Замын цагдаа нараа “аваръя”
Төр засгийн удирдлагууд, хууль санаачлагчдад хандаж ингэж уриалмаар байна. Замын цагдаа нар чинь хамгийн хүнд, хортой, аюултай нөхцөлд ажилладаг хүмүүс шүү дээ. Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийнхөн 2010 онд багагүй судалгаа хийсний хүчинд замын цагдаа нарыг хүнд нөхцөлд ажилладаг болохыг нь олж мэдээд багагүй гайхсан юм байх аа. Манайд л замын цагдаа хүнд нөхцөлд ажиллаж байгааг тогтоох гэж бөөн юм болоод, судалж бариад, түүнийхээ үр дүнд нь цочирдоод л.
Гэнэтхэн замын цагдаагаа хайрлах сэтгэлтэй болоод байгаа болохоос биш уг нь тодорхой зүйл шүү дээ. Замын голд зогсч байсан цагдааг дайрч амь насыг нь хохироосон, тахир дутуу болгосон хэрэг зөндөө л гарч байгаа. Зарим шартайхан залуучууд нь замын цагдаа нарыг барьж аваад гөвчихөж л байна. За тэгээд энэ олон машин дуу чимээ, утаа униар гэдэг хүний биед муугаар нөлөөлөх нь дамжиггүй.
Дээрээс нь соёлгүй жолооч нараа дүрмээр явуулах, түгжрэлтэй зам зохицуулах гээд өвлийн хүйтэнд хөлдөж үхэх шахам зогсоно. Зуны халуунд урсах нь холгүй юм болно. Ядаж байхад богино долгионы станц нь хүртэл хортой байгаа шүү дээ. Үүнийг чинь судлаад, тогтоогоод, гайхаад байх юм байхгүй. Захын хүн хараад л мэдэж, өрөвдөж байна. Мэдээж тэр их дуу чимээ, утаа униар, хэрүүл шуугиан дунд өдөржин ажилласан цагдаа гэртээ очоод тайван амарч чадах уу.
Нойр муудах, амархан ядрах, бухимдах, хурдан уурлах, сэтгэл түгших гэсэн өөрчлөлт гарах нь тодорхой. Замын цагдаагийн ажил гэдэг ийм л хүнд хөдөлмөр. Гэтэл дэлхий дээр Хойд Солонгос болон манай улс л замын цагдаагаа гадаа зогсоогоод, үйлийг нь үзэж, үстэй толгойг нь цайлгаж байгаа юм. Нэг ёсондоо хүнийг тамлан зовоож, эрхийг нь зөрчиж байна гээд хэлчихвэл сүржигнэсэн болохгүй байх.
Бусад улс оронд огт замын цагдаа байдаггүй, эсвэл гадаа зогсдоггүй гэж байгаа юм биш. Цагдаа бий, зогсох үедээ зогсдог. Гэхдээ манайх шиг замын голд байнга зогсчихоод, хөдөлгөөн зохицуулах гэж ядаад, хүн амьтантай хэрэлдэж, хэлэлцээд явдаг уу гэвэл үгүй. Бараг бүх л улс орон замын хөдөлгөөнөө техник технологиор шийдчихсэн. Бүхий л зам талбайгаа камержуулаад, хурд хэмжигч тавиад, торгохоор болбол гэрийн хаягаар нь явуулчихдаг болсон гэсэн үг.
Наад захын жишээ гэхэд, Африкийн хамгийн ядуу орнуудын нэг гэгддэг Конго улс робот цагдаа ашиглаж байна. Роботын гарт орчин үеийн технологиор хийсэн гэрлэн дохио суулгасан бөгөөд түүгээрээ замын хөдөлгөөнийг удирддаг аж. Хэрэв жолооч нар замын цагдаатай хүндэтгэлтэй харьцахгүй бол төр засгаас торгууль ногдуулдаг юм байна. Робот цагдаа нар баривчилгаа явуулахгүй, зөвхөн дүрмээ баримталж зорчихыг сануулдаг аж. Нэг ёсондоо хүний ухамсарт нь үйлчилж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлнэ гэсэн үг.
Африкийн ядуу, буурай орон замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлаа энэ мэтээр шийдчихэж. Гэтэл манайд яаж байна. Хамгийн их дарангуйлалтай орон болох Хойд Солонгостой адилхан хүний эрх зөрчиж, замын цагдаа нарыг гадаа зогсоож байна шүү дээ. Өмнөд Солонгост замын цагдаа нар нь шаардлагатай үед л гарч зогсч, болзошгүй аюулаас сэргийлдэг гэж байгаа. Гэхдээ манайхан шиг бичиг баримтыг нь шалгаж байгаа нь энэ гээд авч яваад, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүний ажил уяад байдаггүй гэсэн. Уг нь манай улс нэг тиймэрхүү маягтай болох гээд л үзээд байгаа. Замаа камержуулаад, гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас явуулж эхэлсэн.
Өнөө жилээс татвар төллөө гэж гурвалжин наалт өгөхөө больж, цахимаар мэдээллийн баазыг нь жижиг төхөөрөмжид суурилуулдаг болж байгаа. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Гэхдээ Улаанбаатар хотын бүхий л зам камерын системгүй байна. Зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд л хэдэн камер суурилуулаад, түүнд нь өртсөн жолооч нарыг л торгож байгаа шүү дээ. Бусад зам дээр жолооч нар яаж ч дүрэм зөрчсөн хамаагүй.
Арай нэг хяналттай байлгая гэхээрээ өнөөх хэдэн замын цагдаагаа гаргаад зогсоочихно. Гадаа цас малгайлж, бороо шаагиж байсан ч соёлгүй жолооч нарыг ая эвээ олоод явахыг заах гэж үйлээ үзтэл шүглээ үлээж, дохиураа дохиж зогсоно доо. Уг нь бүх зам нь камерын системтэй, түүнийг сайтар хянаад, түгжрээд байгаа талыг нь ахиухан явуулаад, гэрэл дохиогоор нь зохицуулаад явбал болно. Нийслэлээс энэ тал дээр анхаарч, бүх замаа камержуулах хэрэгтэй байна. Ерөөсөө манай дарга нар Улаанбаатарыг “Ухаалаг хот” болгохыг зорьж байгаа.
Ухаалаг хот гэдэг замын цагдаа нь машинд дайруулах шахаад замын голд зогсоод, машинд дайруулаад, хүнд зодуулаад байж таарахгүй. Тиймээс бүхий л замаа камержуулаад, хэрвээ дүрэм зөрчиж, дураараа авирлаад байгаа жолооч гарч ирвэл гэрийнх нь хаягаар торгуулийг нь хүргэдэг байх хэрэгтэй. Цахим шуудангаар өгчих боломжтой бол захиа явуулчихаж ч болно. Дээрээс нь торгуулсан жолооч нарын мэдээллийг гаргадаг цахим хуудсаа сайтар идэвхжүүлэх хэрэгтэй.
Ер нь дэлхийн улс орнууд замын цагдаа гэж хэдэн хүн зам дээр зогсоогоод, хүнд хөдөлмөр эрхлүүлээд байхгүй байна гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Ерөөсөө цахим технологиор л асуудлыг шийдчихдэг болчихвол хүмүүс хоорондоо харилцаад, муудалцаад, зодолдоод байхгүй. Замын цагдаа гэдэг төгс хүмүүс биш. Ямар нэг байдлаар алдаа гаргаж л байгаа. Зарим нэг ойворгон нөхөд жолооч нарын үйлийг үздэг нь ч бий л байх.
Гэхдээ л тийм хүмүүсийн нөлөөгөөр бүхий л замын цагдаа нар муу нэр дуулж, хэтрүүлж хэлбэл тэвчишгүй хөдөлмөрийн золиос болж байгаа юм. Өнөөдөр замын цагдаа машинд мөргүүлж, сагсуу заримд нь зодуулж, өвчин эмгэг тустлаа гадаа зогсч байгаа нь хүнээ боддоггүй дарга нартайн хар гай. Хэрвээ бүх зүйл цахимжаад, замууд камержаад ирвэл цагдаа гадаа зогсох шаардлагагүй болно. Шаардлагатай үед л үүргээ биелүүлэхээр гадаа зогсоно биз.
Бусад үед өөр ажил хийж, камераа хянаж, торгуулиа төлөхгүй том толгойлоод байгаа нөхдүүдтэй л харилцаад явна шүү дээ. Хэрвээ тийм болчихвол замын цагдаа машинд дайруулахгүй, согтуу нөхдүүдэд зодуулахгүй, цаашлаад торгуулиа төлсөнгүй энэ тэр болж хүнтэй хэрэлдэхгүй, муу үг дуулахгүй, авлига аваад байхгүй гээд маш олон давуу талтай. Тиймээс нийслэлийн удирдлагууд “Ухаалаг Улаанбаатар”-аа бушуухан цогцлоож, замын цагдаа нарыг хүнд хөдөлмөрөөс нь салгамаар байна.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
URL: