Солонгос эмээ нар биеэ үнэлэх нь ихэсчээ
Өтөлж хөгшрөх цагт тэднийг хүүхдүүд нь асарч халамжлана гэсэн итгэл үнэмшил Солонгост саяханыг хүртэл байсан билээ. Гэвч улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулахаар зүтгэж яваа шинэ үеийнхэнд үүнээс илүү тэргүүлэх зорилтууд бий болсноор солонгост ахимаг насны эмэгтэйчүүд биеэ үнэлэх нь олширчээ.
Ким Юн Жа бол 71 настай бөгөөд Сөүлийн Жонго-3 метроны буудал дээр зогсдог аж. Тэрбээр шил цуглуулан амьжиргаагаа залгуулдаг Өмнөд Солонгосын иргэдийн нэг аж.
“Тэдгээр эмэгтэйчүүдийг харж байна уу? Тэд бол шил зарж амиа зогоодог надтай адил эмэгтэйчүүд. Заримдаа тэд эрчүүдэд биеэ үнэлж мөнгө олдог. Харин миний хувьд тийм зүйл хийдэггүй. Метроны буудлын дэргэд зогсож байхад эрчүүд надаас тиймэрхүү зүйл асуудаг л юм. Гэхдээ би үргэлж үгүй гэж хэлдэг ” хэмээн тэр хэлсэн юм. Хатагтай Ким өдөрт таван ам.доллартай тэнцэхүйц орлого олдог аж.
Тавь, жар бүр далан настай эмэгтэйчүүд хүртэл энэ цэцэрлэгт хүрээлэнд ирдэг бөгөөд эрчүүдээс ундаагаар дайлах санал хүлээж авснаар тэдний зам нийлж ойролцоох дэм буудал руу явдаг байна.
Ийнхүү далд байдлаар биеэ үнэлэх явдал Сөүлд газар авсан бөгөөд Жонгогийн цэцэрлэгт хүрээлэн бол ахимаг насны эрчүүдийн шатар тоглож, хов жив ярихаар цуглардаг газрын нэг гэнэ. Ахимаг насны хүмүүсийн ийм амьдралын хэв маяг нь XXI зууны Солонгос орны нийгмийн нэгэн том төлөөлөл болжээ.
“Над шиг хүнтэй ярьж суухаас илүү цэцэрлэгт хүрээлэн дэх эмэгтэйчүүд тэднийг сонирхлыг илүү татдаг. Шатар тоглох нэрийдлээр ирсэн өвөгчүүдийн ихэнх нь биеэ үнэлэгчидтэй уулзахаар ирсэн байдаг” хэмээн хатагтай Ким ярьжээ.
81 настай нэгэн эр “Халаасны мөнгөө харуулаад, энэ мөнгөөр би найзуудтай хамт уудаг. Заримдаа тэндээс найз охин ч олж авна гээч. Хамт шатар тоглохыг урьснаар бүх зүйл эхэлдэг. Ердөө 20-30 мянган воннд бүх зүйл багтдаг” гэжээ.
Цагдаагийн газраас энд тогтмол эргүүл хийх боловч баривчилгаа явуулах нь цөөхөн. Баривчилах нь асуудлыг шийдвэрлэх арга зам биш гэнэ. Учир нь ахимаг насны иргэдэд ч мөн адил стрессээсээ ангижрах, бэлгийн хэрэгцээгээ хангах шаардлага байсаар байдаг аж. Харамсалтай нь эдгээр иргэдийн 40 хувь нь бэлгийн замын аль нэг халдварт өвчин туссан байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Нийгмийн анхаарлын гадна үлдсэн эдгээр хүмүүс нэг талаас Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн хохирогчид юм. Цэцэрлэгт ирдэг настайчуудад ямар нэгэн хадгаламж, тэтгэвэр мөн итгэж найдах хамаатан садан байдаггүй. Тэд өөрсдийн эх орондоо гадны иргэн мэт ямар ч хараа хяналтгүй оршсоор байгаа дүр төрхийг харж болно.
Залуучуудын хувьд хөгшин настай болсон эцэг эхээ харж хандана гэдэг өнөөгийн хурдацтайгаар хөгжиж буй, өрсөлдөөнт нийгэмд боломжгүй зүйл хэмээн үзжээ. Энэ нь Өмнөд Солонгосын Засгийн газарт бас нэгэн ярвигтай асуудал болж байгаа тул нийгмийн халамжийн бодлогыг түргэвчлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрээд байгаа гэнэ.
Б.Нямзул
Eagle.mn
URL: