Хөвсгөл нуурт Казино байгуулъя

хөвсгөлД.Сүрэнжав

Хүн төрөлхтөн их л эртнээс тоглоомонд хорхойсож амралт, чөлөөт цагаараа алжаалаа тайлж, баясаж цэнгэсээр иржээ. Монголчууд баясаж наадах тоглоомоос бас хоцорсонгүй.

Даалуу, хөзөр,  үүчүүр, хорол, шатар, шагай, оньсон тоглоомууд гээд олон төрлийн тоглоомоор тоглож ирж. Хаа сайгүй өвөгчүүл сүүдэр бараадан бооцоо тавин өдөржингөө жаа хөөж байгаа нь элбэг болов. Тоглоом гэдэг хүний сонирхол, эрхийн асуудал болохоор  чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нь тэр аж.

Тэдэнд нэг бооцоот тоглоомын газар байгуулаад өгчихвөл салахгүй улс юм даа гэж бодогдоно. Орон оронд үндэсний шинжтэй тоглоомууд байдаг авч хөзрөөр тоглодоггүй орон гэж байдаггүй бололтой.

1990 оноос хойш Монголд Казино байгуулах тухай олонтой ярьсан авч хэрүүлийн алим ургуулж нам зогсоосон билээ. Нэг хэсэг нь Казино манайх шиг ядуу орны төсөв бүрдүүлэхэд өгөөжтэй, улсын сан хөмрөгөнд аяндаа мөнгө цутгаад ирнэ хэмээн айлдахад нөгөө хэсэг нь Казино бол аймшгийн газар, хэн нэгнээ тамын тогоонд түлхэн оруулж золиосолдог, хэрүүл шуугиан, хэрэг төвгийн уурхай хэмээн ад шоо үзсээр зогсоосон.

“Казиногийн хэрэг” гэж сүр дуулиантай хэрэг гарч УИХ-ын гурван гишүүн, бас нэг банкны эдийн засагч шоронд хоригдож казино бол аймшиг гэсэн хар пиар хаа сайгүй тархав. Казиногоос айгаад байх зүйл биш. Аялал жуулчлал хөгжиж байгаа өнөө үед Хөвсгөл нуурт дэг журмыг нь чанд барьсан, тохилог сайхан Казино байгуулъя.

Хатгалд юмуу, Хөвсгөл нуурын аль нэгэн үзэсгэлэнтэй газар тансаг зочид буудал брьж, тоног төхөөрөмж ажиллах хүчнээр хангая. Харуул хамгаалалт, сонор сэрэмжээ өндөржүүлж, эзэн богд Чингисийн айлдсанаар “хар нүдээ үл ирмэн, хавтгай чихээ дэрэнд үл тавин магнайн хөлсөө уланд хүртэл, улны хөлсөө магнайд гартал хичээн чармайж ажиллавал” эрсдэл эндэгдэл гарах ёсгүй.

Эс бөгөөс 2-3 давхар хөлөг онгоц худалдан авч дэлгэр зуны цагт Хөвсгөл нуурт нүүдлэн явж уран байгалийн унаган төрхтэй танилцан казино тоглуулан дэлхийн дэлдгэр чихэнд хүргэж, жуулчдыг уриалан дуудья. Казиног ганц Хөвсгөлд биш, Улаанбаатар, Замын үүд, Сэлэнгийн чөлөөт бүсэд байгуулбал нэг казиногоос нөгөөд очиж тоглох хүмүүс нэмэгдэж эдийн засгаар туйлдсан өнөөгийн нөхцөлд улсын сан хөмрөгт багагүй мөнгө ороод ирнэ.

Ер нь покер тоглолоо гэж хорьж цагдаж, баривчилж байцаадаг хуулиа, дэг журмаа өөрчилье. Улсын сан хөмрөгөнд гар дүрээгүй, өөрийнхөө хэдэн бор юмаар бооцоо тавин тоглож болохгүй гэж үү? Хэн ч хэзээ ч дэг журам зөрчөөгүй өвгөд, залуусыг улс төржүүлж гутаахын хэрэггүй биз.

Бид Хөвсгөл нууртаа казино байгуулбал олон улсын томоохон”гаруудыг” урьж чамгүй доллар олж аймгаа хөгжүүлж болох байна. Казиногийн хорхойтой дэлхийн томоохон баячууд, тэрбумтнууд онгоц хөлөглөн ирж бямба, ням гарагт алжаалаа тайлж хорхойгоо дараад буцна шүү дээ.

Ингэх нөхцлөөр хангахын тулд бид Хатгалын онгоцны буудлыг чамбай тохижуулж, мөнгөө багтааж ядсан эрхэмсэг зочдыг таван одтой тансаг буудалд байрлуулж, Монголынхоо өгөөжтэй нүнжигтэй, чамин идээ ундаагаар дайлж, нэгэн удаа ирснийг нэмж өнжихөөр, хоёр удаа ирснийг хоргодон саатахаар сэтгэлийн утсыг нь хөндөж чадваас мөнгө шороо шиг шуурч, бороо шиг асгарах болно.

Тоглохоор ирж байгаа саятан, тэрбумтнуудыг элэгсэг найрсагаар хүлээн авч дотно дулаанаар үйлчлэх хэрэгтэй. Хөвсгөл нуурт ирж байгаа гадаадын жуулчдын дунд казиногийн хорхойтон олон байдаг нь энэ ажлыг улам ч өгөөжтэй болгоно. Дотоодын жуулчид ч казино тоглох хорхойгоо дарж улсынхаа сан хөмрөгт мөнгө хандивлана.

Казино гурван зэрэглэлтэй байвал оролцох хүмүүс нь олон, түрийвчнийхээ зузаан нимгэнээс шалтгаалж тоглох болно. Их гарынхан сая, саяар, тэрбум тэрбумаар тоглог, дунд гарынхан торийвчнийхээ хэмжээгээр хорхойгоо дарж дээд зиндаанд хүрвэл азтай аавын хүүгийн өмнө шортой мах болог.

Доод зэрэглэлийнхэн ч бас л хорхойгоо дарж аз нь харьчихаагүй бол овоо хэдэн доллар хожихыг хэн байг гэх вэ? Тоглогчид урьдчилгаа төлбөр төлж, хожсон нь зохих хураамжаа төлнө. Тоглоомын хураамж Хөвсгөл аймгийн төсвийг тэр аяар нь бүрдүүлэхийг хэн байг гэх вэ? Бид овсгоо сүйхээтэй, дэг журмаа чанд барьж ажиллавал Казино хэмээх саалийн үнээнээс сая саяар нь мөнгө сааж болох байна.

Казино бол “хадны мангаа” биш. Түүнээс айж эмээж, сүрдэх хэрэггүй. Онцгой хяналтын  дор олон улс оронд байгуулан ажиллуулж байгаа зүйлээс бид дөлж зугтаагаад юу хожих юм. Казино байгуулах цаг нь болсон. Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа Хөвсгөл нуурт казино байгуулах нь оройтох тийшээ болж байна.

“Оройтсон бороо”-ны шимийг хүртэж олигтойхон, овсгоотойхон ажиллаваас бас ч өгөөжөө өгч туйлдаж ядарсан эдийн засгаа сэргээхэд тус дэм болох биш үү? Монголчууд тоглоомонд одтой, сийрэг ухаантай, авхаалж самбаатай. Казинод мөнгөтэй бол өнгөтэй, мөрийтэй бол хожоотой гэсэн итгэл үнэмшлээр тоглох хэрэгтэй.

Хөвсгөл  аймаг “Эрх чөлөө” сонин


URL:

Сэтгэгдэл бичих