Газар амь
Монголчууд нүүхдээ зэлнийхээ гадасыг сугалж аваад шороогоор чигжиж орхидог байв. Бас буйр сэлгэх хэрэг гарвал үнс хогоо газар ухаж булаад чийгтэй, цэвэр шороогоор өнгөлж дардаг байлаа. Хойтон жил нь тэр газарт битүү өвс ногоо ургачихсан байдагсан. Ийм л дэгтэй ард түмэн байж дээ.
Гэтэл өнөөдөр бидний байгаа царайг. Гадныханд газар нутгаа сэндчүүлж, алтыг нь зөөлгөөд “авдрыг” нь хар нүх болгон хоцроогоод байгааг та бүхэн харж байгаа байх. Та, болж өгвөл хөдөө яваад нэг хараарай. Монгол нутаг дээр, эрүүл газар шороо бараг үлдсэнгүй. Миний өмнө “Газрын тухай багц хуулийн төсөл” хэмээх асар зузаан баримт бичиг байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын гарын үсэгтэй энэ багц хуулийн төсөл УИХ-д өргөн баригдах гэж байгаа нь энэ. Би эхнээс нь уншаад дуусгачихлаа. Надад ганцхан бодол төрсөн. Энэ хэдэн эрх мэдэлтнүүд “Газар нутгаа худалдаж, ард түмнээ доромжилж тохуурхож ханасангүй юу даа” гэж.
Хоёр ноцтой зүйл байна. Нэг нь, газрыг албадан чөлөөлөх, нөгөө нь бэлчээрийг хувьчлах. Уг нь ардчиллын буянаар монголчууд төв суурингийнхан нь хувьдаа газартай , хөдөөгийхөн нь хувьдаа малтай болсон. Энэ бол Монголын ард түмэнд олдсон ардчиллын үнэт зүйлс яалтгүй мөн.
Гэтэл өнөөдрийн эрх баригчид, төв суурин газрын аль өнгөтэй өөдтэйг нь албадан чөлөөлөх нэрээр булаан авах, бэлчээрийн газар нутгийг хувьчлах байдлаар намынхан, танил талдаа эзэмшүүлэх хууль нэртэй цагаан цаас бариад Их хурал руу явцгааж байна.
2012 оны сонгуулийн өмнө Улсын баатар Э.Бат-Үүлийн сонгогчиддоо хэлж байсан үгнүүд миний өмнө дэлгээтэй байна. Тэр яасан сайхан донгодож чадаа вэ. Э.Бат-Үүлийн гарын үсэгтэй “Сонордуулга” гэсэн хуудас сонгуулийн өмнө тарсан байгаа. Нэг жижигхэн хэсгийг авъя.
…. Таны өмчийн 300 м2 газар дээр 12 давхар нийтийн орон сууц барилаа гэж бодоход 5.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бий болно. Энэ их хөрөнгийн үндэс суурь нь таны газар. Гэтэл газар өмчлөгч иргэн танд 30-хан сая төгрөг өгөөд албадан нүүлгэх нь шударга ёсонд нийцэх үү.
Зөрүү нь таван тэрбум 370 сая төгрөг хэмээн сонордуулж байснаа “Иргэн та 1м2 газраа саяас доош Энэ газар чинь та нарын амьжиргааны баталгаа. Цаашид улам үнэд орно” гэсэн дуу хоолой нь бичээстэй үлдсэн байгаа. Гэтэл өнөөдөр юу болж байна. Газрыг нь өчүүхэн багаар үнэлүүлээд, нүүхгүй бол албадан нүүлгэнэ гэсэн хуулийн төсөл боловсруулчихсан гүйцгээж явна.
Сонгуулийн хугацаа талдаа орлоо. Хотод хэдэн цэнхэр хашаа л үлдээд байна. Худал үг, хуурамч бичиг баримтанд нь итгээд газраа чөлөөлчихсөн тэр олон мянган хүн хаана, яаж доромжлогдож явна. Барилга байшингаа барьж хүч хүрэхээ болихоороо сүүлийн үед газраа чөлөөлөхгүйгээс болж ажил саатаж байгаа бололтой сурталчилгаа хийж эхэллээ.
Бидний хэдэн сэтгүүлч саяхан албаны хүмүүстэй Улаанбаатар хотыг тойрч “дахин төлөвлөлт”-ийн газруудыг үзлээ. Хэдэн цэнхэр хашаа л байна. Хагас дутуу цутгаад орхичихсон суурь, каркас. Ёстой л “Энэ үнээний царай, үхсэн тугал гарна даа”. Одоо тэгээд “Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл өргөн баригдаж байгаа нь энэ.
Газрыг өчүүхэн багаар үнэлж, албадан чөлөөлснөөр, өнөөх хувийн өмчийн газартай боллоо хэмээн баярлаж байсан иргэдийг “хохь чинь” гээд дуусах нь дээ.
Хуулийн төсөлд явж байгаа нөгөө нэг асуудал бэлчээрийн хувьчлал. Арай ч ингэж ил тод хэлээгүй байна билээ.
Гэхдээ хэн ч харсан бэлчээрийг хувьчлах байдлаар танил талдаа, ах дүү хамаатан садандаа, намынхандаа илүү давуу эрхтэйгээр эзэмшүүлэх нь ээ гэсэн бодол хэнд ч төрнө.
Хуулийн төсөлд “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өвөлжөө хаваржааны бэлчээрийн газрыг эзэмших эрхийг зохион байгуулалтад орсон малчдын холбоо, нөхөрлөлд нэг удаа үнэгүй олгох, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийн газрыг тодорхой болзол, гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд нэг удаа үнэгүй эзэмшүүлж болохоор, түүнчлэн өвөлжөө хаваржааны бэлчээрийн газрыг эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг засгийн газраас баталсан журмаар зохицуулахаар тусгасан болно” гэж. Эндээс харвал бэлчээрийг хувьчлах, хувьд эзэмшүүлэх явдлыг хуульчилж байгаа нь тодорхой байгаа биз?
Мөн “Малчин өрх”, “Мал бүхий иргэд” гэж ялгахгүйгээр нийт бэлчээр ашиглагчдаас төлбөр авахаар тусгасан бөгөөд бэлчээрийн газрын төлбөрийг бэлчээрийн газрын жишиг үнийн 0,1 хувиар хонин толгойд шилжүүлсэн малын тоо толгой тутмаас тооцож авахаар төсөлд тусгасан” гэж байгаа.
Цааш нь “Өвөлжөө хаваржааны доорхи газрын төлбөрийг тухайн тойргийн бэлчээрийн газрын суурь үнийн гурван хувиар тооцож авахаар тусгав” гэсэн байгаа юм.
Миний ойлгосноор бол, Монгол Улсын нийт бэлчээр нутгийг өвөлжөө хаваржаанаас нь эхлээд тун яаран хувьчлах нь ээ. 2016 оны сонгуулийн өмнө ямартай ч өвөлжөө хаваржааны газар нутгаа ардчилсан намынхандаа юмуу, дэмжигчид, хамаатан садан, ойр дотны хүмүүстээ эзэмшүүлнэ гэсэн бодол төрж байгаа юм.
Тэгээд, газрын тухай энэ багц хуулийн төслийг уншихад дандаа л “Хураана” “Албадан чөлөөлнө” “Торгоно” гэхчлэн хүчирхийллийн аймаар үгс тааралдаж байна. Засгийн газрын дэргэд “Газрын үндэсний хороо” гэж нүсэр бүтэц бий болгоод, дүрмийг нь баталж өгөөд бараг “онцгой комиссорхуу” юм ажиллуулах бололтой.
Юутай ч, ширээ сандлаасаа зууралдаад байгаа энэ хэдэн хүн 2016 оны сонгуулийн өмнө, бэлчээрийг хувьчилж, өнөөх бидэнд олгосон 0.3-0.7 га-гийн минь дуслын төдий мөнгө амлаад албадан чөлөөлөх бололтой юм. Хотын газрыг “гэр хорооллын дахин төлөвлөлт” нэрээр албадан чөлөөлөх явцыг ард түмэн маань харж байгаа.
Харин бэлчээрийн газрыг хувьчлах, өндөр татвар хураамж ногдуулах гэж байгаа талаар нухацтай ярилцмаар байна. Газар бол улсын өмч, ард түмний амин чухал хэрэгцээ билээ. Энэ чухал асуудлыг дураараа хэдэн хүн ард түмнээрээ хэлэлцүүлэлгүйгээр нууц хуйвалдааны маягаар хуулийн төсөл гэгчийг боловсруулан, олонхиороо түрээ бариад баталчихаж болдог юмуу, үгүй юу бүү мэд. Олон улсын жишгээр бол болдоггүй л юм гэсэн.
Дэлхийд нүүдлийн мал аж ахуйтай, тэр нь эдийн засгийнх нь үндэс суурь болж байдаг 40 орчим улс орон байдаг гэнэ. Түүнээс хамгийн олон малтай, өргөн уудам газар нутагтай, хуруу дарам цөөн улсынх нь нэг Монгол. Бэлчээр нутгаа хувьчлаад бараг л “сөнөж мөхөж” байгаа улс орнууд ч байдаг юм гэсэн.
Саяхан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг дээр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын багшийн их сургуулийн багш доктор профессор Хайшаан гуай ямар аймаар зүйл ярьсан гээ.
Өвөрмонголд бэлчээр нутгийг хувьчлан хатуу хувааснаас мал хүн хоёр хүнд нөхцөлд амьдарч байгаа тухай тодорхой баримтаар ярина билээ. Сүүлийн үед “Монгол Улс бэлчээргүй боллоо. Иймээс байгаа жаал бэлчээрээ хувьчлая” “Монгол мал муудаж байна. Өндөр ашиг шимтэй цөөн малтай болъё, “Цөлжилтөөс болж Монгол Улс бэлчээргүй боллоо” гэсэн яриа газар авч, хэсэг бүлэг хүн үүнийг хүчтэй сурталчилж байгаа.
Өвөг дээдэс минь “Монгол” гэсэн энэ газар нутагтаа таарч зохицсон малтай, хүнтэй үлдээсэн юмсан. Эзэн биднээс болж энэ газар нутаг чинь сүйдлээ шүүдээ. Оросын цэргийн ухаж сэндийлсэн газар нутаг дээр, харь орны уут барьсан гуйлгачингууд ирээд улаан илгэ болтол нь ухаж байна.
Үүнтэй тэмцэх гэсэн эх орончдоо барьж 22 жилийн ял оноогоод шоронд хатааж байгаа. Ингэж болдог юм уу?!Тэгээд хамаг бурууг байгаль цаг уур, цөлжилт рүү чихэж байгаа. Худлаа! Энэ чинь харийнхантай үгсэн хуйвалдсан худал явуулга.
Би ганцхан баримт авъя. Тав зургаан жилийн өмнө би нутагтаа очлоо. Манай Алтанширээ, Өргөн, Улаанбадрахын нутаг тэр аяараа элсэн бухал болсон байлаа. Айлууд нь оторт явчихсан. 200 гаруй км газар явахад айл амьтны бараагүй, улдаж хоцорсон ганцхан зээр үзсэн. Нутаг минь ингээд сөнөдөг юм байж дээ хэмээн бодож явсансан.
Дараа жил нь очсон чинь тэр хавь нов ногоон, бут цэцэглэчихсэн, шагайгаар татсан өвс халиурч байсансан. Тэгсэн чинь аймгийн дарга асан Ж.Батсуурь Өвөрмонголоос үүл бууддаг техник оруулж ирээд тэр жил үүл буудан бороо оруулчихсан чинь ийм сайхан зунжсан байсан. Ус л дутсанаас биш, өвс ургамлын чинь үндэс хэвээрээ байдаг юм билээ.
Цөлжилтөөс сэргийлэх, бэлчээрийг ус чийгээр хангах талаар олон арга байдаг юм байна. Та бүхэн харж байгаа, Замын-Үүд, Эрээн хоёр чинь хэдэн жилийн өмнө адилхан л элсэнд дараатай суурингууд байсан. Одоо хардаа. Эрээн нь нов ногоон газар нутагтай ямар том хот болов!
Манай Замын-Үүд элсээр шуурсан, нүцгэн илгэ. Энэ чинь хүнээсээ, удирдлагаасаа л болж байна. Бурууг бусдаас эрэх газар байхгүй. Цаад тал нь мөнгийг өвс ургамал руу хийж байхад наад тал нь өвөр халаас руугаа хийж байна. Үүнийг л болих хэрэгтэй юм.
Би заримдаа боддог юм. Манай эрх баригчдын дунд хүн мал хоёроо боддог хүмүүс ер нь байдаг болов уу гэж. Манай Дорноговь аймгийн Улаанбадрах гэж бүхэл бүтэн сум Аревагийн ураны хордлогод нэрвэгдээд нутаг бэлчээрээ орхиход хүрч байгаа. Мал нь олноороо өвчилж үхэж, этгээд янзын төл гаргадаг болоод удаж байхад Засгийн газар, Дорноговь аймгийн удирдлагууд огт тоосон шинжгүй сууж байна.
Одоо газар нутаг нь тэр аяараа хордож, хүмүүс нь хүртэл өвчлөх болсон. Хэзээ хоёр гурван толгойтой хүүхэд гарах юм, бүү мэд. Энэ баян компани төр засгийн эрх мэдэлтнүүд, аймгийн дарга нарт чамлахааргүй юм атгуулчихдаг болоод ивээлд нь багтаад байдаг юм уу!.
Пантийн Ганхуяг гэж нөхөр саяхан л “шалдан гуяа ганзагласан” хүн аймагт очиж байснаа одоогийн Засаг дарга нарыг тэргүүлэн 2.6 тэрбумын хөрөнгөтэй болсон гэнэ. Зөвхөн өөрийнх нь, хөрөнгө орлогын мэдүүлэг энэ. Эдний гэр бүлийнхэнд юу байгааг бүү мэд шүү дээ. Ийм байдлаар газар нутаг маань эзгүйрч, харийнхантай сүлбээдсэн цөөн хэдэн хүний хэтэвч зузаалах хэрэгсэл болоод байгаа.
Уул нь газар нутаг, оршин суугчдыг бүхэлд нь хордуулж байгаа энэ гэмт үйлдлийг “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг”-т хамруулан олон улсын шүүхээр хариуцлага тооцдог ёс бий. Улаанбадрахын хордлогын гэм буруутныг олон улсын шүүхэд өгөхөөр иргэний нийгмийнхэн бичиг тоот бэлдэж байгаа сураг гарсан, чимээгүй л байна.
Газар нутгаа гэсэн сэтгэлгүй хүмүүс, бүр болиод бэлчээрийн газраа хувьчлах тухай ярих боллоо. Үүний ард харийнхан их мөнгө бариад сууж байж ч болох л юм.
Нүүдлийн тархай бутархай мал аж ахуйд олон онцлог бий. Тэр бүхнийг бодолгүйгээр яаран хувьчилж болохгүй. Ган, зуд гэж аюул байна. Отор нүүдэл гэж байна.
Тууврын мал гэж байна. Эд бүгд л бэлчээр устай холбоотой асуудал. Эзэмшлийнхээ газар дээр цөөн хэдэн малаа хашчихаад байх юм гэнэ. Дэлхийн аль ч орны тэжээвэр малын мах сүү, ноос үс нь Монголын турж үхэх гэж байгаа малынхаас ч доорд гэж үздэг. Өөрөөр хэлвэл Монгол мал нь нутаг орондоо ургадаг 400 орчим эмийн ургамлаар хооллож, мах сүүгээрээ дамжуулж биднийг тэжээдэг буянтай амьтан.
Юутай ч бэлчээр нутгаа хэсэглэж хувьчлахад хүрвэл Монголд бослого гарч, иргэний дайн дэгдэхийг ч байг гэх газаргүй л бол уу?!
Г.Жамьян
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн
URL: