Б.Хулан: Жүжигчин хүн туйлшрах утгагүй

“Ийм нэгэн дурлал”, “Хориотой жүжиг” зэрэг бүтээлээр олонд танигдсан “X ТҮЦ” хамтлагийн жүжигчин Б.Хулан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр урлаг хэмээх өнөр өтгөн ам бүлд багтаад багагүй хугацаа өнгөрчээ. Б.Хулан сүүлийн үед “Dream” телевизтэй хамтран ажиллаж байгаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Жүжигчний мэргэжил сонгосон үеэс яриагаа эхлэх үү?
-Багадаа мөрөөдөж байсан хүсэл минь биелж жүжигчин болсон.1997 онд тайзан дээр гарах боломж олдсоноор урлагийн “гал тогоонд” хөл тавьж байв. СУИС-д ороод удалгүй тайзан дээр гарсан болохоор би өөрийгөө азтай хүн гэж боддог. Түүнээс хойш олон уралдаанд оролцсон.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Би айлын дундах хүүхэд. Гэрийнхнээсээ хамгийн хөдөлгөөнтэй нь байсан. Сургуулиас зохион байгуулдаг урлаг, соёлын арга хэмжээнд байнга оролцохын зэрэгцээ хичээлээ ч орхидоггүй идэвхтэй сурагч байлаа.
-Авьяас удам дагадаг гэж ярьдаг. Таны хувьд?
-Манай эмээ их сайхан дуулдаг хүн байсан. Түүнээс биш манай удамд жүжигчин хүн байхгүй. Би л анхдагч нь болж байна даа.
-Хэчнээн уран бүтээлд тоглосон бэ?
-Таван уран бүтээлд тогложээ. Хамгийн сүүлд “X ТҮЦ”-ийн “Болсон явдал” кинонд тоглосон. Сайн бүтээл болж чадсан. Саяхан кинонд тоглох санал ирсэн. Одоо зохиолтой нь танилцаж байгаа.
-Тавд драмын төрөлд хүч үзэх боломж байсан. Яагаад хошин урлагийг сонгох болов?
-Жүжигчин хүн туйлшрах утгагүй. Уран бүтээлч хүний хувьд олон төрөлд хүч үзэхийг хүсдэг. Уран бүтээлийн минь гараа энэ хамтлагаас л эхэлсэн. Одоо хүртэл ажиллаж байна. Сургуулиа төгсөөд сайхан уран бутээлчидтэй нэг хамт олон болсондоо баярлаж явдаг. “X ТҮЦ” хамтлагт орсноороо их зүйл сурч, мэдэж байгаа.
-Хайрлаж, хүндэлдэг жүжигчин бий юу?
-Хүндэлж, хайрлаж явдаг жүжигчин олон бий. Төрийн шагналт, гавьяат жүжиг-чин Н.Сувд эгчийг хүндэлдэг. Энэ хүний биеэ авч яваа байдал нь сайхан санагддаг. Мөн жүжигчин И.Одончимэг эгчийг урлагт амь биеэ золиослон зүтгэдэг хүмүүсийн нэг гэж боддог. Бие нь өвдсөн ч, ядарсан ч хийх ёстой юмаа хийдэг, дайчин, чадалтай эмэгтэй. И.Одончимэг эгч шиг чадалтай жүжигчин болохыг хүсдэг.
-Нууц биш бол мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Мөрөөдөл хязгааргүй. Мөрөөдлийнхөө захаас нь л биелүүлж явна. Сургуульд орж байхдаа драмын театрын тайзан дээр гарах юмсан гэж мөрөөдөж байлаа. Цаашид мэргэжлээ дээшлүүлнэ.
-Таныг фото мисс болж байсан гэж сонссон юм байна.
-14 настай охин фото миссийн уралдаанд санаандгүй оролцсон. Анхны фото мисс болсондоо баярладаг. Тухайн үед өөрөөсөө туршлагатай хүмүүстэй өрсөлдөж байсан болохоор их сандарч байлаа. Б.Хулан жүжигчин болохоосоо өмнө “фото мисс”-ээр хүмүүст танигдсан юм болов уу
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг бага гардаг. Заримдаа бүхэл өдөржин унтаж үзэх юмсан гэж боддог. Хүн харахад ажил хийхгүй байгаа юм шиг санагддаг байх. Манай урлагийнхан чинь сууж, ярьж, инээлдэж ажлаа хийдэг болохоор хүмүүс ойлгодоггүй. Чөлөөт цаг гарсан үедээ гэр бүл, охинтойгоо хамт байхыг хүсдэг. Цаг л гарвал ээжийнхээ хажууд байхыг боддог. Ажлын ачаалал их, сэтгэл тавгүйтсэн үедээ охиноо хараад урам ордог.

Б.Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих