Ч.Пүрэвзана хохирогч биш хохироогч
Сүүлийн үед зарим хүн ардчилал, хүний эрхээр туг хийж, гул барьж өөрийн шударга бус үйлдэл, бусармаг явдлыг хаацайлахын төлөө олон нийтийн тархийг угааж, өрөвдүүлэх аргыг тун чадамгай ашиглах болжээ. Өнгөрсөн долоо хоногт “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлаж, “Орон сууц захиалагчдын хохирогчдын холбоо” байгуулахаа мэдэгдсэн Ч.Пүрэвзанын үг, үйлдлээс ийм байдал цухалзаж байна. Өөрийгөө хохирогч хэмээн нэрлэсэн Ч.Пүрэвзана гэж хэн бэ, ямар санаа зорилгоор ийнхүү явж байгаа вэ гэдгийг баримт түшин дурдъя.
Эхлээд Ч.Пүрэвзана өөрийгөө хохирогч болсон хэмээн зарласаны учрыг тайлъя. Энэ ийм учиртай. Түүний эхнэр Г.Эрдэнэцэцэг 2008 оны нэгдүгээр сарын 11-нд “Эко констракшн” ХХК-ийн өмчлөлийн хоёр болон гурван өрөө орон сууц нийт таван өрөө байрыг авч Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна. Байрны нийт төлбөр 183.150 ам.доллар буюу 320 сая төгрөгийг тодорхой хугацааны дотор хувааж төлөхөөр тохиролцжээ. Ингэхдээ тэрээр орон сууц, автомашины гараашид 186500 ам.доллар, НӨАТ-д 16650 ам.доллар, нийт 183150 ам.долларыг төмрийн үйлдвэрийн газар, тоосгоны бүрэн автомат тоног төхөөрөмжөөр төлөхөөр харилцан тохирчээ. Гэтэл байраа авснаас хойш төлбөр төлөх үүрэг хүлээж, гэрээ байгуулснаа таг мартчихсан бололтой. 2008 онд хоёр тал Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш одооог хүртэл Г.Эрдэнэцэцэг орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй аж.
Ийнхүү нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас “Эко констракшн” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хэрэг хэлэлцэх явцад Г.Эрдэнэцэцэг хүсэлт гаргаж, орон сууцны төлбөрийн 50 хувийг 2012 оны арваннэгдүгээр сард, үлдэгдлийг 2013 оны нэгдүгээр сард багтаан төлж дуусгахаар “Эко констракшн” ХХК-тай тохиржээ. Иймд асуудлыг авч хэлэлцсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн шүүгч Л.Оюуны даргалсан шүүх хуралдаанаас гаргасан 1418 тоот захирамждаа “…..таван өрөө орон сууцны төлбөр 183150 ам долларын 50 хувь буюу 91 575 ам долларыг 2012 оны арьаннэгдүгээр сард, төлбөрийн үлдэх 50 хувь буюу 91 575 ам долларыг 2013 оны нэгдүгээр сард Г.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэгч талд төлж дуусгахаар хоёр тал харилцан тохиролцож, эвлэрсэн нь
… Энэ захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай” гэсэн байна.
Энэ шүүх хуралд хэн оролцож, юу гэж мэдүүлэхсэн бэ гэвэл, Г.Эрдэнэцэцэгийн нөхөр Ч.Пүрэвзана эхнэрийнхээ итгэмжлэлээр оролцож, “Байрны үнэд төмрийн үйлдвэрийн газрын лиценз өгсөн” хэмээн ярьж байж. Гэвч тэр нь шүүхийн өмнө баримтаар нотлогдоогүй. Тэр байтугай 2008 онд орон сууц худалдан худалдан авах гэрээ хийснээс хойш 2012 он хүртэл иргэн Г.Эрдэнэцэцэг нь орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй нь хоёр талын байгууллагуудын хөтөлсөн санхүүгийн баримт бүртгэлээр нотлогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг нэхэмжлэгч талд албадан шилжүүлсэн байна.
Ингээд өнөөдрийг хүртэл иргэн Г.Эрдэнэцэцэг нь нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд ийнхүү бусдыг хохироочихоод өөрөө хохирогч мэтээр ярьж олон нийтэд буруу мэдээлэл өгөн турхирч байгааг та бүхэн анхаарна уу
URL: