Ч.Мөнгөндалайг дэмжигчид нэмэгдсээр байна

527-1401688669ebd82c24372d5d5aa4c067bc34979b49_LМонгол орны баруун аймгууд болон Хөвсгөл аймгийн нутгаар нийт 5500 км замыг унадаг дугуйгаар ганцаараа туулах гэж байгаа Ч.Мөнгөндалай СТО-д хэвлэлийн бага хурал зохион байгуулж аяллынхаа талаар  танилцууллаа.

Тэрбээр энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос гараагаа эхэлнэ.Түүний энэ аяллыг Монголын залуучуудын холбоо /МЗХ/ болон холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Спортын бэлтгэлийн төвөөс дэмжиж байгаа төдийгүй өөр олон байгууллага, хувь хүмүүс дэмжин туслахаа илэрхийлээд байна.

Ч.Мөнгөндалай нь “Залуу дугуйчин клуб”-ын гишүүн бөгөөд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ч зориг тэвчээр шаардсан уг аяллыг өөрөө санаачилжээ. Энэхүү холын зайн дугуйн аялал нь түүний чин хүсэл мөрөөдөл байсан юм. Харин одоо энэ мөрөөдлөө биелүүлэх боломжийг бүрдүүлж өгч тусалсан хүн бүхэнд талархал илэрхийлж байна. Ч.Мөнгөндалай энэ амлалтаа заавал биелүүлнэ хэмээн хэвлэлийн хурлын үеэр ихэд сэтгэл хангалуун ярьж байв.

“Залуу дугуйчин” клубын 60 гаруй гишүүн, “Cannondale” дугуйн дэлгүүрийн хамт олон хандив цуглуулж, түүнд GT Avalanche загварын дугуй бэлэглэсэн юм. Ч.Мөнгөндалайгийн дугуйн аяллыг МЗХ дэмжиж, тус холбооны гишүүд түүнийг аяллын явцад орон нутагтаа хүлээж авах, хоол хүнсээр хангаж туслахаар болжээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ уг аяллыг идэвхтэй дэмжин ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл хотын Засаг дарга С.Энхтайван дугуйн аяллыг дэмжин, 100,000 төгрөг хандивлаж, Хөтөлийн аж ахуй нэгж, байгууллагуудыг хандив өргөхийг уриалжээ. “Compass” аяллын дэлгүүрийн хамт олон хоёр хүний майхан бэлэглэсэн бол “Атилла” дугуйн клуб дугуйн сэлбэг, хэрэгслээр тусалжээ.

Мөн Барилгын коллежийн хамт олон туслахаа илэрхийлсэн бол АНУ-ын иргэн дугуйчин залуу, Америкт ажиллаж амьдардаг, жүдо бөхийн ОУХМ М.Энхцэцэг  тус бүр 100 ам.доллар хандивласан бол Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамт олон мөнгөн тулалцаа үзүүлэхээр болов. Ийнхүү түүний аялалд зориулсан Төрийн банкны 104400224360 тоот дансанд иргэд, байгууллагаас хандивын мөнгө ирсээр байна.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих