50 тэрбумын үлдэгдэл 18 тэрбумд аудитын дүгнэлт гаргуулахыг шаардлаа
Ерөнхий сайдын 2013 оны улсын төсвийн 50 тэрбумын багцын хөрөнгө оруулалт, зарцуулалтын талаарх мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Ерөнхий сайд өөртөө ямар ч задаргаагүй 50 тэрбум төгрөг хуваарилж болохгүйг УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа сануулж, Төсвийн болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөхийг шаардсаар ирсэн боловч олонхи хүч түрэн баталсан. Мөн 50 тэрбумын зарцуулалтыг олон нийтэд тайлагнахыг МАН-ын бүлгээс шаардсаар ирснийг уг дүгнэлтэд онцоллоо.
Ерөнхий сайдын мэдээллээс дүгнэхэд 50 тэрбум төгрөгийг нийт долоон багц арга хэмжээнд Засгийн газар зарцуулжээ. Тухайлбал, замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгох, баруун гурван аймагт битүү зах, худалдааны төв барих, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барих, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлах, Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулах, 11 аймагт оношлогооны төв бий болгоход зарцуулсан байна.
Гэхдээ Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ. Үүнээс 2013 оны төсвийн жилд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 26,342,659,844 төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байх бөгөөд үлдсэн зөрүү болох 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны төсвийн жилд хэрхэн санхүүжүүлсэн нь тайлбар шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй зөрчсөн, Ерөнхий сайд буюу уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч Н.Алтанхуяг Төсвийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.4 “төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах”, 41.2.6 “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 41.2.7 “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах” үүргээ хангалтгүй биелүүлсний үр дүн гэж үзэхэд хүргэж байна.
Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн санхүүжилт, түүний гүйцэтгэл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх болон 2014 оны төсөвт тусгагдаагүй үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар Үндэсний аудитын байгууллагаар тусгайлан дүгнэлт гаргуулж, тендерийн хууль тогтоомж зөрчсөн байх үндэслэлтэй асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж байна.
Тав дахин үнэтэй системийн талаарх шүүмжлэлд Засгийн газар хариулт өгсөнгүй
Дүгнэлтэд замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар төлдөг системийг нэвтрүүлэхийг юуны өмнө зөв зүйтэй гэж үзэж, ач холбогдлыг нь үнэлж байгааг дурджээ. Харин уг ажлын төсөвт өртөг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндөр болсон гэсэн олон нийт шүүмжилж байгааг судалж үзэхэд үндэслэлтэй байна. 350 ширхэг гар комьпютер, хэвлэгч худалдан авахад 1.8 тэрбум төгрөг зарсан байх бөгөөд нэг иж бүрдлийг таван сая төгрөгөөр авчээ. Гэтэл Bixolon брэндийн энэхүү тоног төхөөрөмж зах зээл дэх үнэлгээ нь 300-800 мянган төгрөг байдгийг тус компанийн вэб сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шүүмжлэлд Засгийн газар тодорхой хариултыг өнөө хэр өгөөгүй байна гэжээ.
Мөн шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох хэрэгцээ шаардлагыг ойлгож, үнэлж байна. Гэхдээ энэ нь чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн зарчимд шилжсэн уг салбарт 880 сая төгрөгөөр найман ширхэг автомашин татвар төлөгчдийн мөнгөнөөс авч өгөх эн тэргүүний гарцаагүй хэрэгцээ шаардлага, зарчим байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хэдэн машин, ямар машин авсан тухай мэдээлэл ч танилцуулгад алга байна. Энэхүү багцад тусгагдсан 1.9 тэрбум төгрөгийн зарцуулалтын эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын үр өгөөж, үнэ цэнэ тун тодорхой бус байх бөгөөд зарим тоног төхөөрөмжүүд нь шаардлага хангаагүй гэдгээр одоо хүртэл хүлээн авагдаагүй, хууль тогтоомжийн дагуу тендер зохион байгуулагдсан эсэх нь ч бүрхэг байна.
50 тэрбумын багцаас 120 ТҮЦ машиныг Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд байрлуулахаар тусгагдсан хэдий ч тендерийн маргаан гарч энэ асуудал шийдэгдээгүй байгаа гэсэн тайлбарыг Засгийн газар ирүүлсэн байна. Гэтэл энэхүү 50 тэрбумын багцыг оруулан Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагч нь байдаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар 2012-2014 онд “цахим засаглалын мэдээллийн сан, мэдээллийн системийг хөгжүүлэх”, “иргэдийн өргөдөл гомдлын ухаалаг тайлангийн систем” гэх төсвийн гурван өөр эх үүсвэрээр нийт 117 ТҮЦ машин суурилуулсан гэх мэдээлэл байна. Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэдэг ухаалаг систем нь гагцхүү ТҮЦ машинаар хязгаарлагдах уу, энэ нь яван явсаар сүүлдээ хэсэгхэн хүний бизнес хийдэг хэрэгсэл болж хувирч байгаа юм биш үү гэсэн эргэлзээ, тээнэгэлзэл ч байна. Учир нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын даргын байнгын хороонд зургадугаар сарын 4-нд хийсэн мэдээлэл ёсоор бол нэг бүр нь 11 сая төгрөгийн үнэтэй нийт 117 ТҮЦ машины нийт өртөг 1.2 тэрбум байх ёстой атал одоо нэгэнт 179 ширхэгийг суурилуулсан бөгөөд цаашид 89 ТҮЦ машин суурилуулах гэж байгаа, нийт төсөв нь 4.5 тэрбум болж буй гэх мэдээлэл ч бидэнд байна. Цаашилбал, долоон тэрбум төгрөгөөр сумдад концессын гэрээ байгуулж суурилуулна гэх мэдээлэл бас байна. Энэ бүх зөрүүтэй, төсвийн хууль тогтоомжийн зардал нэг бүрээр ялгамжтай баталсан зардлыг ТҮЦ машин гэх ганцхан “уут” болгон зарцуулж буй асуудалд дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл хийх, шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах саналтай байна.
Ерөнхий сайдын зөвлөх Ашиг сонирхлын хууль зөрчсөн
Битүү зах, худалдааны төв нь алслагдсан баруун аймгийн иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан, үр дүнтэй ажил болж чаджээ гэж үзэж байна. Гэхдээ энэхүү ажлын зарцуулалтыг шалгасан Авлигатай тэмцэх газар уг ажлыг хуулийн дагуу нээлттэй тендер зарлалгүй, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх гэгч нь тендерийн үнэлгээний хороонд орж найзынхаа компанид Ашиг сонирхлын хууль зөрчиж олгожээ гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг нь хянаж хуулийн дагуу тендерийг явуулах ёстой Худалдан авах ажиллагааны агентлагийн газрын дарга Д.Энхжаргал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар ийнхүү тендерийн хууль зөрчигдсөн гэрээг албажуулан баталж, санхүүжүүлсэн асуудалд Ерөнхий сайд ямар дүгнэлт өгч байна вэ? Мэдсэн ч эс мэдэгчийн дүр гарган аанай л хаацайлаад өнгөрөх үү гэж МАН-ын бүлэг асууж, нэхэж шаардаж байна.
Мөн Нийслэлийн иргэдийн амралт, чөлөө цагаа өнгөрөөх орчныг сайжруулах хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам, спортын цогцолбор барих ажлыг хэрэгжүүлснийг сайшааж, дэмжиж байна. Нийтдээ таван тэрбум төгрөгөөр байгуулсан уг ажлыг тендерийн хуулийн дагуу явуулсан эсэх, хөрөнгийн задаргааг мөн нарийвчлан үнэлэх аргагүй, мэдээлэл ирүүлээгүй. Мөн Залуучуудын соёлын төвийг 1.7 тэрбум төгрөгөөр сэргээн засварласан “Хаш ган эрдэнэ” компани нь 1 сая төгрөгийн дүрмийн сантай компани байх бөгөөд уг ажлын тендер сонгон шалгаруулалт ямар журмаар явагдсан тухай мэдээлэл хаалттай байна.
Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулах, 11 аймагт оношлогооны төв бий болгох ажлын тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер, түүний сонгон шалгаруулалт, гүйцэтгэлтэй холбогдсон дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын байгууллагууд гаргаж өгөхгүй цааргалсан хэвээр байна. Уг тоног төхөөрөмжүүд холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер зарлагдаж явагдсан эсэх, тендер зарласан техникийн нөхцөлүүдээ бүрэн хангасан эсэх, тэдгээрийг ажиллуулах мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэсэн эсэх гэх мэт үр дүнгийн талаар мөн л мэдээлэл өгөхгүй байгаатай холбогдуулан дүгнэлт гаргах боломжгүй байна гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлтдээ дурджээ.
URL: