НӨАТ-ын босгыг 50 сая болгох төслийг эргүүлэн татлаа
УИХ-ын чуулганыг өчигдөр хуралдууллаа. Сайдыг огцруулах, томилох, дан, давхар дээл хэлэлцэхээс өөр хийцгүй байснаас эрхэм гишүүдийн өмнөх ажил овоорсон бололтой. Хуваарьгүй өдөр чуулганыг хуралдуулсан нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой байв. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа тул Засгийн газрын санаачилсан татварын бас нэгэн хуулийн төслийг хэлэлцэв. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл юм. Мөн хуулийг дагалдан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан байлаа. Жижиг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийнхэн эдгээр төслийг өнгөрсөн жилээс хойш чих тавин чагнаж байсан.
Тэднийг татвараас чөлөөлөх, буцаан олгох, үйл ажиллагааг нь дэмжих хууль учир нэлээд хүлээлттэй байв. Гэвч Засгийн газар дээрх төслүүдээ эргүүлэн татлаа. Учир нь хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг гишүүд дэмжихгүй байх магадлалтай гэдэг үүднээс Ерөнхий сайд төслийг татаж буйгаа мэдэгдэв. Дээрх төслүүдийн зарим заалтыг олон гишүүн дэмжихгүй байсан юм. Гэхдээ Засгийн газраас дахин өргөн барина гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Дээрх төслийг өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан бөгөөд чухам ямар зүйл заалт тусгасан байсныг танилцуулъя.
Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо үйл ажиллагааны чиглэл болон тусгай зөвшөөрөл тус бүрээр тусгаарлан тооцох бөгөөд орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн төлсөн албан татварын 90 хувийг хуульд заасан шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд буцаан олгохоор төсөлд тусгасан байв. Уг асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт нь 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй байхаар тусгасан байв.
Харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Манай улс 1998 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг мөрдөж ирснээс хойш нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоож өнөөг хүртэл 16 жил өөрчлөлт оруулалгүй хэрэгжүүлжээ.
Харин энэхүү 10 сая төгрөгийн суурийг эдийн засгийн нөхцөл байдал, тухайлбал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлагатай байгаа аж.
Иймээс 10.0 саяыг 50.0 сая болгон нэмэхээр төсөлд тусгажээ. Ингэснээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь татварын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулахаас чөлөөлөгдөхөөр байжээ.
М.ЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: