Н.Батбаяр сайд Бондын мөнгөөр өөрийгөө хамгаалуулж байна

527-140193351757100-26214700Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Үүний дагуу өчигдөр үдээс өмнө Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч 17.00 хүртэл хойшлуулсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр 17.00 цагийн үед хэвлэлийнхэн ордноос гарч, гишүүдийн идэвх ч сулардаг ажээ. Учир нь уг хуралдааны үеэр Н.Батбаяр сайд болон эдийн засгийн хүндрэлтэй холбоотой олон ноцтой асуудлыг гишүүд хөндөнө. Үүнийг иргэдэд ил болгохгүйн тулд хэвлэлийнхнээс бултаж байгаа нь энэ бололтой.

Мөн сөрөг хүчнийхнийг ч хуралд оруулахгүй байхаар ярилцаж буй талаар эх сурвалж мэдээлсэн. Улмаар 17.00 цаг болоход “Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхи нь гадаадад томилолттой яваа” гэсэн шалтгаанаар бүрмөсөн хойшлууллаа.

Уг нь МАН-ын бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг “Ажилдаа хариуцлагагүй хандсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, эдийн засгийг хүндрүүлж, ард түмний амьдралыг доройтуулсан” хэмээн үзэж байгаа юм. Өмнө нь ч энэ асуудлыг сөрөг хүчний зүгээс хэд, хэдэн удаа хөндсөн боловч эрх баригчид түүнийг хамгаалсаар өдийг хүрсэн.

Энэ удаагийн байдлаас харахад ч мөн түүнийг суудалд нь авч үлдэх гэсэн санаа нь илэрхий байна. Нөгөө талаар Н.Батбаяр сайд өөрийгөө өмгөөлсөн, хамгаалуулсан    төлбөртэй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлжээ.

Тухайлбал, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооноос “Алтныхан Н.Батбаяр сайдыг хамгаалж байна” хэмээн хайр зарлаж, өчигдрийн зарим сонин, цахим хуудаснаа нийтэлжээ. Нийтэлжээ ч гэж дээ, Эдийн засгийн хөгжлийн сайд өөрөө нийтлүүлсэн сурагтай. Ер нь түүнийг огцруулах асуудлыг өргөн барихаас авахуулаад хэлэлцэж эхлэх хүртэл энэ мэт төлбөртэй мэдээлэл хэвлэлээр олон гардгийг уншигчид андахгүй мэдэх болсон.

Түүнийг өмнө нь ч огцруулахаар хэлэлцэж байх үед дээрх хайр зарлаж, хамгаалсан мэдээлэл яг л энэ хэлбэр, агуулгаараа зарим сонинд нийтлэгдэж байсныг санаж байгаа байх.

Уг төлбөртэй мэдэгдэлд “…Зах зээлийн хамгийн таатай үеийг ашиглаж чадаагүй энэ цаг үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр алтны салбарынхны дуу хоолойг сонсч, эдийн засгийн зөв тооцоолол, мэдрэмжээр анхаарал хандуулж, идэвхтэй санаачилга гаргаснаар алтны худалдааны татварыг 2.5 хувь болгон хуульчилсан нь саяхныг хүртэл далд хэлбэрт шилжсэн алтны хууль бус худалдааг зогсоож алтаа нөөцлөх, салбарыг сэргэх боломжийг олгосон билээ. Мөн алтны салбарт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэснээр Улсын алт эрдэнэсийн сан хөмрөг арвижиж, валютын ханш ирээдүйд буурах, эдийн засагт томоохон эргэлт авчрахуйц чухал алхам болсныг энд тэмдэглэх нь зүйтэй…” гэжээ.

Энэ оны эхэнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталснаар Монголбанкинд алтаа тушаасан нөхцөлд рояльтын татварыг 2.5 хувиар тооцож эхэлсэн. Өмнө нь энэ татвар 10 хувь байсан бөгөөд “Хэт өндөр байгаа учраас төв банкинд алтаа тушаахгүй хулгайгаар хил давуулж байна” хэмээн үзсэн байдаг.

Гэвч үүнийг олон гишүүн буруутгасан нь бий. Өөрөөр хэлбэл, алтны үндсэн ордоос олборлолт хийсэн нөхцөлд татварыг 2.5 хувь хүртэл хөнгөлөөд байх шаардлагагүй гэж үзсэн.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Алт бол жирийн таваар. Зах зээлийн уналтаас болж ашиг олж болно, эрсдэл ч хүлээж болзошгүй. Энэ хууль батлагдсанаар бичил уурхайчдад ямар хамааралтай вэ. Бичил уурхайчдын орлогыг нь тухай бүр тооцох боломжгүй учраас сард 40 мянган төгрөг төлдөг. Харин рояльтын татвар тэдэнд нэг их хамаардаггүй. Тэгэхээр зөвхөн компаниудыг л рояльтаар ивээх болж байна” гэж шүүмжилж байсан.

Гэвч Эдийн засгийн хөгжлийн садын хүссэний дагуу хууль батлагдаж рояльтаар компаниудыг тэтгэж эхэлсэн юм. Улмаар алтны салбарт бондын хөрөнгөөс 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ. Тиймээс ч өнөөдөр Н.Батбаяр сайдыг хүнд байдалд байхад алт олборлогчид дэмжих нь тодорхой байна.

Нөгөө талаар бондын мөнгөнөөс “бэлэглэсэн” сайд ч өөрөө тэднийг дуугүй суулгана гэж үү. Эрхэм сайд энэхүү төлбөрт мэдээлэлдээ “…Валютын ханшийн өсөлт, эдийн засгийн гадаад дотоод тааламжгүй нөхцөл байдлыг ажил үүргийн хуваарилалтаар бус, шууд Эдийн засгийн хөгжлийн сайдтай холбон туйлширч, эдийн засаг хүндэрсэн бүх асуудлыг Н.Батбаяр сайдад тохон чиглүүлж, хэт өрөөсгөл, харалган дүгнэлт гаргаж байна…” гэсэн байх аж.

Инээдтэй байгаа биз. Өнөөдрийн энэ эдийн засгийн хүнд байдал, валютын ханшийн өсөлт, ард иргэдийн ядуурлыг хамаарах салбарын сайд нь хариуцахгүй бол өөр хэн гэж. Ард түмэн өөрсдөө юү, эсвэл бусад яам уу. “Алтны салбарыг дэмжсэнээр валютын ханш суларна” хэмээн Ашигт малтмалын тухай хууль батлах үед Н.Батбаяр сайд хэлж байсан нь бий.

Гэвч өнөөг хүртэл буурах нь бүү хэл гэрлийн хурдаар ханш өслөө. Өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1823.82 төгрөгтэй тэнцсэн. Сүүлийн 14 хоногийн байдлаар 1823-1830 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд эдийн засагчдын үзэж буйгаар цаашид улам өсөх магадлалтай гэнэ.

Ийнхүү валютын ханш өссөнөөр эдийн засагт маш том дарамт болж байгаа. Хамгийн наад захын тод жишээ гэвэл ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор. Энэ байдлыг захын айлаар, эсвэл аль нэгэн худалдааны байгууллагаар ороод гарахад л тодорхой болно. Нөгөө талаар Н.Батбаяр сайдын бий болгосон манай улсын өр буюу “Чингис” бондын хүүний зөрүүд асар их валют “урсгаж” байгаа.

Мөнгөний тоолуур эргэж эхэлсэн тухайн өдөр ам.долларын ханш 1380 орчим төгрөг байсан бол өнөөдөр 1823 төгрөгт хүрлээ. Гэтэл бондын хөрөнгөөр хийсэн ажлуудын олонхи нь ойрын хугацаанд нөхөх ашгаар бага. Уг нь аливаа зээлийг үр ашиг багатай салбарт зарцуулахаас илүү ашгаа хурдан нөхөх төсөлд хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд чухал гэдгийг хэлэх хүн олон бий.

Харамсалтай нь Эдийн засгийн хөгжлийн сайд бондын мөнгийг хувийнхаа өмч мэт дураараа ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, бондын мөнгийг “Гудамж” төсөл, зам, барилга гэх мэт үр ашиггүй зүйлд зарцуулсныг нь тоочвол барагдахгүй байх.

Харин эдгээр салбар нь сүүлийн үед эрхэм сайдыг хаацайлж, хамгаалдаг бамбай нь боллоо. Түүнийг огцруулах асуудал хэлэлцэх үеэр манай улсад байдаг эсэх нь мэдэгдэхгүй холбоо, төрийн бус байгууллагууд цаашид хэр их нэмэгдэх бол. Бондын мөнгөтэй хүн ч амархан огцордоггүй юм байна даа…

М.Наранболд

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих