Монгол гэр моодонд орж байна

монгол гэрДэлхийн их дээд, сургуулиуд хотхондоо орчин үеийн байгууламж барихыг зорьдог бол Канадын Бритиш Колумбын их сургууль эсрэгээрээ эртний нүүдэлчдийг санагдуулахуйц гэр барьсан тухай news.ubc.ca цахим хуудас мэдээлжээ. 65 ам метр талбай бүхий уг гэрт тус их сургуулийнхан сургалт, лекц зохион байгуулах аж.

Бритиш Колумбын их сургуульд архитектурын чиглэлээр суралцан, магистрын зэрэг хамгаалсан Деррек Трэвис “Гэр барихад их хугацаа шаарддаггүй. Мод, ноос гэсэн материал ордог тул байгальтай ойр байгаа мэт санагдуулдаг” хэмээн ярьжээ. Дашрамд дурдахад, Хойд Америкт 1960-аад оны үед анх гэр барьж байсан гэнэ.

Сүүлийн жилүүдэд тэнд монгол гэрийг олноор барих болжээ. Бритиш Колумбын их сургуулийн хотхонд барьсан гэрийг Орегон муж дахь “Pacific Yurts” компаниас худалдан авсан гэнэ. Тус компанийнхан гэрийн хэмжээнээс хамаарч 4810-10.290 ам.доллараар борлуулдаг гэнэ. Швейцарийн Монтрей уулын 2024 метр өндөрт монгол гэр барьсан, манай “Modern ger” компани Франц улс руу гэр экспортолдог тухай бид өмнө нь мэдээлсэн. Гаднын орнуудад монгол гэр моодонд орж байна.

tvmongolia.mn


URL:

Сэтгэгдэл бичих