Ө.Энхтөр: “Саусгоби сэндс”-ийн захирал хууль зөрчсөн нь тогтоогдсон
Баялаг бүтээгчдийг хэлмэгдүүлж, хүний эрх чөлөөг зөрчиж байна гэх мэтээр АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг
олон нийт шүүмжлэх боллоо. Энэ тухайд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр ингэж хариулж байна.
-Сүүлийн үед АТГ-ын талаар таагүй мэдээлэл тасрахгүй шинжтэй. Ялангуяа баялаг бүтээгчдийг хэлмэгдүүлж, хорьж цагдаад байна гэсэн хардлага олон нийтийн дунд байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Биднийг эдгээр хүмүүсийг хэдэн арваар нь хорьж цагдаад гэмт үйлдэл илрэхгүй болохоор татварын хэрэгт татаад байгаа мэт ойлголт нийгэмд байна. Энэ нь ажил хийж байгаа бидэнд харамсалтай санагддаг. Бид эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байгаа хүмүүс.Эрүүгийн хуулийн 265, 266 дугаар зүйл ангиар төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан бол шалгадаг. Сүүлийн гурван жилийн байдлаар төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж албан тушаалтантай холбоотой 39 хэргийг шалгаж, 16 хүнийг цагдан хорьсон. Нийт цагдан хорьсон хүмүүсийн дунд эзэлж байгаа хэмжээ нь 20 хувьд нь ч хүрэхгүй.
-АТГ-ынхан байсхийгээд л хэн нэгнийг цагдан хорилоо гэж сонсогддог. Иймхэн тооных гэж үү?
-Энэ бол нэг гараа төсвийн уут руу шургуулчихсан, нөгөө гараараа эргэж хараад ард түмэн рүү даллаад “Бид гэм буруугүй” гэж хашгирч байгаа хүмүүсийн хэмжээнд яригдаж байгаа асуудал. Түүнээс биш манайд өнөөдөр хэчнээн мянган компани байдаг билээ. Хэчнээн хүн компани, аж ахуйн нэгжээр амьдралаа залгуулж байгаа билээ. Тэдгээрийн дэргэд энэ бол харьцангуй бага тоо. Тэгэхээр манай албаныхан хэтэрхий хавтгайруулсан, нэг талыг барьсан зүйл байхгүй. Бид хуулийг хэрэгжүүлж, хуулийн хүрээнд ажиллаж байгаа.
-Саяхан олон улсын нэр бүхий мэдээллийн хэрэгслээр Монголыг авлигажсан орон, гадны хөрөнгө оруулагчдыг цагдан хорьж, эрх чөлөөг нь боомилсон утгатай мэдээлэл гарсан. Та бүхэн үүнийг үзсэн үү. Манайх үнэхээр гадныханд халгаатай юм уу?
-Хууль хэрэгжүүлж буй субьектын хувьд, ялангуяа мөрдөх үйл ажиллагаа явуулдгийн хувьд гадаад, дотоодын дайралтууд их байгаа. Тэдний зорилго бидний хийж байгаа ажлыг үгүйсгэх гэсэн эсвэл Монгол Улсыг муугаар харагдуулах зорилготой. Цаад санаа нь өөрсдийнхөө үйл ажиллагааг гүйцэлдүүлэх гэсэн хандлагатай юм уу гэж дүгнэж байгаа. Энэ мэдээллийг үзээд манайхан гадаад иргэдийг шалгасан байдлаа эргэж харсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаадын 24 иргэнийг шалгасны дунд Өмнөд Солонгосын дөрөв, Хятадын 14, АНУ-ын хоёр, Казахстан улсын нэг, Филиппин улсын хоёр, Австралийн нэг иргэн байсан.
-Блүүмберг суваг “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудын талаар хөндсөн байсан?
-“Саусгоби сэндс” компанийн захирал АНУ-ын иргэн Жастин Каплагийн хувьд тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр компанийн үйл ажиллагаа явуулж байхдаа хууль тогтоомж зөрчсөн, тэр тусмаа татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн асуудал гарсан. Энэ бол ганц, нэг сая долларын асуудал биш, өргөн хүрээнийх байсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа гадаад, дотоодын хэн ч хууль, дүрмийн дагуу ажиллах ёстой. Хуулийг уландаа гишгээд байвал тэр асуудалтай нь холбогдуулж шалгах зарчим Үндсэн хуульд ч тэр, бус хуульд ч бий. Түүнийхээ хүрээнд Жастин Каплаг Эрүүгийн хуулийн 166.2-т заасан зүйл ангиар холбогдуулан шалгасан. Мөн тус компанийн ахлах хуульч Австрали улсын иргэн Сара Армстронг гэгч нөхрийг хахууль өгсөн, татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгасан. Энэ нь тухайн үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийн хэргийг шалгах явцад илэрсэн хэрэг. Тэднийг мөрдөн байцаалтын явцад цагдан хориогүй. Эцэст нь эдгээр иргэд Монгол Улсын хууль зөрчсөн нь тогтоогдсон, татварын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлтэй гээд цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлсэн. Гэхдээ нэгэнт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа ямар ч төрлийн сэжигтэн, яллагдагчийг бид цагдан хорихоос гадна Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргахгүй байх арга хэмжээг авах журамтай. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй, улс дамнасан бизнес эрхэлдэг байгууллагын хувьд эхний ээлжинд зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан. Тэр хүрээнд л шийдэгдсэн асуудлыг сүр дуулиан болгож байгаа нь учир дутагдалтай байна.
-Танайд шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн ихээхэн гомдолтойгоор мэдэгдэл хийх болсон. Тэдний хэлснээр бол та бүхэн мөрдөн шалгах явцад залхаан цээрлүүлэх, хэргийг хүчээр хүлээлгэх арга хэрэглээд байна уу даа?
-Мөрдөн шалгах үйл ажиллагаа нь олгогдсон эрхийнхээ хэмжээнд тодорхой албан тушаалтны эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа хүмүүсийн дургүйг их хүргэдэг юм шиг байна. Энэ байдлаа илэрхийлэхдээ хүмүүсийг өөрсдөөр нь хэргийг яллуулах, тамлан тарчлааж байна гэсэн мэссэжүүдийг гаргаж байна. Манай байгууллагаас сүүлийн гурван жил хэрэгт холбогдуулан шалгахдаа 93 хүнийг цагдан хорьсон судалгаа байна. Өөрөөр хэлбэл, нийт шалгагдсан хүмүүсийн 10 орчим хувьд л цагдан хорих арга хэмжээг авсан. Бусад нь гадуур, батлан даалтад байцаагдсан.
Нөгөө талаар хэргийг нь нотлуулахын тулд хориод байгаа юм биш биз гэсэн хардлага нийгэмд байна. Хамгийн сүүлд гэхэд АТГ-т Сталиний гаргасан онолоор мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна гэсэн үгийг бидэнд дайж байна. Нийгмийг бидэн рүү чиглүүлэх гэсэн, тодорхой үед гарч байсан төрийн алдааны дүнд ард түмэнд ирсэн аюулыг зөвхөн нэг байгууллага руу нялзаах гэсэн оролдлого болов уу гэж харж байна. Түүнээс биш бид сэжигтнийг өөрөөр нь хэргийг нотлуулах асуудал байхгүй.
Б.ЗАЯА
Зууны мэдээ
URL: