Барилгад нүүрэлсэн Монгол гамшиг
Их хотын хөл хөдөлгөөн, машин тэрэгний дуу чимээнээс хол, утаа тортгоос ангид, эрүүл цэвэр агаарт амьдрах таатай орчинтой хэмээн сонссон хүмүүсийг гайхаж алмайрахаар гоё ганган үгсээр рекламдаж иргэдээс байранд хэмээн хураасан мөнгийг нь хуу хамаад эцэст нь “хохь чинь” гээд хаядаг бичигдээгүй хууль Монголын барилгын салбарт ноёрхоод удаж байгаа.
Барилгад нүүрэлсэн монгол гамшиг гэхээр болсон ийм рекламны нэг том золиос нь Баянзүрхийн товчооны цаахна Налайхаас ирэх замд барьсан “Ургах наран” гэх гоё нэртэй хороолол юм. Олонд “Улаан хацарт” хэмээн нэрлэгддэг УИХ-ын экс гишүүн Ц.Батбаяр Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа нийслэлийн төвлөрлийг багасгах үүднээс “Монгол мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлсэн.
Тэрхүү төслийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын санаачлагаар “Ургах наран” хорооллыг 468 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр босгохоор Нийслэлийн Иргэдийн хурлын 2009 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, “Ургах наран” хорооллыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 120 га-д 468 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар төлөвлөсөн. Зөвхөн орон сууц барихад 276.4 тэрбум төгрөг, дэд бүтцэд 37.7 тэрбум, инженерийн байгууламжид 153.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байсан уг хорооллын барилгын ажлыг нийслэлээс газар болон дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлж, компани өөрийн хөрөнгөөр эхлүүлснээр хотын дарга асны эхлүүлсэн “Ургах наран” нэртэй дуусч дундардаггүй үлгэр өрнөсөн.
Аргагүй л “Монгол мөрөөдөл” гэж төслийн нэр шигээ “Ургах наран” хороололд 10750 айлын орон сууц баригдан 45 мянган хүн оршин суухаас гадна 9000 сурагчтай сургууль, 4500 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1575 хүнд үйлчлэх өрхийн эмнэлэг, 2200 ажлын байр бүхий оффисын барилга, 8400 орчим хүн ажиллах жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний барилга байгууламжууд баригдаж нэг үгээр энд хүмүүс ажиллаад амьдраад байхаар зүүд мэт сайхан төлөвлөгөөг гаргаж байжээ.
Харамсалтай нь энэ хороолол ашиглалтад орсон цагаасаа л балаг тарьж, хэл ам дагуулсан. “Урган наран” хорооллын иргэд өтгөн шингэний өмхий үнэрт өдөр хоногийг өнгөрөөсөөр өнөөдрийг хүрсэн. Энэ бол нийслэлээс дэд бүтцэд нь төсөвлөсөн 153.9 тэрбум төгрөг хэн нэгний халаасыг түнтийлгэсний үр дүн хэмээн өнөө болсон хойно ярьж хэлэлцэж сууна. Үнэхээр дэд бүтцэд нь энэ мөнгө зарцуулагдсан бол , “Ургах наран” хороолол руу хошуурсан иргэд хошгироод үлдэхгүй байсан гэдгийг холбогдох эрх мэдэлтнүүд амаа барин дуулгаж байна. Мөн нийслэл жил бүр улсын төсвөөс арчилгаа, цэвэрлэгээнд нь хөрөнгө тусгаад, үйл лайгаа үүрэхгүй байсан гэлцэх юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Ургах наран” хорооллын бохир хальж, нийт есөн га газарт мөсөн бүрхүүл тогтжээ. Баянзүрхийн товчооноос Налайх явах замд үүссэн уг мөсөн бүрхүүл автомашины хөдөлгөөнд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн учир дүүргийн Засаг даргын Тамгын газраас яаралтай арга хэмжээ авч бохирыг соруулж зам чөлөөлөх их ажлыг эхлүүлжээ. Нийтдээ 300 сая төгрөгийг энэ ажилд төсөвлөсөн ч аманд ч үгүй хамарт ч үгүй дууссан гэх. Иймд дүүргийн эрх мэдлээс давсан их мөнгө шаардах энэ хорооллыг нийслэлийн мэдэлд шилжүүлэхээс өөр гарц Баянзүрхийн дарга нарт үлдсэнгүй. Хотын дарга нар ч асуудлыг нягтлахаар Ерөнхий менежер Б.Бадралаар ахлуулсан ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулжээ.
Харамсалтай нь ажлын хэсгийн ахлагч Б.Бадрал даргыг яахаа мэдэхгүй гараа хумхиад сууж байх зуур асуудал дахиад хурцдав. Дарга шийдвэр гаргахыг хүлээх зуур “Ургах наран” хорооллын бохир дахиад л хальж, ойр орчим нь өтгөн шингэний өмхий үнэрт нэрвэгджээ. Дотор нь амьдарч буй байтугай дэргэдүүр нь өнгөрөхөд ч бэрх үнэр танартай болсон энэ газрыг яахаа мэдэхээ больсон дарга нар дэмий л Ерөнхий менежерийн амыг харж суугаа. Эцэст нь анх төлөвлөхдөө дэд бүтцэд нь хэмээн төсөвлөсөнтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг дахиад гаргаж байж иргэдээ аврах бүдэг бадаг төлөвлөгөө маягийн зүйл ярихаас аргагүйд хүрээд байгаа гэх. Гэтэл хүсэхэд хясахын үлгэрээр Н.Алтанхуягийн Засгийн газарт мөнгө байхгүй, тэгэхээр Э.Бат-Үүлийн хотод ч төсвийн авдар хоосон байгаа гэсэн үг юм. Тиймээс хотоос хөрөнгө гаргаад “Ургах наран”-г өмхий самхайгаас нь үнэр түргэн цэвэрлэчихнэ гэдэг өмнө эхэлсэн үлгэрийн үргэлжлэл болон хөврөх нь тодорхой боллоо.
URL: