Н.Алтанхуяг Шадар сайдаар ажиллаж байхдаа “Дойче” банкийг 34 сая ам.доллараар дарамталсан уу, тохиролцсон уу
“Авлигажсан төсөв” гээд битгий улстөржүүлээд бай гэж загнадаг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Авлигын эсрэг хуулийн 3.1 дэх заалтыг зөрчсөн болохыг нотлох нэгэн сонирхолтой баримт олдлоо. Энэ талаар ойрын үед Авлигын эсрэг хуулийн 9.1 дэх заалтын дагуу Авлигатай тэмцэх газарт мэдээлэх гэж байгаа гэсэн мэдээлэл дуулдаж байна. Эдүгээгийн Ерөнхий сайдад холбогдох АТГ-т өгөх мэдээлэл болон уг мэдээлэлд дурдагдах гол сэдэв нь түүнийг Шадар сайд байхдаа буюу 2011 оны гуравдугаар сарын 13-нд Германы “Дойче” банкны Ази дахь дэлхийн санхүүгийн байгууллагын дэд захирал Дэвид Мерфид бичсэн 17 тоот албан бичигтэй холбоотой. Ерөнхий сайдаас ноён Мерфид хаягласан уг албан бичиг бараг хувийн захидал мэт харагдах аж.
Уг албан тоотын эхэнд Германы “Дойче” банк Монголын “Алтайн хүдэр” ХХК-ийн “Таян нуур” хүдрийн уурхайн төсөл дээр хамтарч, тэр тусмаа “Алтайн хүдэр”-ийн толгой компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэгийг олж мэдсэнээ дурджээ.
Цаашилбал, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниуд Германы “Дойче” банктай удаан хугацаанд хамтран ажиллах болсон. Гэтэл “Дойче” банк, “Алтайн хүдэр” компани хооронд үүссэн борлуулалт, суурилуулалтын гэрээн дээрх үл ойлголцлоос болж Хонгконг дахь Арбитрын шүүхэд хандан гомдол хүргүүлэхээр хэлэлцэж байгаа нь харилцаанд ан цав суулгах, “энэ талаар олон нийт мэдвэл Дойче банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө” хэмээн санаа зовних, сүрдүүлэхийн завсарт өгүүлээд авсан байх юм. Ингээд “Тиймээс та бүхнээс Алтайн хүдэр ХХК-тай анх байгуулсан борлуулалт, суурилуулалтын гэрээнд заасны дагуу Таян нуур хүдрийн уурхайн төслийг хөгжүүлэх зорилгоор 34 сая ам.доллар дээр харилцан тохиролцоно уу гэж эелдгээр хүсч байна” гэжээ.
Энэ юу вэ? Дарамт шахалт уу. Гуйлт уу. Аль нь ч байлаа гэсэн тухайн үед эрхэлж байсан албан тушаалын хэмжээнд авч үзвэл “Албан тушаалаа урвуулан ашигласан” болох нь харагдаж байна. Учир нь Засгийн газрын Шадар сайдын албан тушаал бол Авлигын эсрэг хуулийн 4.1.1-д заасан авлигын хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гарцаагүй мөн. Гэтэл дээрх албан тоотод дурдсан агуулгаар бол “Алтайн хүдэр” ХХК-д давуу байдал олгох, үүний тулд гадаадын банкнаас давуу байдал олгохыг шаардсан байгаа биз.
Хамгийн ноцтой нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хоорондоо асуудлаа тохиролцоход нь 34 сая ам.долларын квот буюу үнэлэмж тогтоох ямар шаардлага байсан бэ. Яагаад “тохиролцооны тэрхүү ханшийг” Шадар сайд тогтоож албан бичиг илгээв гэдэг нь анхаарал татаж байна. Гэвч анхаарал татах цаг дууссан. Одоо хуулийн ямар зүйл, заалт зөрчив гэдгийг харъя. Шадар сайд гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалд хамаарна. Энэ заалтад хамаарах этгээд бусдад давуу байдал олгох, хуулийн этгээдээс давуу байдал олж авах, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авлига гэж үзнэ хэмээн Авлигын эсрэг хуулийн 3.1.1-д заасан байдаг.
Энэ хуулийн 3.1.2-т заасан “ашиг хонжоо” нь хаана байна вэ гэвэл “Алтайн хүдэр” ХХК-д давуу байдал олгож үүний дагуу тус компани 34 сая ам.долларыг л банкинд төлөх болж байгаа нь “эдийн ашигтай” байдал. Үүнээс гадна “эдийн бус” ямар хэмжээний ашиг хонжоо олсныг таашгүй.
Ямар ч байсан энэ үйлдэл, дээрх албан тоот Н.Алтанхуягийг Авлигын эсрэг хуулийн 7.1.2 дахь заалт “зуучлах”, 7.1.3-т заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6 буюу “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх” гэсэн заалтуудыг зөрчжээ.
Цаашилбал, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”-н хамтын ажиллагааг албан тоотдоо дурдсаны учир нь “Дойче” банкинд үзүүлэх сүрдүүлэг, шахалт биш юм аа гэхэд “сөрсөн базаа” гэгч шиг нэгэн төрлийн мэх сануулга болсон байж болзошгүй нь дээрх бичгээс харагдаж байна.
Магадгүй, хамтран ажиллах түншээрээ сонгон шалгаруулсныхаа шагналыг нэхсэн, эсвээс “Сайн санаж явсан, муу санаж бас чадна” гэсэн дохио байв уу гэлтэй.
Магадгүй, хамтран ажиллах түншээрээ сонгон шалгаруулсныхаа шагналыг нэхсэн, эсвээс “Сайн санаж явсан, муу санаж бас чадна” гэсэн дохио байв уу гэлтэй.
URL: