Арилжааны банкууд хэрэглэгчээс илүү хураамж авч хохироодог байсныг тогтоов
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгал хийжээ. Уг хяналт шалгалтанд “Голомт банк”, “Капитал банк”, “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл банк”, “Кредит банк”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон банк”, “Хас банк”, “Чингис хаан банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” гэх 13 банк хамрагдсан байна.Дээрх арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл нэрээр 0,25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрөөс гадна 1000-40.000 төгрөгийн хураамж авдаг аж. Шимтгэл дээр нэмэн хураамж авч буй нь Өрсөлдөөнийт тухай хуулийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1, 12.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөнийг улсын байцаагчид тогтоожээ.
Банкууд зээлийн шимтгэлийг “зээл олгосноос гарч буй зардал” гэж тайлбарлаж буй боловч энэ нь зээл олгосноор гарах зардалтай харьцуулахад өндөр тогтоогдсон байдаг аж. Ингэж бодит зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэснийг зөрчиж буй юм байна.
Иймд зөрчил гаргасан арилжааны банкуудад зөрчлөө арилгах 30 хоногийн хугацаатай үүргийг өгч, Улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн гэв. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хууль зөрчиж, өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг худал мэдүүлж, хэрэглэгчдийг хохироож, хууль бус худалдааны арга хэрэглэсэн банкуудад захиргааны шийтгэл ногдуулахаар болсон байна.
URL: