Н.Энхбаярыг бие даагчид албан бус бүлэг байгуулан бэлэг барьж угтах нь
Саяхан буюу өнгөрсөн зургадугаар сарын 1-нд МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн өдөр болсон. Түүний төрсөн өдрөөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй намынх нь нөхөд БНСАУ-д очицгоосон байдаг. Олон нийт намынхаа даргыг эргэж, төрсөн өдрийг нь тэмдэглэхээр явсан гэж харцгааж байгаа ч энэ тун гэнэн төсөөлөл гэдэг нь саяхан болсон үйл явдлаас харагдах болов. Өөрөөр хэлбэл МАХН-ын удирдлагууд БНАСУ-ыг зүгээр ч нэг зорьж очоогүй тухай баттай эх сурвалжийн мэдээлэл байна.
Н.Энхбаярыг намынхаа нөхдүүдтэй байсхийгээд нэг уулзах, тэд нар нь эргээд монголд ирэхэд улс төрийн амьдралд заавал нэг үйл явдал өрнөж байдаг нь нууц биш. Тэгвэл энэ нууц биш үйл явдлын нууц өрнөсөн нэг үйл явдал бол УИХ-д албан бус бүлэг байгуулах тухай болж таарав. Н.Энхбаяр энэ ажлыг зохион байгуулахдаа бие даагчдын зөвлөл буюу бие даагч гишүүдээр дамжуулан хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ер нь бодоод байхад Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албанаас буугаад дуугарч эхэлсэн сэдэв бол уул уурхай, тэр дундаа Оюу толгой, Таван толгойн асуудал байдаг. Буруу замаар будаа тээж байгаа тухай удаа дараа дуугарсныхаа төлөө улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн ч гэж зарим нэг нь хэлдэг. Харин түүнийг хоригдож, өлсч байхад дээрх уул уурхайн асуудлаар дуугарч эхэлсэн хүмүүс нь одоогийн УИХ-ын бие даагч гишүүд юм. Эндээс тэд хоорондоо тохиролцож хамтран ажиллахаар болсон байж болох юм гэдэг нь харагдаад байгаа. Эх сурвалжийн хэлснээр бол Н.Энхбаяр бие даагчидтай дараах байдлаар тохиролцсон гэнэ. Шударга ёс эвслийн бүлэг болон АН-аас тодорхой нэр бүхий гишүүдийг өөрийн эгнээндээ элсүүлж, албан бус бүлгээ байгуулах, ингэхдээ Шударга ёс эвслээс нэр бүхий гишүүдийг бодлогоор элсүүлэх, Ардчилсан намаас намтайгаа таарч тохирдоггүй, нүд үзүүрлэгддэг хэд хэдэн гишүүдийг урьж хамтрах замаар тус бүлгээ цаад тал нь 15 наад зах нь 10 гишүүнтэй болгох. Ингэснээр уул уурхайтай холбоотой томоохон хууль тогтоомжууд ногоон гэрлээр батлагдаж байгааг болиулах, улмаар өөрсдийн байр суурийг бэхжүүлэх аж. Гэхдээ бие даагчид болон Н.Энхбаярын өвөр зуурын тохиролцоо чухам юу вэ гэдэг тодорхой бус үлдлээ. Ямар ч байсан Н.Энхбаяр гэдэг хүний нэр нөлөө, улс төрийн бодлого зорилт хэзээ ч уналтад ордоггүй юм байна гэдэг нь тодорхой болж байна. Тэрээр удахгүй монголд ирэх тухай мэдээлэл гараад байгаа. Тэгвэл түүнийг ирэхээс өмнө бие даагчид болон Шударга ёс эвслийнхэн албан бус бүлэг байгуулж, бүлгийнхээ үйл ажиллагааг жигдэлснээр бэлэг барьж угтах нь.
URL: