ТӨХ-г татан буулгах хуулийн төслийг нууцаар боловсруулж байна

pr vgh 01_small-Уг хуулийн төслийн талаар ТӨХ-ныхонд мэдэгдэж болохгүй гэсэн чиглэл өгчээ-

 

Төрийн өмчийн хороо үүргээ гүйцэтгэсэн тул татан буулгах хэрэгтэй гэдэг үг зарим улстөрчийн амаас унах болоод жил тойрч байна. Төрийн өмчийг үнэгүйдүүлж, төрийн өмчит компаниудыг эзэнгүйдүүлэх сонирхол улс төрийн хүрээнд бодитойгоор оршиж байгааг эндээс харж болно. Өнөөдөр Төрийн өмчийн хороог татан буулгалаа гэхэд маргааш төрийн өмчит компаниуд ямар байдалтай болох вэ. Энэ нь хэнд ашигтай вэ. Шууд хэлэхэд улстөрчдөд л ашигтай. Төрийн өмчийн хороо тэдний нүдэнд ашиг сонирхол, албан тушаал, эд мөнгө, эрх мэдлийн асар том бялуу болж харагдаж байгаа нь тодорхой. Тэрхүү бялууг энд тэндээс нь эмтлэх гэж оролдоод бүтэхгүй болохоор нь хэдэн хэсэг хувааж авах гэж санаархаж байгаа ажээ. Ингэхийн тулд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулж эхэлсэн байна. Цөөн хэдэн улстөрчийн шахалт, санаачилгаар боловсруулж байгаа уг хуулийн төслийн талаар олон нийтэд мэдээлэхээс татгалзаж байгаа бөгөөд тэр ч байтугай өөрсдийнх нь үйл ажиллагаа, байгууллагынх нь оршин тогтнох эсэхтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж байгаа атлаа Төрийн өмчийн хорооныхонд энэ талаар мэдэгдэж болохгүй, аливаа мэдээллийг гадагш задруулж болохгүй гэсэн чиглэлийг ажлын хэсгийнхэнд өгсөн гэнэ. Уг хуулийн төслийн боловсруулах ажлын хэсэгт С.Одонтуяа, Д.Зоригт нарын гишүүд багтсан ажээ.

 

 

Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа иргэд болон салбарын эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллагуудаас санал авч, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлэн олон нийтийн санаа бодлыг тусгасны эцэст парламентаар хэлэлцүүлэн батлуулдаг. Гэтэл Төрийн өмчийн тухай хуулийн төслийг тэр бүх шат дамжлага, хууль боловсруулах үйл ажиллагаанд нэгэнт тогтсон сайн жишгийг зөрчин, олон нийтээс хаалттай байдалд боловсруулан өргөн барих гэж байгаа нь УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэх хардлага төрүүлж байна.

 

Tөрийн өмчийн хороонд орон нутгийн 5040, нийслэлийн 1600 гаруй хуулийн этгээд харьяалагддаг. Нууц байдалд боловсруулж байгаа хуулийн төслөөр бол төрийн өмчит аж ахуй нэгж, үйлдвэрүүд чиглэл чиглэлээрээ нэг корпораци болон зохион байгуулагдаж чиглэлийн яамддаа харьяалагдах гэнэ. Ингэснээр яамд салбарынхаа бодлогыг боловсруулахын оронд аж ахуйн ажилтай хутгалдана гэсэн үг. Жишээ нь замын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит 20 компани нэгдэн нэг корпораци болж Зам тээврийн яаманд харьяалагдах бөгөөд эрчим хүчний 19 компани нэгдэж Эрчим хүчний яамны харьяа корпораци болох нь. Энэ мэтээр бүх яамдын харьяанд төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн корпораци байгуулагдана. Тэдгээр корпорациудын удирдлага, захиргааны бүтэц гэж нүсэр орон тоо бий болно. Төрийн яам улам л нүсэр, данхар болно гэсэн үг. Сайд нар бодлого боловсруулахын оронд төрийн өмчит компанийн менежерийн үүрэг гүйцэтгэн, аж ахуйн ажилтай хутгалдана. Хачирхалтай нь шинэчлэлийн Засгийн газрын сайд нар ингэж аж ахуйн ажил хийх дуртай байгаа гэнэ. Үүнээс гадна Төрийн өмчийн тухай хуулийн төслийг баталж гэмээнэ 51 хуульд өөрчлөлт орох юм байна. Энэ бол хууль тогтоогчдын нуруун дээр асар их ачаа нэмнэ. Төрийн өмчийн тухай хуулийг яаран батлаад, Төрийн өмчийн хороог даруйхан татан буулгалаа гэж бодоход түүнтэй нийцүүлэн 51 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил ирэх намрын чуулганы хугацаанд амжихгүй. 2015 оны хаврын чуулганаар ч амжихгүй байх магадлалтай. Тэр хооронд яамдын дэргэд шинээр байгуулагдсан төрийн өмчит корпорациудын үйл ажиллагаа олон хуультай зөрчилдөж, хүндрэл үүснэ. Хуулийн хийдэл, давхардал, зөрчил олон гарна. Энэ бүхнийг хуулийн төсөл нууцаар боловсруулж байгаа гишүүд тооцсон эсэхийг бүү мэд.

 

Ямар ч байсан Төрийн өмчийн хороог татан буулгах, төрийн өмчийн компаниудыг давхар дээлтэй сайд нарын мэдэлд өгч, нэг ёсондоо тэдэнд дахин нэг дээл давхарлуулан өмсгөх сонирхол парламентын тогоонд буцалж байна.

 

Г.Сонинбаяр

http://politics.eagle.mn/content/read/18271.htm


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих