Та хэрэглэвэл төлнө, хаявал бас л төлнө

556Хүнсний бүтээгдэхүүний хорогдол, хаягдлын асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татах болоод удсан. Тийм хэдий ч үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт болон худалдан авалтын дараах шатанд өдөр бүр олон сая хүнийг өлсгөлөнгөөс аврахуйц их хэмжээний хүнс хорогдож, хаягдсаар байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дээрх асуудалд онцгойлон анхаарч Ази Номхон далайн бүсийн хэмжээнд хүнсний хорогдол, хаягдалтай тэмцэх зорилго бүхий “Хүнсээ хэмнэе” аянг зохион байгуулж, улс орнуудын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа аж. Уг аяныг анх 2013 оны наймдугаар сард Тайланд улсын Бангкок хотод хийсэн уулзалтын үеэр эхлүүлж байжээ. Ази Номхон далайн бүсэд онцгойлон анхаарч буй нь энэ бүсэд дэлхийн ядууралд нэрвэгдсэн ард иргэдийн 62 хувь нь аж төрдөг гэнэ.

Манай улс НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт 2014 оны хоёрдугаар сард “Хүнсээ хэмнэе” аянд нэгдэх хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр 49 мянган ам. долларын төсөв бүхий “Хүнсээ хэмнэе-Үндэсний аян”-ыг гуравдугаар сарын 14-ний өдрөөс улс эх орондоо албан ёсоор эхлүүлсэн билээ.

Энэхүү аяныг идэвхжүүлэх зорилгоор холбогдох салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг хамруулсан “Хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах” нэртэй үндэсний зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Үйл ажшшагааг ҮХАА-н дэд сайд Ц.Туваан нээх байсан ч ирж амжаагүйн улмаас НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Шеих Ахадуззаман үг хэлж эхлүүлсэн юм.

Үүний дараагаар тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Уданбор, НҮБ-ын ХХААБ-ын зөвлөх Б.Оргил нар аяны үйл ажиллагааны хүрээ, танилцуулгыг хүргэв. Энэ үеэрээ өнөөдөр дэлхийн хэмжээнд хүн амын хүнсний хэрэгцээнд үйлдвэрлэж буй үр тарианы 30 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 20 хувь, хүнсний ногоо, жимс жимсгэний 45 хувь, мах, махан бүтээгдэхүүний 20 хувь буюу нийт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэх 1.3 тэрбум тонн хүнс сүлжээний аль нэг шатанд муудаж, хаягдаж байна. Энэ нь хүнсний хорогдол, хаягдлын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгааг харуулж байна гэв.

Манай улсын хувьд сүү, мах бэлтгэл, ургац хураалт нь улирлын чанартай байдаг учраас бүтэн жилийн турш хүн амыг хүнсээр тогтвортой хангах нь хүндрэлтэй байдаг гэдгийг онцолж байв. Мөн сүү, мах бэлтгэл, ургац хураалтын дараах их хэмжээний хүнсний хорогдол, хаягдлын талаар олон нийтэд сурталчлан таниулах, “Хүнсээ хэмнэе” үндэсний сүлжээг бий болгоход төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын оролцоотой түншлэл, хамтын ажиллагааг дэмжих, улсын хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах стратеги төлөвлөгөө  боловсруулах зэрэг “Хүнсээ хэмнэе-Үндэсний аян”-ы зорилгыг танилцуулж гарах үр дүнг тодорхойлсон юм.

Энэ аяны хүрээнд төслийн хэрэгжүүлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүн, мах бэлтгэл, ургац хураалт, ногоо, жимс жимсгэнэ, нийтийн хоолны гэсэн таван салбарт чиглэн ажиллаж байгаа аж. Зөвлөгөөнд хорь гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөгч оролцсон.

Хэсэг хугацааны цайны завсарлагын дараа НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн ахлах мэргэжилтэн Роза С.Ролле Тайланд улсын ‘Хүнсээ хэмнэе” үндэсний сүлжээг байгуулах ажиллагаа, Кампучид энэ оны нэгдүгээр сард болсон олон нийтэд ургац хураалтын дараах хорогдол, хаягдлыг хэрхэн бууруулах талаар сургалт болон Япон улсын ХАА, Ой мод, Загасчлалын яамнаас Индонезийн Жакарта хотод зохиосон “Хүнсний хаягдал, хорогдлын талаар симпозиум” гэх зэрэг бүс нутагт баримталж буй бодлого, хэтийн төлвийг танилцуулсан юм.

Зөвлөгөөнд тах, сууний салбар дахъ хунсний хорогдол, хаягдал өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавъсан ШУТИС-ийн доктор, зөвлөх профессор Ц.Дамдинсүрэнгээс зарим асуудлыг тодрууллаа.

-Улсын хэмжээнд жилд дунджаар мах, махан бүгээгдэхүүний хэдэн хувь нь хаягдаж байна вэ?
-2013 онд улсын хэмжээнд 238 мянган тонн орчим мах хэрэглэсэн байдаг. Үүнээс 35,5 тонн дотор мах, 7,8 мянган тонн цус, 9,5 мянган тонн бүлх булчирхай, 23,8 мянган тонн өөхийг бүгдийг хаясан тооцоо байна. Эдгээр дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах технологи нэвтрээгүй, техник, тоног төхөөрөмжийн хоцрогдсон байдал, зах зээлийн сул систем зэргээс үүдэж их хэмжээний хаягдал гарсаар байна. Толгой шийрний тодорхой хувийг гэрийн нөхцөлд боловсруулж байгаа ба хаягдал ясны гуравхан цех ажиллаж байна. Энэ нь хаанаа ч хүрэхгүй шүү дээ.

-Энэ салбарт өөр ямар асуудал тулгарч байна вэ?
-Мах, сүүн бүтээгдэхүүнээс гадна төмс хүнсний ногооны хураалтын дараах хорогдол байна. Ургац хураалтын дараа 13-15 хувийн хорогдол гардаг. 2012 онд 341 мянган тонн хүнсний ногоо хураасан бол зоорь агуулахын багтаамж 173 мянган тонн байх жишээтэй. Иймээс л бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн технологийн
горим алдагдаж дунджаар 20 хувийн хорогдол гардаг. Мөн худалдаа болон хэрэглээний явцад маш их хаягдал гарч байна.

Мөн зөвлөгөөний үеэр тус яамны мэргэжилтэн М.Ариунболд, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн дэд захирал Ц.Одбаяр нар Монгол улсын нийтийн хоолны болон төмс, хүнсний ногооны салбар дахь хүнсний хорогдлын талаар илтгэлүүд тавьж байлаа. Үндэсний зөвлөгөөнд оролцсон хүмүүсийг салбар тус бүрээр нь хуваан хэлэлцүүлэг зохиосон бөгөөд шийдвэрийн төслийг хэлэлцсэнээр зөвлөгөөн өндөрлөсөн юм.

 

М.ЯНЖИНДУЛАМ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих