Л.Гантөмөр: МУИС-ийн захирал хувьдаа нэг ч төгрөг аваагүй , Б.Болд-Эрдэнэ: А.Галтбаярт шинэчлэл хийх чадвар байхгүй
МУИС-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тус сургуулийн багш нарын төлөөллийг өнгөрөгч баасан гаригт хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон тус сургуулийн Багш нарын холбооны тэргүүн Д.Болд-Эрдэнэ нараас дараах асуултад хариулт авснаа хүргэе.
-МУИС-ийн захирал А.Галтбаяртай холбоотой сөрөг мэдээлэл нэлээдгүй гарч байна. ШӨХТГ-аас А.Галтбаяр захиралтай холбоотой албан бичгийг таньд хүргүүлсэн гэсэн. Салбарын сайдын хувьд энэ асуудалд хэр анхаарал хандуулж байна вэ?
-Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлтэй холбоотой ажлыг сүүлийн хоёр жилд эрчимтэй хийж байна. Мэдээж хүсэн хүлээж байгаа очих цэг нь манай улсад хэрэгтэй, үнэ цэнэтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршиж байгаа юм шүү дээ. Шинэчлэл хийхэд нэгдүгээрт, цаг хугацаа хэрэгтэй. Хоёрдугаарт, шинэчлэл хийх замд олон эерэг болон сөрөг үзэл бодол гарч ирж байна. Тиймээс тухайн сургуульд ажиллаж байгаа хүмүүс хоорондоо ярилцаж, асуудлаа шийдэх учиртай.
Зарим нэг зүйлийг үнэхээр шийдэхийн аргагүй ч байж мэднэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийг хийж байгаа хүмүүс зарим нэг зүйлийг өөрийнхөө санаа бодлоор хийхээс аргагүй тийм зүйл ч гарч ирнэ. Санаа бодол нь зөрчилдөөд байгаа хүмүүс хоорондоо сайн ярилцах хэрэгтэй гэсэн байр суурийг салбарын яамных нь сайдын хувьд барьж байна.
Миний зүгээс цэвэр үр дүн шаардана. Үр дүн нь хүүхдүүд элсдэг үйл явц ил тод, нээлттэй байх ёстой. Арын хаалгаар хүүхэд тухайн сургуульд элсч ордоггүй байх хэрэгтэй. Мөн багш өнөөдрийг хүртэл хуримтлуулсан мэдлэгээ ганцхан сургалтад зориулаад дуусах биш өөрийгөө хөгжүүлдэг бололцоог бий болгох юм.
Мэдээж ийм үр дүнд хүрэхийн тулд жижиг бүтцээр явах бололцоо байхгүй. Хүн болгонд таалагдах боломжгүйг ойлгох хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр хүн болгонд албан тушаал өгч чадахгүй. Өнгөрсөн хугацаанд 200 доктор байсны наян хувь нь дарга байсан. Багш, эрдэмтэд хоорондоо ойлголцохгүй зүйлс байгаа юу гэвэл байгаа. Үүнийг бид цаг хугацаагаар даван туулна гэсэм итгэл үнэмшилтэй байна.
-МУИС-ийн захирлын талаар тайлбар хийхгүй юу?
-А.Галтбаяр захирлын талаар оюутнуудынх нь яриад байгаа зүйл юу вэ гэхээр 2011 оны шийдвэр. Өмнөх захирал Төмөр-Очирын үед сургалтынхаа төлбөрийг нэмсэн юм билээ. Харамсалтай нь тухайн үед нэмсэн төлбөрөө авалгүй яваад байсан байгаа юм. Хуучин арга нь юу вэ гэхээр оюутнаа төгсөх үед ямар нэгэн кредит болон санхүүгийн төлбөрөө сургуулиас нь төлөхийг шаарддаг. Энэ уламжлалаараа л явсан гэсэн үг.
Мэдээж сургууль удирдаж байгаа хүн А.Галтбаяр, өөр хэн нэгэн байна уу гэдэг нь хамаагүй мөнгөө авах тухай асуудлыг тавина шүү дээ. Нөгөө талдаа оюутнууд өнөөдрийг хүртэл биднээс аваагүй байж яг төгсөх болохоор авдаг нь ямар учиртай юм бэ гэж байна. Тиймээс энэ асуудлаар бид оюутнуудаас өргөдөл авч байгаа.
Үнэхээр сургалтын төлбөрийнхөө үлдэгдлийг төлөх чадваргүй хүүхэд байгаа бол Удирдах зөвлөлөөрөө шийдвэр гаргана. Яагаад гэхээр 2011 оны шийдвэр нэгдүгээрт Удирдах зөвлөлийн шийдвэр байсан, хоёрдугаарт сургуулийн захирлын тушаал байсан. Тэгэхээр Удирдах эөвлөлийн хурлаар эсэргүүцэж жагсаад байгаа оюутнуудын асуудлыг шийдэх байх.
Мөн өөр бусад хүний А.Галтбаярыг шүүмжилж байгаа анги хооронд шилжихэд хандив авсан байна гэж байгаа юм. Энэ асуудлын эцсийн шийдвэрийг шүүхээр гаргуулах байх гэж бодож байна. Үүнийг А.Галтбаяр захирал өнөөдөр санаачилсан юм биш. 1998 оноос хойш МУИС дээр хэрэгжиж байсан зүйл. Түүнээс биш А.Галтбаяр захирал хувьдаа нэг ч төгрөг аваагүй.
Б.Болд-Эрдэнэ: А.Галтбаярт шинэчлэл хийх чадвар байхгүй
-МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол багш нарыг хүлээн авч уулзлаа. Юунаас болоод багш, оюутнууд сургуулийнхаа захирлын эсрэг байр суурьтай болчихов?
-МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол болон Ч.Хүрэлбаатар гишүүнтэй уулзлаа. Бид Монгол Улсын дэзд боловсролын шинэчлэлийн талаар болон МУИС-д үүсээд байгаа нөхцөл байдал, өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд сургууль дээр юу болж өнгөрөв зэрэг асуудлаар санал солилцлоо.
МУИС-ийн захирал А.Галтбаяр шинэчлэл хийж чадах хүн биш. Их сургуулийн хүрээнд хийж байгаа ажил өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Мөн А.Галтбаяр захирлын өөрийнх нь томилсон 10 дэд захирал, сургалтын албаны дарга, тэнхмийн эрхлэгч нар энэ хүнтэй ажиллаж чадахгүй гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт албан бичгээр хүргүүлсэн.
МУИС дээр үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдэхгүй бол багш, оюутнуудын амралт эхлэх гэж байна. Ирэх есдүгээр сарын 1 гэхэд дахиад л бүх зүйл тодорхойгүй, ойлгомжгүй байдал үүснэ. Шинэчлэлийг яаж хийх ёстой вэ гэхээр дээд боловсролын хууль, стандартаа өөрчлөх ёстой. Их, дээд сургуулиудад бие даасан байдал хэрэгтэй байна.
Нэг улс төрийн хүчин гарч ирэхээрээ өөрийнхөө хүнийг захирлаар томилдог. Тэр нь тухайн сургуулийн уламжлал болон тогтсон зүйлсийг үгүйсгэж, өөрийнхөө хүрээнд асуудлыг шийдэж байна. Энэ бүхнээс болж багш, оюутнууд хохирч байна шүү дээ.
А.Галтбаяр өнөөдөр юу хийж байна вэ гэхээр хэдэн дарга нарыг сольж, тэнхмүүдийг нийлүүлсэн. Жинхэнэ шинэчлэлийг хөтөлбөр, хөтөлбөрийн агуулгад хийх ёстой. Түүнээс биш үйлдвэрийн газар шиг бүтэц, шат дамжлагыг нь өөрчлөхөөр сургалтын чанар сайжирдаггүй л байхгүй юу.
-Захирал А.Галтбаяртай холбоотой 300 гаруй сая төгрөгийг ярьж байна. Энэ ямар учиртай мөнгө вэ?
-А.Галтбаяр захирлыг ирэхээс өмнө 347 сая төгрөгийн асуудал манай сургуульд байсан. Хүүхэд шилжиж ирэхээр хязгаарлаж, зогсоохын тулд шилжилтийн төлбөр гэж авдаг байсай юм. Миний ойлгож байгаагаар өнгөрсөн жил ийм төлбөр авахаа болъё гэж шийдсэн.
Гэтэл өнгөрсөн намар, өвөл А.Галтбаяр захирал дур мэдэж шилжилтийн төлбөрийг авсан. Өөрөө юу гэж ярьдаг вэ гэхээр номын сантай болохын тулд авсан гэдэг. Мөнгө санхүүгээ өөр замаар босгох ёстой шүү дээ. Ер нь төрийн өмчит сургуулиуд оюутнуудаасаа л мөнгө авдаг. Гол зүйл нь МУИС хүнд байдалд орчихлоо шүү дээ.
Багш нар нь сэтгэлгүй, оюутнууд нь ямар ч мэдээлэл ойлголтгүй. Энгийн жишээ хэлье л дээ. МУИС дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбээр 2600, ШУТИС 6000-д бичигддэг. Монгол Улсын хамгийн нэр хүндтэй сургуулийг хүчгүйдүүлж, хамт олныг нь хагаралдуулж байна. Хөтөлбөрийн шинэчлэл гэдэг юм ч манай сургуульд зогссон. Хөтөлбөрийн түр журам гэж л байгаа. МУИС хэзээ ч түр журмаар ажлаа хийдэггүй байсан.
С.Дулам
Эх сурвалж:
URL: