“Өгөөмөр” захад хоёроос дээш цаг зогсвол цаг тутамд 4000 төгрөг авахаар болжээ
“Өгөөмөр” техникийн захын захиргаа түрээслэгчдээсээ авто зогсоолын төлбөр авч эхэлжээ. Энэ нь тус захын хашаанд хоёроос дээш цаг зогссон иргэдээс цаг тутмын 4000 төгрөг тооцож авах журам гаргасантай холбоотой аж. Ингэснээр түрээслэгчид өдөртөө 30-40 мянган төгрөг төлөхөөр болжээ. Түрээслэгчид өдөрт дор хаяж 8-10 цаг машинаа байрлуулдаг гэвэл цаг тутмын 4000 төгрөг төлөх нь сард түрээсийн 135 мянган төгрөгөөсөө гадна зөвхөн машины түрээс гэж сард 900 мянган төгрөг төлөхөд хүрээд буй юм байна.
“Өгөөмөр” захын удирдлага өмнө нь түрээслэгчдээсээ авто зогсоолын түрээс гэж нэг ч төгрөг авдаггүй байжээ. Харин орж гарч буй иргэдээс 500 төгрөгийн татвар авдаг байсан аж. Гэвч өнгөрсөн лхагва гаригт шинэ журам гаргаж, ийнхүү түрээслэгчдээсээ болон үйлчлүүлж буй иргэдээс хоёр цагаас илүү автомашинаа байрлуулсан тохиолдолд цаг тутмын 4000 төгрөг авч эхэлжээ. Үүнийгээ “Өгөөмөр” төвийн захиргааныхан “Иргэдийн эрх ашгийг бодож ийм шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байгаа аж.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: