“Эдийн засаг хүндэрснийг хүн бүхэн мэдэж, мэдэрч байна” гэв
МАН-ын удирдлагууд үе үеийн парламент, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан төрийн түшээдтэй уулзаж улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Энэхүү уулзалтад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүд хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтын салхийг хагалж намын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Бид 1992 оноос хойш сүүлийн 20 гаруй жил МАН-аас сонгогдсон гишүүдийг урьсан. Эдийн засаг, нийгмийн байдал нэлээд доройтож байна. Өмнө нь 17.5 хувьтай эдийн засгийн өсөлт 11 хувьд хүрлээ. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд буурч байна. Хөрөнгө оруулалт 55 хувиар, оны эхний байдлаар төсвийн орлого 400 тэрбумаар тасалдчихаад байна. Өнгөрсөн хугацаанд авсан улсын өр сүүлийн 20 жилд гаднаас зээлсэн мөнгөтэй дүйцэж байна. Бондын мөнгийг эрх баригчид дорвитой бүтээн байгуулалтад зарсангүй. Авсан зээлийнх нь 40 хувь нь банкны өрөнд явж байна” гэлээ. Тиймээс улс төрийн туршлагатай, тулхтай төрийн түшээдийг улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед санал бодлоо хуваалцахыг хүссэн юм. Энэхүү уулзалтад ирсэн төрийн зүтгэлтнүүд зөвхөн эдийн засгийн талаар ярьсангүй. Цөөнхийн бүлгийнхэн эрх баригчидтай ямар арга барилаар ажиллах ёстойг ч зөвлөсөн. Тэдний олонхи нь АН-ын боловсон хүчний мэдлэг, боловсрол хангалтгүй байгааг шүүмжилж байлаа.
Түүнээс гадна сөрөг хүчин байхдаа хэрхэн ажиллаж байснаа хуучлах түшээд ч цөөнгүй байв. Ингээд үе үеийн гишүүд эдийн засаг, улс орон, эрх баригч, сөрөг хүчний ажлыг хэрхэн дүгнэснийг хүргэе.
Ж.Гомбожав: Цөөнх байхын нэг ашиг нь намын гишүүдтэйгээ илүү ажилладаг юм. Ер нь намын хороо, дүүрэг, үүртэйгээ нарийн харилцаа холбоотой байх ёстой. Намтайгаа ойр бай гэж зөвлөх гэж байна л даа. Манай бүлгийнхэн цөөнхтэйгээ муу ажиллаж байна. Бие даагчидтай зарим асуудалд тохиролцохгүй юм. Нэг хүн ч гэсэн хэрэгтэй байдаг юм шүү. УИХ дахь цөөнх буюу бие даагчид заримдаа эрх баригчидтай адил санал өгч байх юм. Үүнийг анхаарна биз ээ. Манайхан сөрөг хүчин гэж их ярих юм. Үндсэн хуульд олонхи, цөөнх л гэж бий. Иргэд сөрөг хүчин гэхээр бүхнийг сөрж байна гэсэн энгийн ухамсрын төвшинд ойлгоод байна. Цаашдаа завсарлага бага авч бай. Цөөнхийн бүлгийн авсан завсарлагын хугацааг эрх баригчид хэвлэл мэдээллийг ашиглан өөртөө ашигтайгаар эргүүлж байна. Сүүлд нь нэмж хэлэхэд Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг бүхлээр нь ярих шаардлагатай байна.
Д.Очирбат: Засгийн газар байгуулаад хоёр жил болж байна. Гэхдээ ард түмэн энэ сонголт хийхдээ Засгийн газар нийгмийг ийм хэмжээнд унагаана, ам.доллар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тэнгэрт хадтал өсгөнө гэж бодоогүй болов уу. Зарим хүн нэг талхыг гурав хувааж авч байна шүү дээ. Тэгэхээр амьдрал үнэхээр хүнд байгаа биз. Ийм үед сөрөг хүчин дуу хоолойгоо улам хүчтэй гаргах ёстой. Сөрөг хүчин гээд сөрж дуугарахдаа биш эрх баригчдын давилуун занг дарж өгөх хэрэгтэй. Зөв үг, үйлдлийг нь дэмжээд өг. Тэгж байж л ажиллана. Нөгөөтэйгүүр, ажил хийж чадахгүй байгаа хүнтэйгээ зууралдах хэрэггүй.
Ц.Цэнгэл: Эдийн засаг хүндэрснийг хүн бүхэн мэдэж бас мэдэрч байна. Өнөөдөр бид эдийн засаг хүндэрлээ гэж хашгирахын оронд үүнээс хэрхэн гарах вэ, ямар гарц байна гэдэгт анхаарал хандуулж ярилцах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хоёр хөрштэйгөө урт хугацааны тогтвортой байдлын гэрээ байгуулмаар байна. Ингэвэл манайхаас авдаг алт, зэсийн үнэ тогтвортой болно. Энэ тохиолдолд эдийн засаг савлах нь багасна. Гаднаас бонд босгох нь ард түмний ачааг улам хүндрүүлж байна. Цаашид хүүг нь төлөх учраас бодолгүй хандаж болохгүй. Ер нь бондын мөнгийг бүтээн байгуулалтын эргэн төлөгдөх ажилд зарцуулах шаардлагатай. Түүнээс зам, дэд бүтцэд зарцуулах нь тийм ч ашигтай биш.
Б.Долгор: Монгол Улс хүрсэн бүх амжилтаасаа ухарлаа. Төрийн алба бүхэлдээ уначихлаа. Иргэдийн амьдрал доройтож байна. Засгийн газар нь Үндсэн хуулиа зөрчөөд төсвийн гадуур бондын мөнгийг зарцуулж байна. Байгаль орчны чиглэлд ногоон бодлого баримталж байсан бол одоо хүрэн, бараан бодлоготой боллоо. Алт ухна, бүх лицензийг олгоно, Урт нэртэй хуулийг байхгүй болгоно гэсэн байр суурьтай гишүүн олон байна. Ийм төвшинд хүрчихлээ. Тэгэхээр манай нам ард түмэн, үндэсний аюулгүй байдлын төлөө ажиллах ёстой. Ер нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ганц боломж нь Үндсэн хууль байдаг юм. Үндсэн хуулийн хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй байна. Эцэг хуулиа хамгаалах үүрэгтэй байгуулсан байгууллагууд бүхэлдээ намын эрх ашиг, бодлого хэрэгжүүлэгч болж хувирлаа. Би Үндсэн хуулийн долоон өөрчлөлт өөрөө хүчин төгөлдөр бус. Энэ өөрчлөлтийг Үндсэн хуулиас хүчингүй болгосон юм. Эрх зүйн шинэчлэл гэж явж байна. Би хувьдаа шинэчлэл биш доройтол гэж харж байгаа. Улам дордуулж байгаа шүү.
Н.Товуусүрэн: Эдийн засгийн өсөлт хүндээ наалддаггүй. Энэ бол шинэ үзэгдэл биш. Өнгөрсөн жил хоёр тор хүнсний бүтээгдэхүүн авч байсан мөнгөөр энэ жил нэг торыг худалдаж авч байна гэдэг иргэдийнхээ мөнгийг суйлсан бодлого хэрэгжүүлж байгаагийн илрэл. Засгийн газар төсвийн орлого нь ордоггүй. Өр тавьж хөрөнгө оруулалт хийхийг урьтал болгож байна. Тэгэхээр 2016, 2017 онд Монгол Улс өрийн дарамттай нүүр тулах нь. Тэр үед иргэдийн цалин, хөлс нэмэгдүүлэх боломж гарахгүй байх.Тиймээс өрийн хязгаарыг нэмэх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Үндсэн хуулиа зөв өөрчлөхийг хүсвэл улс төрийн намууд, эрдэмтэн, судлаачид нэг зүгт хандах хэрэгтэй.
Ц. Оюунтунгалаг
Үнэн.мн
URL: