Гэрээсээ хоолоо авчирч идье

2011-11-27 (2)Өөнтөгч хүнд бол өнөө үед идэх юм үнэхээр олдохгүй л дээ. Юу ч байсан заавал сөрөг тал гараад л байдаг. Түүний дээр нийтийн хоол хүнсний хэрэглээнд ч нэлээд өөрчлөлт орж байна. Тухайлбал, бидний багад хонины гүзээ, адууны мах, хар гурил амьдрал жаахан тааруу айлын хүнс байсан ш дээ. Одоо бол эдгээрийг л хэрэглэж байхгүй бол үхчихэж мэднэ гэж амтай болгон ухуулж байна. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнс хэрэглэж амьдрах нь зөв байх. Гэвч өнгөрсөн цагт тэр зөв гээд байгаа хүнсний дэглэмийг мэдэхгүй ч урт насалсан хүмүүс зөндөө л байна. Илт л хор өгчихгүй бол тийм амархан бие нь мууддаг юм гэж юу байхав. Буханд зургаан граммыг нэг дор шахахад л алчихдаг никотиныг бид янжуураар дамжуулаад л татаад байдаг биз дээ.

Харин ашиг хараад санаатай хордуулаад байгаа шиг сэтгэгдэл төрүүлэх явдлууд байна. Хэдэн өдрийн өмнө “Сүү” ХХК-ийн савласан таргийг авсан юм. Тавдугаар сарын 22-ны өдөр байсан боловч үйлдвэрлэсэн огноо нь маргааш нь болж таараад байсан.

Үйлдвэрлээд зарагдах хугацаагаа тооцдог юм болов уу бүү мэд. Мөн лаазалсан загаснуудаас янз бүрийн юм гарч ирдэг гээд цэрвэх нь бий. Элдэв юм сонсогддоггүй болохоор Сайра хэмээх лаазалсан загасыг хэрэглээд байдаг юм. Гэтэл өчигдөр нэгтанил маань хоёрыг автал дотроос нь өт гарлаа гээд харуулж байна. Үнэхээр улаан өнгөтэй, нарийхан, туузан өт байж байна лээ. Ийм юмыг бол эмэгтэй хүмүүс л анзаарна уу гэхээс мань мэт бол аль хэдийн харалгүй идчихнэ л дээ. Энэ тэндэхийн ресторан жоомтой л гэлцэнэ.

Ингээд бодохоор идэх зүйлсдээ итгэхэд хэцүү санагдана. Харин ямарч үед сэжиглэж сэрвээд байдаггүй зүйл бол гэрийн хоол байдаг. Тиймээс гэртээ үдийн хоолоо хийгээд ажил руугаа авч явах нь *амгийн зөв юм даа. Гэртээ хийсэн хоолонд эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүн байх нь чухал биш хоргүй л бол барав.

 

Ж.ЭНХ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих