ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬЖ, ХУРАЛ ХИЙСНЭЭР «ЭЗЭН-100» ХЭМЖИГДЭЖ БАЙНА ГЭВ

уихЗасгийн газраас хэрэгжүүлж буй “Эзэн-100″ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Н Алтанхуяг өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулган дээр мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хурээнд Эдийн засгийг идэвхижүүлэх зөвлөл байгуулан, түүнд нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг багтаасан 30 гаруй гишүүн ажиллаж байгаа. Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Өрийн удирдлаганы   тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслүүд зэрэг нийт 29 хууль, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ.

Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих ажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулаад байна. Мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжуулж төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэллээ гэж Ерөнхий сайд мэдээллээ.

Мөн аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний угсралтын, сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэх ажлууд үргэлжилж байгаа гэнэ.

Харин энэ хөтөлбөрт өгч буй сөрөг хүчний дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцуулсан. Тус бүлгийн дүгнэлтээр “Эзэн-100″ хөтөлбөр хэрэгжсэн 42 хоногийн хугацаанд бодитой ажил хийгээгүй. Уулзалт хийж зөвшилцөн, хэвлэлийн бага хурал хийж, илтгэл тавин, хурал хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн төсөл өргөн барьснаас өөр ажил хийгээгүй аж. Харин энэ хооронд эдийн засаг эрчимжих биш улам эрэмдэг болж ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, нийгмийн бухимдал ихээр нэмэгдэх болсон гэв.

Тэрбээр ” “Эзэн-100″ хэмээх төлөвлөгөөнд хяналт тавих “АРД-100″ аяныг эхлүүлсний дагуу төлөвлөгөөнд туссан ажлуудаас таван асуудлыг онцгойлон сонгож тантай мэтгэлцэж, асуудалд хариулт нэхэж байна гэв. Үүнд:

Төлөвлөгөөт ажил № 27. “Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд газрыг гадаадынханд эзэмшүүлэх хуулийн төсөл боловсруулж, ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нэгэн иргэний 9903…. утаснаас ирсэн мессежийт уламжилъя. “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний итгэж найдан сонгосон эрх баригчид та нар энэ албанд төрөхдөө л сууж байсан гэж эндүүрэх шиг. Би бол энгийн нэгэн төрийн албан хаагч. Цалингаас цалингийн хооронд амьдарч, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, ажилдаа явган алхсан ч үүнээс өөр зүйл хийж чадахгүй байгаа нь миний буруу гэж өөрийгөө л зэмлэж хэн нэгнийг буруутгалгүй явсаар л байна. Гэтэл бидний татвараар та бүхэн дураараа дургиж, хүссэн бүхнээ хийж, зовох зовлонгүй жаргаж байж юу дутлаа гэж үр хүүхдэд минь үлдэх алга дарам газрыг ийнхүү бусдад наймаалах гэнэ вэ? Бидний, ард түмний, хойч үеийн минь үеийн үед үнэлэшгүй хөрөнгө болсон газар нутгаас наад бохир сарвуугаа тат” гэв. Энэ мэтээр ард түмнии эсэргүүцлээс эмээж өнөө өглөө энэ хуулиа татаж авлаа. Та бүхний газар нутгаа харийнханд эзэмшүүлж эдийн засгийг идэвхижүүлэх ажил иймэрхүү маягаар л өрнөж байна.

Төлөвлөгөөт ажил №57. “Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх” гэсэн зорилтынхоо хурээнд өрийн хэмжээг 70 хувьд хүргэх гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийг ард түмэн ихээхэн шүүмжилж, залуучууд энэ санаачилгын эсрэг эвлэлдэн нэгдэх болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. МАН-ын бүлэг ч гэсэн улс төрийн бусад хүчин, иргэний нийгэмтэй зөвшилцөхгүй, ард тумнээсээ асуухгүйгээр өр зээлийг огцом нэмэгдүүлж ирээдүй хойч үеэ өрийн колоничлолд оруулахыг хатуу эсэргүуцэх болно. “Өртэй хүн  өлмий дор”  гэх  өвгөдийн сануулга санаа зовоож эхэллээ. Монголын залуучууд бид өрөнд орж харийнхны ул шагайж амьдармааргүй байна. Ард түмэн улс орноо хөгжүүлж, ирээдүй хойч үеийнхэндээ зориулж зам тавьж, дэд бүтцээ өргөжүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж байгуул гэж татвар төлдөг. Түүнээс биш эрх баригчдын дур мэдэж хуулиас гадуур эдийн засгийн ямар ч цогц боддогогүй зарцуулж байгаа өр зээлийг эргүүлэн төл гэж татвар төлдөггүйг хатуу хэлье! Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ард түмнээсээ асуулгүй өр зээлээ нэмэхийг эсэргүүцэж байна. Цаашдаа ч өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг сөрж тэмцэнэ.

Төлөвлөгөөт ажвл № 22. “Далд эдийн засгийг ил тод болгох нөхцөлийг бүрдүүлэх, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх” гэсэн зорилтынхоо хүрээнд бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийг гэхээсээ илүү Улаанбаатарыг утаагүй болгох нэрээр ард түмний мөнгийг хувьдаа завшиж, хулгай хийсэн “Цэвэр агаар сан”-гийнхан, Дэнзэн мэтийн албан тушаалтнууд, цагаан захтануудыг өршөөх бодлого баримталж байгааг юу гэж ойлгох вэ? Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн, гадаадад нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгосон, оффшор дансаа мэдүүлсэн, бусдын нэр дээрх хөрөнгөө илчилсэн хүмүүст зориулж эдийн засгийг эрчимжүүлэх малгайн дор хууль гаргах гэж байгаа нь шударга ёс мөн үү? Хамгийн хачирхалтай нь өршөөгдсөн албан тушаалтнуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгахаар заасан нь ард иргэдийнхээ өмнө ил тод байх ардчиллын үнэт зүйл хаана байна вэ? Өршөөгдөж байгаа албан тушаалтнуудын авлига, луйвар, нууц хөрөнгийн талаар мэдээлэхгүй байхыг шаардаж, мэдээлсэн тохиолдолд олон сая төгрөгөөр торгоно гэж заналхийлж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хориглож, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн явдал болов. Ард түмнээ яллаж, албан тушаалтнуудыг өршөөж, үнэний дуу хоолойг боомилж, шударга ёс, ил тод байдлыг уландаа гишгэж ард түмэн. ардчилал руу нулимж байгааг юу гэж ойлгох вэ?

Төлөвлөгөөт ажил № 40. “Ашигт малтмалын хуульд нэмэлт. өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх” гэсэн зорилтын хүрээнд төрийн тусгай хамгаалалттай болон дархан цаазтай газар, хилийн зурвас нутгийн ашигт малтмалыг олборлох гэж байгааг буруутгаж байна. Асуудлыг ард түмнээсээ асууж шийдвэрлэх ёстой.

Төлөвлөгөөт ажил № 30. ‘Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх” зорилтын хүрээнд улс орны хөгжлийн хөшүүрэг болсон томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах гэж байгаа нь анхаарал татаж эхэллээ. Тухайлбал, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ’ “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Оргил рашаан сувилал” гэх мэт аж ахуй нэгжийг шууд хувьчлах гэж байгаа бол “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Шивээ-Овоо”. “Багануур” гэх мэт компаниудыг төрийн эзэмшлийн хувь хэмжээ: бууруулж, эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр цөөнх нь хөлжих гэсэндээ хувьчлан авах санаархлыг олон нийт харж, нөгөө олууллаа хөгжье гээд байсан яасан бэ? гэж асууж байна. Энэ үүднээс авч үзвэл “Эзэн-100″ хөтөлбөр еь ард түмний өмчийг хувьчлан авч эзэн нь болно гэсэн зорилгоор хийгдсэн гэх харддагыг төрүүлж эхэллээ.

Ард түмнийхээ өмчийг хувьчлан авч эзэн нь болох гэсэн далд санаархал ил боллоо. “Эзэн-100″ хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа 1996-2000 оны хоорондох шударга бус хувьчлалын хоёрдугаар ангиар төрийн олон өмч Ардчилсан нам болон нэг хөнжилд толгой хоргодож байгаа эвслийнхэнд очиж эзэнтэй болно гэсэн мэдээлэл эрчимжлээ” гэв. Мөн эдийн засгийг эрчимжиж сэргэхээс өмнө олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож дампуурлаа зарласан гэлээ Тухайлбал, “Оюу толгой” 300. “Макс” групп 220, “Вагнес Ази” 220 ажилтнаа халж. “Аэромонголиа” ажилчдынхаа 50 хувийг цомхотгосон гэнэ.

Мөн үүнтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. Харин үргэлжлүүлээд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх байсан ч, Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн гэдэг шалтгаанаар хойшлов. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай төрийн нарийн бичгийн дарга нар эндээс гараад миний өрөөнд ороорой. Өнөөдрийн хуралдаанд Н.Батбаяр сайд болон Шинэбаатар Төрийн нарийн бичгийн дарга сууж амжихгүй байгаа. Эдийн засгийн хөгжлийн яаман дээр чагнаж, тагнадаг төхөөрөмж илэрсэн байна билээ. Түүнтэй холбогдуулан тэр хоёр гадуур гүйлдээд байх шиг байна. Тиймээс бүх төрийн нарийн бичгийн дарга нар миний өрөөнд” гэж хэлээд хуралдааныг хаалгасан юм.

 

 

Б.СЭЛЭНГЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих