А.Ганхуяг: 20 тэрбумын сургаар шаардлага хангахгүй автобус үйлдвэрлэсэн

6-11-2Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Тэнүүн-огоо” компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер А.Ганхуягтай ярилцлаа.

МЭРГЭЖЛЭЭ ХОББИ БОЛГОСОН НЬ

-Юуны өмнө шилдэг аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсанд танд болон танай компанийн хамт олонд баяр хүргэе?

-Баярлалаа. Манай хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр шим. Тиймээс би хамт олноороо бахархаж байна. Манай компани өнгөрсөн жил улсад 1.6 тэрбум төгрөгийг татварт төлсөн байдаг.

-Та нэлээд олон салбарт бизнес эрхэлдэг. Гэтэл яагаад нийтийн тээвэрт илүү анхаарал хандуулдаг юм бэ?

-Анх манай компани таксины үйлчилгээгээр эхэлж байсан. Би өөрөө авто машины инженер мэргэжилтэй.

Миний мэргэжил учраас би чин сэтгэлээсээ, хоббигоороо хийж байгаа ажил гэж хэлж болох юм. Эндээс уул уурхай, банк бус санхүүгийн байгууллага гэж салбар байгуулж байлаа. Ингээд 2006 онд том оврын автобусыг нийтийн тээвэрт оруулсан. Одоогийн байдлаар автобусны компанидаа нийт 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Нийслэлийн хэмжээнд дөрвөн зүгт нь дөрвөн том автобус баазыг байгуулаад ажиллаж байгаа. Одоо бол нэгэнт ухрах замгүй болсон. Яагаад гэвэл ийм их хэмжээний хөрөнгийг сул хаячихаж чадахгүй. Тийм учраас ямартай ч дэлхийн жишигт хүртэл нь өөрийнхөө бүх бололцоог ашиглана гэж боддог.

-Нийтийн тээвэр хэл ам, хардлага сэрдлэг ихтэй хэцүү салбар биш үү?

-Нийтийн тээврийн салбар маань хөгжих ёстой. Зөвхөн манай улсад л хөгжихгүй байна. Би ирээдүйг харж байгаа учраас зүтгэж байгаа юм. Хэдийгээр алдагдалтай ажиллаж байгаа ч мэргэжлийнхээ үр шимийг гаргах хэрэгтэй. Би зөвхөн өөрийнхөө төлөө биш хүмүүсийн төлөө ажиллах ёстой гэж боддог. Нийтийн тээврийн алдагдалд төрийн хатуу тариф нөлөөлж байна. Тиймээс энэ салбарт ажиллах хүн байхгүй, зугтдаг болжээ. Энэ алдагдал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг.

-Тодруулбал?

-Гар дээр тоолох бэлэн мөнгө биш ч хүний үр бүтээлтэй ажиллах цагийг хумсалж байгаа юм. Учир нь замын түгжрэлээс болж нийслэлийн дийлэнх иргэд өглөө бүр 20-30 минут ажлаасаа хоцорч байгаа гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Тэгвэл нийтийн тээврээ хөгжүүлсний үр дүнд автобус тусгай замаар зорчдог болно. Үүнд тийм ч их хөрөнгө зарцуулагдахгүй. Сүүлийн үед автобусны зам гээд нэгдүгээр эгнээг чөлөөлсөн нь эхний удаа авч хэрэгжүүлж буй нэг алхам. Уг нь автобус замынхаа голоор явж байх ёстой юм. Метроноос хэдэн зуу дахин хямд өртгөөр хүмүүс нь түгжрэхгүй, чихцэлдэхгүйгээр ажилдаа, гэртээ очдог болох боломж бий. Ер нь нийтийн тээвэрт хот болон төр огт анхаарлаа хандуулахгүй байна. Шинэчлэлийн Засгийн газраас манай салбарынхан их зүйлийг хүлээж байгаа.

-Танайх хэдэн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Одоогоор есөн чиглэлд явж байгаа. Өнөөдрөөс /өчигдөр/ Ургах наран хорооллын маршрут нэмэгдсэн. Оршин суугчид нь маш баяртайгаар хүлээж авсан.

-Мэргэжлээ хобби болгосон нь сонирхолтой юм. Бас түүнийхээ төлөө өөрт байгаа бүхнээ дайчилжээ. Таны бахархал юу вэ?

-Би алдагдалтай ажилладаг нийтийн тээврийн хойноос хөөцөлдөөд найман жил болчихож. Улсаас ганц ч удаа зээл, тусламж авч байсангүй. Биеийн амрыг харж болох л байсан. Гэхдээ намайг өдий хүртэл нүүр бардам алхуулдаг ганц зүйл нь миний 600 гаруй ажилтан. Би эдгээр хүмүүсийн төлөө, тэдний гэр бүлийнхний төлөө энэ салбарыг заавал хөл дээр нь босгох ёстой.

НӨХӨН ОЛГОВРЫГ ИРГЭДЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

-Нийтийн тээврийнхэн татаас авахгүй байгаа гэж та хэллээ. Нөхөн олговор гээд улсаас 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг шүү дээ?

-Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 25 аж ахуйн нэгж, жилдээ 54 тэрбум төгрөгийн нөхөн олговор авдаг нь үнэн. Өөрөөр хэлбэл, автобусанд 100 зорчигч орж ирэхэд 54 нь үнэгүй зорчино гэсэн үг. Энэ нь зах зээлээс нэг алхам ухарч байгаа хэрэг. Уг нь төр хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа бол аж ахуйн нэгжид тарааж байснаас хөнгөлөлтөд хамрах хүний халаасанд хийх хэрэгтэй. Дээр үед туулайчлах гэдэг байлаа. Харин одоо цагт энэ туулайнууд боловсон болж, тоо нь олширсон. Яагаад гэвэл үнэгүй зорчих эрхийг баталгаажуулсан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх нь элбэг болсон. Энэ бүгдийг цэгцлэх хэрэгтэй. Тэгвэл энэ салбар алдагдалд орохгүй ажиллаж болно. Мөн нийтийн тээвэр хөгжих зөв голдиролд орох юм. Хэрэв нийтийн тээврийнхнийг 54 тэрбумыг авах уу, хүн бүр мөнгөө төлөх үү гэдэг замын уулзварт зогсоовол мөнгийг нь сонгоно. Учир нь бидний тооцоогоор 54 тэрбумыг авч үнэгүй зорчигч тээж явахаар бүх хүнээс мөнгийг нь авч 90 тэрбумыг олсон нь дээр.

-Хатуу үнэ төрөөс тогтоож байгаа тухай ярьж байна. Автобусны хөлс 500 төгрөг болчихсон байна лээ. Үүнийг та юу гэж хэлэх вэ?

-Тиймээ, автобусны үнэ 500 төгрөг болсон байгаа. Бид аливаа зүйлийн эхлэлийг санаж байх хэрэгтэй. Тухайлбал, 1999 онд дизель түлшний үнэ 270 төгрөг байжээ. Тэр үед автобусны тариф 200 төгрөг байсан. Тэгвэл 2009 онд түлш 1000 төгрөг болон 3.7 дахин үнэ өсөхөд нийтийн тээврийн хөлс 300 төгрөг болж 1.5 дахин өссөн байдаг. Харин 2011 онд мөн л дизель түлшний үнэ 1300 болж үнэ нь 4.8 хувиар өсч байхад бид 400 төгрөг болгон хоёр хувиар өсгөсөн юм. Тэгвэл одоо түлш 1790 төгрөг байгаа. Автобусны үнэ 500 төгрөг болсон. Магадгүй хүмүүс 100, 100 төгрөгөөр өссөн байна шүү дээ гэх байх. Дизель түлшний үнийг 1999 онтой харьцуулбал 1520 төгрөгөөр өссөн бол автобусны үнэ 300 төгрөгөөр өсчээ. Үүнийг зах зээлийн үед бизнесийн эрүүл зарчим гэж хэн ч хэлэхгүй байх.

ЖИЛД 10 ХОНОГ Л БОДИТ ОРЛОГО ОРДОГ

-Нийтийн тээврийн орлого их ордог үе нь зуны улирал гэж сонсч байсан. Энэ үнэн үү?

-Хамгийн их орлого орж байгаа нь намар. Жилд 365 хоног байдаг бол түүний 10 хоногт нь л орлого нэмэгддэг. Энэ нь оюутнууд виза картаа аваагүй байгаатай холбоотой. Тэд орж ирээд мөнгөө шууд л төлдөг. Дээрх 10 хоногийн орлогыг бусад өдрүүдтэй харьцуулахад өдөр шөнө шиг зөрүү харагдана. Тиймээс л бид нөхөн олговор авахгүйгээр нийтийн тээврээр үйлчлүүлсэн хүн бүрээс төлбөр авах талаар хэлээд байгаа юм.

-Иргэдээс гаргадаг гомдлын нэг нь халаасны хулгайчийн орлого олох талбар нь автобус гэдэг. Үүнийг та юу гэж бодож байна.

-Нийтийн тээврийг хөгжүүлэхээр 20 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан байдаг. Энэ хөрөнгө хоёр жилийн нүүр үзэж байна. Яаж шийдэхээ мэдэхгүй, гацчихсан байгаа. Уг нь тэрхүү хөрөнгөөр ухаалаг тээврийн хэрэгслийн төхөөрөмжийг авах хэрэгтэй юм. Тэгвэл зорчигч бүр картаа уншуулаад явчихдаг болно. Энэ нь маш олон давуу талтай. Тухайлбал, тухайн автобус камержих учраас жолоочийг бүрэн хянана. Тухайн хүн явсан буудлынхаа хэрээр төлбөрөө төлчихнө. Одоогийн мөрдөж байгаа систем буруу. Яагаад гэвэл нэг буудал явсан ч, хотын нэг захаас нөгөө зах хүрсэн ч ялгаагүй 500 төгрөг төлж байгаа юм. Ухаалаг системд шилжсэнээр хоёр буудал явсан бол 200 төгрөг, 10 буудал явсан бол 500-г төлдөг зарчим үйлчилнэ. Тиймээс үүнийг энэ жилдээ багтаагаад хийх хэрэгтэй байна. 20 тэрбумаар Солонгосоос хуучин автобус оруулж ирснээс 14 тэрбумаар ухаалаг системтэй болох нь илүү чухал гэдгийг хотын болон төрийн удирдлагууд нь ойлгох хэрэгтэй юм. Манай улсын хувьд одоогийн нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобус Солонгосын нийтийн тээврээс аюултай хэмээн хасагдсан техникийг л ашиглаж байгаа шүү дээ. Үүнд хувийн хэвшлийнхнийг буруутгах аргагүй. Учир нь бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байгаа юм. Бид алдагдалтай ажилладаг гэдгээ хэлсээр байгаа.

-Анзаараад байхад энэ салбарт төрийн оролцоо хэрэгтэй байгаа гээд байх шиг. Уг нь хувийн бизнест төрийн оролцоо байх ёсгүй гэдэг зарчим байдаг?

-Энэ салбар нь төрийн оролцооноос хамаардаг. Манайд  төр оролцож байгаа хэдий ч нийгмийн захиалгат үйлчилгээ гэдгийг орхигдуулчихсан юм. Нийтийн тээврийн компанийг Монгол Улсын стандартад нийц­сэн, иргэдэд аюулгүй үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна гэдэг зүйл огт байхгүй болсон. Энэ салбарт хэн дуртай нь орж ирж болно гэдэг болж. Одоо үйлчилгээ явуулж байгаа 25 аж ахуйн нэгж дотор 15-20 автобустай хүмүүс нийлээд аж ахуйн нэгж үүсгэсэн, стандарт шаардлага хангаагүй зүйл бас бий. Мэдээж бусад салбарын тухайд хувийн хэвшлийн бизнестэй төр хутгалдах нь буруу. Бидний үйлчилж байгаа салбар олон хүний амь нас хариуцсан, хариуцлага өндөртэй, хүндтэй алба юм шүү. Гэтэл хүмүүс анхаарал хандуулахгүй юм. Ядаж л та бидний үр хүүхэд автобусаар зорчиж байгаа шүү дээ.

НЭН ТҮРҮҮНД УХААЛАГ СИСТЕМ

-Энэ салбарт ямар ажил хийвэл, таны хэлж байгаа шиг эрүүл, аюулгүй байх вэ?

-Энэ салбарт гурван үе шаттай ажлыг хийж чадвал, зөв голдиролдоо орно. Нэгдүгээрт ухаалаг системтэй болох, хоёрдугаарт парк шинэчлэл, гуравдугаарт маршрут төлөвлөлт. Ухаалаг системийг энэ жил нэн түрүүнд хийх ёстой. Ерөнхий сайд нь нийтийн тээврийн тодотголтой хэдэн хүнд 50 гаруй тэрбумыг өгч байгаа нь зөв бурууг ярьж сууна. Түүнчлэн Сангийн сайд нь 30 тэрбумыг олгох ёстой байтал худлаа тоо бичээд 54 болгосон гээд л ярих юм. Яг үнэндээ энэ мөнгийг аж ахуйн нэгжүүд авах гэж огт хүсээгүй. Түүний оронд хөнгөлөлттэй хүмүүсээ мөнгөө төлдөг болгочих л гэж хэлээд байна. Үнэн хэрэгтээ улстөрчид оюутнуудаасаа айсандаа хэлсэн тоо, өндөр настнууддаа үнэлэгдэх гэсэндээ өгсөн амлалт. Балаг нь бидэн дээр буугаад байгаа юм. Үүний оронд ухаалаг систем суурилуулаад өгөх хэрэгтэй гэдгийг амаа чилтэл ярьж байна даа. Ухаалаг системтэй болсноор тэдний хэлээд байгаа жилд давхардсан тоогоор 268 сая зорчигч тээвэрлэж байна уу 300 сая гарчихсан уу гэдгийг бодитоор харах хэрэгтэй. Тэгвэл бид эдийн засгийн бодит үзүүлэлтийг харж болох юм. Хэрэв ухаалаг системд шилжээд, бүх хүмүүс 500 төгрөг төлдөг болчихвол бид өөрсдөө парк шинэчлэлээ хийхэд бэрхшээлгүй болно. Бас алдалд орохгүйгээр ажиллах бүрэн боломжтой.

-Маршрут төлөвлөлтийн тухайд юу хийх ёстой вэ?

-Одоогийн бидний хэрэглэж байгаа маршрут нь социализмын үеийнх юм. Тиймээс бид ухаалаг системтэй болсноор богино эргэлтээр явах ёстой. Тухайлбал, орбитоос улиастай хүртэл явах шаардлагагүй, таван шар хүрээд буцдаг болно. Ийм богино эргэлттэй болвол цөөхөн хүнтэй явна. Мэдээж бууж суугаад явахаар үнийн асуудал гарах байх. Тийм учраас иргэдийн уншуулж байгаа карт явсан хэмжээнд нь тохирсон төлбөрийг хураадаг болох юм. Дамжиж явсан төлбөр нийлээд одоогийн бидний мөрдөж буй 500 төгрөгт багтах ёстой.

 

ШИНЭЧЛЭЛ ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА

-Парк шинэчлэл гэснээс хэдэн жилийн өмнө улс 400 орчим автобус авч өгч байсан санагдаж байна?

-Тиймээ 2009 онд 400 автобус авч өгсөн. Гэхдээ оператор компаниудынхаа үгийг сонсоогүй. Хоёр сайд гарын үсэг зурж, гэрээ хийгээд л ирсэн. Нөгөөх нь дулаалгагүй, давхар цонхгүй байсан. Одоо та бүхэнд үйлчилж байгаа шүү дээ. Хэрэв тэр үед бидний үгийг сонссон бол өөр байх байлаа. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохгүй байна. Энэ маш буруу. Парк шинэчлэлийн тухайд манай улсын цаг агаарт тохирсон автобусыг захиалгаар хийлгэх хэрэгтэй. Тэгвэл хүн бүр нийтийн унаагаар зорчихыг хүсдэг болно. Энэ нь замын түгжрэлд ч нөлөөлнө. Одоо бол эхнэр, нөхөр хоёр тус, тусдаа унаатай байна. Энэ чинь л бидний бухимдлыг төрүүлж байгаа түгжрэл үүсгэдэг машины тоог нэмээд байгаа юм.

-Автобусыг заавал захиалгаар хийлгэж гаднаас авах шаардлага бий юу. Яагаад гэвэл манайх өөрсдөө автобус үйлдвэрлэдэг болсон биз дээ?

-20 тэрбумыг нийтийн тээврийнхэн авахгүй гэдэг сургаар автобус үйлдвэрлэдэг болчих юм. Энэ бол мөнгө угаалт. Яагаад гэвэл тэр автобус нь 150 мянган ам.доллар буюу 260 сая төгрөгийн үнэтэй. Тэр автобусыг нь манайх болон бусад компаниуд авч чадахгүй гэдгээ хэлсэн. Мөн энэ автобус нь урд хөршид 48 мянган ам.доллар гээд байдаг юм. Энэ бол технологийн горим хангасан унаа. Гэтэл манайхны үйлдвэрлэж байгаа нь 100 айлын зах дээрээс авсан электродоор рамыг нь гагначихсан байгаа юм. Гэхдээ манай салбар онцлогтой гэдгийг санах ёстой. Биднийг авахгүй гэхээр төрийн гурван компанийг нэгтгэж нэгтгэл болгон түүндээ шаардлага хангахгүй автобусаа шахах гэж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид монголд үйлдвэрлэв гэдгээр түрэмгийлж болохгүй гэдгийг л хэлж байна. Монгол хүн юм хийж бүтээж байгааг үгүйсгэхгүй.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих