Ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгууллаа

автобусБаруун-Уртаас нийслэл рүү явж байсан зорчигч тээврийн автобус бямба гаригт осолдож, зургаан хүний амь эрсэдсэн. Тус осол Төв аймгийн Эрдэнэ сум Цонжинболдогийн орчимд болсон бөгөөд автобусанд нийтдээ 47 хүн явснаас, долоон сартайгаас 18 хүртэлх насны 14 хүүхэд насанд хүрсэн 31 зорчигч болон хоёр жолооч явж байжээ.

Осол болсон даруйд таван хүн, эмнэлэг хүргэгдэх замдаа нэг хүн нас барсан байна. Хүнд, хөнгөн гэмтлийн зэрэгтэй 41 хүн ГССҮГ-д хүргэгдсэнээс хоёр нь сэхээнд, найман нуруу нугасны тасагт, ес нь тархи толгойн тасагт нийт 19 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ослын шалтгааныг тогтоохоор Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Авто тээврийн үндэсний төв, Сүхбаатар аймгийн тээврийн авто замын газар, орон нутгийн тээвэрлэгч “Дайчин сүйх” компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдан, хэргийн газар ажиллаж байгаа гэж албаныхан мэдээллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр амь эрсэдсэн нэг хүний цогцос танигдахгүй байгаа бөгөөд Сүхбаатар аймагт түүний хэн болохыг тогтоохоор ажиллаж буй аж. Тус автобусаар явсан хүмүүсийн ар гэрийнхэн 96514444 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм.

 

 

О.БОЛОР-ЭРДЭНЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих