин үзэж байгаа. Ул суурьтай судалгаатай, тал талын хүмүүсийн байр суурийг багтаасан тун сайн нэвтрүүлэг. Гэхдээ асуудлын гол нь нэвтрүүлэгтээ биш. Монгол төрийн бодлогод байгаа юм. Өмнөх парламентад Зам тээвэр, барилга хот байгуулалтын энэ Засгийн газарт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсан эрхэм гишүүн Х.Баттулгын тайлбарлаж буйгаар бид оросуудын хэрэглэдэг өргөн царигаар төмөр замаа салаалуулаад Сайншандад байгуулах аж үйлдвэрийн том цогцолбороос гаргасан бүтээгдэхүүнээ таван тивд хүргэх боломжтой юм билээ.

Гэтэл Засгийн газраас бүр тодогхой хэлбэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэргэн санаагаар Монголын найман боомтоос Хятад руу шууд гарах нарийн царигийн төмөр зам тавиад түүгээрээ нүүрс, төмөр юу байгаагаа ачиж мөнгө олох гарц байгаа аж. Үүнийгээ УИХ-д оруулж тогтоол болгон гаргаад түргэн  хугацаанд хэрэгжүүлэх том төлөвлөгөө боловсруулжээ, Н.Алтанхуягийн Засгийн газар. Тэднийг тогтоолын төслөө батлуулаад Төрөөс баримтлах төмөр замын бодлогодоо засвар хийчихвэл бид танайд өөрийнхөө мөнгөөр төмөр зам тавиад өгье гэсэн Хятадын компани ч нэг биш байгаа нь үнэн. Улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ийм том шийдвэрийг энэ цагийн ашиг харсан хэдэн улстөрч гаргачих вий гэсэндээ асуудлыг “өндөр авахуулах” гэсэн нь экс сайдын буруу биш.

Гэвч буруу зөвийг ялгаж дэнслэхээсээ өмнө олны анхааралд ороод ирсэн эл асуудлыг Засгийн газар буцааж татах нь тодорхой. Парламентаар орлоо ч “өндөр авсан” асуудлаар далимдуулан эх оронч болж харагдах гэсэн эрхэм гишүүдийн мэрийлтээр төмөр замын царигийн асуудал шийдэгдэхгүй хоцорно. Энэ бүхнээс хэн хохирох вэ. Засаг тэргүүлж байгаа Н.Алтанхуяг, аль эсвэл өргөн, нарийн царигийн эцэс төгсгөлгүй маргаан өрнүүлсэн Х.Баттулгын хэн нь ч биш.

Харин ард түмэн хохироод ирэх цагт Н.Алтанхуяг бурууг бусдад буюу Х.Баттулга болон сөрөг хүчин рүү чихэх нь тодорхой. Гэтэл үүнд Х.Баттулга байтугай сөрөг хүчнийхэн ч буруугүй. Нөгөө л төр хүчгүй байгаа нь буруутай юм.

 

 

Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих