Тийрэнтэй хамт ирсэн “Темп Ц-280″ телевизор
Энэ бодит явдал нийслэл хотод одоогоос гучин жилийн өмнө буюу 1984 онд тохиолджээ. Түргэний тэрэгний жолооч Энхболдынх сургуулийн насны тэрсхэн гурван хүүхэдтэй, хамгийн бага нь 6 настай Навчаа охин. Хоёр хүү нь гэртээ сахилгагүйтэж байгаад малчны цагаан нэрээр алдаршсан “Юность” хар зурагтаа унагаад хагалчихжээ. Наадам дөхөж байсан болохоор Энхболд улсын наадмын бөхийн барилдааныг үзэхгүй яахан тэвчих билээ. Тэрбээр эхнэр Бурмаатайгаа ярилцаад хэдэн төгрөг хүн амьтнаас зээлээд шинэ “Рекорд-345″ зурагт авах гээд мөнгө нь хүрсэнгүй баахан явжээ. Одоогиийнх шиг банкны зээл энээ тэрээ зүйл соц нийгэмд ямар байсан биш. Тэгээд ч “Рекорд-345″ зурагт Монголд ирсэн даруйдаа л дэлгүүр лангуун дээрээс зарагдаж байв. Аргаа барсан эхнэр нөхөр хоёр хар зах гарвал хуучин муу “Темп Ц-280″ зурагтыг 150 төгрөгөөр зарна хэмээн нэгэн цагаан сахалтай, туранхай хар өвгөн сууж байв. Энхболд сайтар ярьж хөөрсний хүчинд “Темп” зурагтыг 120 төгрөгөөр аваад бөөн хөөр амьтан гэртээ иржээ.
Зурагт авсан шөнө дунд Энхболдын нүдний өмнө ямар нэг гэрэл сүүмэлзэх шиг болохоор нь тэрбээр өндийж харвал худалдаж авсан “Темп” зурагт нь асаалттай харагдана. “Моньднууд л асаагаад унтраалгүй унтчихаж дээ” хэмээн бодоод гэрийн эзэн зурагтаа салгаад эргээд унтав. Гэвч өглөө нь өнөөх зурагт бас л залгаастай жирэлзэж байсан аж. Маргааш нь эхнэр нөхөр хоёр ажилдаа яваад орой 7 цагийн алдад ирвэл бага охин Навчаа нь байдгаараа халуурчихсан дагжин чичирч байх юм гэнэ. “Яав миний охин” гэвэл охин эхэр татан уйлаад “Хорлоо эмээ дөнгөж сая эмнэлэгт нас барчихлаа” гэж хачин юм ярьжээ. Эхийгээ өнгөрсөн гэдгийг сонссон Бурмаа “Навчаа чи юун муухай юм яриад байна хө” гээд зандрах гэвэл охин зурагт руугаа зааж “Энэ зурагтаар би харсан. Хорлоо эмээ эмнэлэгт очоод үхсэн, эмч нар цагаан даавуугаар бүтээсэн” гэж бүр царайны хувиралгүй, дэс дараатай яг л кино үзсэн мэт ярьжээ.
Эхнэр нөхөр хоёр хоорондоо “Хүүхэд ийм насан дээрээ худлаа ярьдаг юм. Гэхдээ яасан муухай бэлэг дэмбэрэлгүй юм ярьдаг охин бэ?” гээд өнгерчээ. Тэгтэл маргааш орой нь Бурмаагийн ажил дээр Ховдоос цахилгаан утас ирж “Ээж өнгөрчихлөө, хурдан ир” гэсэн байна. Эхнэр нөхөр хоёр санд мэнд Ховд хот орж, талийгаачийн ажил явдалд оролцоод буцаж явахдаа бага охиныхоо талаар бодох сөхөө байсангүй. Хэд хоногийн дараа Энхболд түргэний машинаа засахаар гэртээ давхиад ирвэл хашаандаа хоёр хүү нь бөмбөг тоглоод ухаан алга. Гэрт орвол бага охин нь бас л байсангүй, харин худалдаж авсан хуучин “Темп” зурагт нь жирэлзэн асч байв гэнэ. Хашаа хороо, гадуур дотуур охиноо хайвал олдсонгүй. Хүүхэд уйлах чимээнээр эргээд гэртээ орвол Навчаа орон доогуураа ороод биеэ хураан, дагжин чичрэн, хар хөлс нь асгачихсан өрөвдөлтэй амьтан хэвтэж байлаа.
“Аав аа, би таниас гуйж байна. Тэр зурагтыг гаргаж хаяач. Та нарыг гэртээ байхгүй, намайг ганцаараа сууж байхад гаднаас нэг цагаан сахалтай өвөө орж ирдэг. Тэр зурагттай элдэв юм ярихаар зурагтанд муухай юм үзэгддэг” гэх нь тэр. Энэ үед Энхболдын толгойд хадам эхийн үхлийг охин нь анх мэдсэн, бас ахиад ямар муу юм олж харав хэмээн охиноосоо асуужээ. Навчаа охины бие бүлээрч, амьсгаа нь тасалдан “Зурагтаар манай урд хашааны Даваасамбуу ахынд аймаар муухай царайтай согтуу хүмүүс орж ирээд Сараа эгчийг нүцгэлэн зодсон бас хутгалсан” гэж шивнэн өгүүлжээ.
Энхболд хар гүйхээрээ хөршийнх рүүгээ орвол орон дээр Даваасамбуугийн эхнэр чармай шалдан, амьтай голтой цусанд будагдан хэвтэж байсан гэнэ. Удалгүй цагдан сэргийлэх хэргийн газар очиж, хохирогч бүсгүйг эмнэлэг рүү хүргэж явах замдаа эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Даваасамбуутай өс хонзонтой гурван залуу тэдний гэрт дайран орж эхнэрийг нь хүчиндээд амийг нь хорлосон хэрэг яагаад Энхболдын зах дээрээс авсан “Темп” зурагтанд харагддаг билээ гэдгийг эхнэр нөхөр хоёр гайхаж цөхөв. Үүнээс хойш долоо хоногийн дараа Бурмаа уйлагнасан амьтан нөхрөө “Энхээ чи гэртээ хурдан ирээч” хэмээн хөршийнхөө утсаар дуудуулжээ. Жолооч залуу яаран давхиж ирвэл гурван хүүхэд нь зурагт руу заагаад дор бүрнээ усан нүдэлж, эхнэр нь чичирхийлж уйлагнан:
-Энхээ энэ зурагт сүнстэй юм байна. Яг унтраагаад хэвтэхээр шөнө асаад болохгүй. Тэгэхээр нь зурагтынхаа нүүрийг хана руу харуулаад тавьчихаад хэвтэж байтал үүдний өрөөнд хэн нэгэн түчигнээд болдоггүй. Эхлээд хулгана гэж бодлоо. Тэгсэн настай хүний хоолой засан ханиалгах сонсогдсон. Би айж байсан ч гэрлээ асаавал хэн ч байдагггүй. Эргээд унтлагын өрөөндөө орж ирэхэд “Темп” зурагт гарч, зурагтанд чи бид хоёрын зурагт худалдаж авсан цагаан сахалтай туранхай өвгөн үзэгдлээ. Тэр хэдэн муухай шорон царайлсан залуустай хамт архидаж эхэлсэн. Монголын суваг 2 дээр, Орбит 4 дээр гардаг байхад яахаараа 7 дугаар суваг дээр ийм хачин зүйл гэнэт гарч ирдэг байна аа хэмээн усан нүдлэв. Эхнэрийнхээ айсан нүд рүү харсан Энхболд энэ удаа Бурмааг чин үнэнээсээ ярьж байгаад итгэхээс өөр арга байсангүй. Чингээд Энхболд ухасхийн “Темп Ц-280″ зурагтаа шүүрч аваад Толгойтын жалганд аваачин хага цохиж хаясан байна.
Үүнээс хойш жилийн дараа Энхболд I хорооллын зам дээр түргэний машинтай давхиж яваад ЗИЛ-130 машинтай мөргөлдөж хорвоог орхижээ. Гэвч яг нэг жилийн өмнө эхнэр хүүхэд нь тийрэн шингэсэн “Темп Ц-280″ зурагтаар ослыг үзчихсэн авч Энхболдод хэлэлгүй нуугаад өнгөрсөн байлаа.
ХОРИОТОЙ СОНИН
URL: