Сөүлийн метронд гал тавьжээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын гуравдугаар чиглэлийн метронд өчигдөр /V.28/ 71 настай эрэгтэй гал тавьсан хэрэг гарчээ. Метро Ганнам дүүргийн Догок зогсоолд ирэх үед Чо овогт өндөр настай зорчигч шатамхай шингэн цацаж, гал тавьсан байна. Азаар галд хүн түлэгдээгүй боловч 63 настай эмэгтэй яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн үеэр шагайгаа булгалж гэмтжээ. Мөн гал тавьсан эрэгтэй хөнгөн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.
Чо овогт өндөр настан цагдаа нарт гал тавьсан шалтгаанаа амиа хорлохыг хүссэн хэмээн тайлбарласан байна. Тэрээр гал тавих үедээ 11 сав бүхий шатамхай шингэн авч явсан гэнэ. Галыг унтраахын тулд 260 гаруй гал сөнөөгч, 69 галын автомашинтай өргөн бүрэлдэхүүнээр шуурхай ажиллажээ. Үүний ачаар галыг аравхан минутын дотор бүрэн унтраасан байна. Метронд ойролцоогоор 370 гаруй хүн зорчиж явсан бөгөөд галын улмаас 35 сая воны хохирол учирчээ.
Үүнээс өмнө 2003 оны хоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын дөрөв дэх том хот Тэгүгийн метронд 56 настай эрэгтэй гал тавьснаас 192 хүн амь үрэгдэж, 151 хүн галд түлэгдэн гэмтсэн хэрэг гарч байсан аж.
URL: