Венецийн даргыг авлигын хэргээр баривчлав

1Венец хотын дарга Жоржо Орсони болон өөр хэд хэдэн улстөрч, компанийн захирлуудыг авлига хээл хахууль, залилангийн хэргээр баривчилжээ. Тэднийг “Газар дундын тэнгис дэх сувд”-ыг байнга тохиолдох болсон үерийн аюулаас аврах олон тэрбумын төслийн хөрөнгөөр гараа угаасан хэмээн хэвлэлд бичсэн байна.

Жилээс жилд усанд автаж буй Венецийг аврахын тулд усан доогуур тулгуур хийх зэрэг бүтээн байгуулалтын асар их ажил төлөвлөсөн, түүнд зарцуулах хөрөнгийг ч гар таталгүй төсөвлөсөн байна. Гэтэл төлөвлөсөн ажлаар далимдуулан мөнгө угаах, авлига өгөх зэргээр санхүүгийн будилаан хутгаж эхэлсэн нь хуулийнханд ил болжээ. Венецийн Прокурорын газраас авсан мэдээллээр уг хэрэгт холбогдуулан 35 хүнийг саатуулсан гэнэ. Шалгаж эхэлснээс хойш энэ дуулиант хэрэгт нийтдээ 100 орчим улстөрч, бизнесмэн нэр холбогдсон. Тэд шийдвэр гаргах замаар олон тэрбумын хөрөнгийг шамшигдуулахад гар бие оролцсон, төслийн дагуу хийсэн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөрөнгөнөөс хумсалсан нь эхнээсээ нотлогдож буй аж.

Тиймээс Прокурорын газраас парламентын гишүүн Жанкарло Галаныг баривчлах зөвшөөрөл албан ёсоор хүссэн байна. Жанкарло Галан С.Берлусконигийн Засгийн газарт Хөдөө аж ахуй, Соёлын сайд байсан бөгөөд үүнээс өмнө Венето мужийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн гэнэ.

Төслийн хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэх эл дуулиант хэргийг цагдаа, прокурорынхон хоёр  жилийн  өмнөөс  шалгаж
эхэлсэн. Өнгөрсөн оны хоёрдугаар сард барилгын томоохон компанийн топ менежерүүдээс эхлэн буруутай хүмүүсийг баривчилж заримыг нь гэрийн хорионд суулгаж буй юм. Хамаатай хүмүүсийн тоо үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд Италийн Дэд бүтэц, тээврийн сайд Алтеро Маттеолиг холбоотой байж магадгүй гэх сэжиг таамаг ч бий аж. Нэгэнт энэ хэрэгт төр, засгийн дээд түвшний хүний нэр холбогдож буй тул Венецийн Прокурорын газраас уг хэргийг Италийн Дээд шүүхэд шилжүүлэх бололтой.

 

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих