Галт зэвсэг худалдан авах хүмүүсийг заавал сургана

бууХууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Галт зэвсгийн тухай одоо мөрдөж байгаа хуульд сумны эргэлттэй холбоотой зохицуулалт байхгүй, галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ байхгүй аж. Шинэ хуулиар хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн өмчилж болох галт зэвсгийн техникийн үзүүлэлт тодорхойлолтыг байлдааны зориулалттай галт зэвсгээс ялгаатай тогтоох, Хууль зүйн сайд тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хариуцаж, хяналт тавьдаг байх, буудлага спортын чиглэлээр сур­галт, тэмцээнд оролцоход галт зэвсэг, сумны эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч улсын хилээр оруулах асуудал хүндрэлтэй байгаа зэрэг асуудлыг зохицуулан хуульчлах шаардлагатай байгаа ажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн болон бусад аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тоо хэрэглээг хяналтад авч, гүйлгээг нь зохис­той хэмжээнд хянах бү­рэн боломжтой болох юм. Мөн нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй бөгөөд галт зэвсэг, сумны борлуулалт, хэрэглээг зохицуулах түүнд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын  “Галт зэвсэг худалдан авч байгаа хүнд галт зэвсэг ашиглах хадгалах талаар сургалтад хамрагдсан байх шаардлага тавих уу. Хүмүүсийн гар дээр олон буу зэвсэг байгаа гэдэг. Тэдгээрийг хэрхэн бүртгэлжүүлэх вэ” гэсэн асуултад ажлын хэс­гийн гишүүдийн тайл­барласнаар, галт зэв­сэг худалдан авах хү­мүү­сийг хадгалалт, аюулгүй ажиллагааны сур­галтад хамрагдсан байх шаардлага тавьж байгаа юм байна. Тэрхүү сургалтыг явуулах журмыг ЦЕГ-ын дарга батлах ажээ. Түүнчлэн хуулийн төсөлд галт зэвсгийн бүртгэлийн мэдээллийн сантай байхаар тусгасан бөгөөд түүний дагуу галт зэвсгийг бүртгэлд хамруулах юм байна.

Батлах хамгаалах яам олон мянган бууг иргэ­дэд зарсан байдаг. Тэдгээрийг буцаан ху­далдан авахаар төсөлд тусгасан ч өөрчилжээ.  Ажлын хэсгээс, иргэдийн гар дээр байгаа бууг худал­дан авна гэхээр зар­дал өндөр гарахаар байгаа болохоор тэдгээр бууг иргэдийн гар дээр спорт, сургалт, үзмэр, цуглуулгын зориулалтаар ашиглах боломжтой гэж төсөлд тусгахаар санал оруулж ирсэн хэмээн тайлбарлалаа.

Шинэ хуулийн төсөлд хагас автомат, автомат буугаар ан хийхийг хо­риглохоор тусгасан гээд нэгэнт хуулиар ин­гээд хориглочихвол ийм буу­тай хүмүүс буугаа хад­галаад байх бус тусгай зориулалтын газар ашиг­лах эрх нь нээлттэй үл­дэж байгаа аж. Гишүүд галт зэвсэг ашиглах, эзэмшихтэй холбоотой асуудлаар нэлээд хэлэлц­сэн бөгөөд хуулийн төс­лийг ажлын хэсэг дахин нухацтай хэлэлцэх шаард­­лагатай гэж үзсэн учир хэлэлцэхийг хойшлууллаа.

 

М.ЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих