Бурхан хүртэл тэвчиж байсан

Эх орны хишиг 70 мянган төгрөгөө авахаар “Хаан” банк дээр очлоо. Тэгтэл халамжийн тэтгэвэр буугаад бөөн хэрүүл.

Халамжаар дагначихсан эмэгтэйчүүд, хөгшчүүл гэж байх юм. Итгэмжлэхээр 5-10 хүний халамжийн тэтгэвэр авах нь энүүхэнд. Эдгээр итгэмжлэгдсэн нөхдүүд нэгнийхээ урдуур орох гээд үзэж гарлаа. “Хаан” банкны харуулын форм, цамцыг аль хэдийнэ ураад тавьчихаж.

Тэгсэн хэдий ч өнөөх харуул дарааллаар нь оруулна гэсэн байр суурь дээрээ Байтаг Богдын баатрууд шиг зогссон хэвээр. Тэгтэл өнөөх итгэмжлэх бүхий хүмүүс аргаа эрс өөрчиллөө. Зарим нь ухаан алдаж унах гэж үзэв. Авгай хүүхнүүд сугандаа хавчуулсан хүүхдүүдээрээ түрий барилаа. Нэг хар бараан царайтай эмэгтэй “Аниа нь сая нэг нөхрийг хатгачихсан чинь өмгөөлөгчийн хөлс нэхэгдээд байна. Худлаа гэвэл хороон даргын тодорхойлолт” гээд бичиг үзүүлнэ. Тэгтэл бас нэг нөхрийн тэвчээр алдагдаж TV 8 телевизийг дуудахаар болов.

Уг нь бол нэг их урт дараалал үүсчихээгүй. Сайндаа 50 хүн байгаа биз дээ. Монголчууд бид яасан их тэвчээргүй болоо вэ. 30 минут л дараалалд зогсоход их юм үзэх, сонсохоор байлаа. Дарааллаараа зогсоод мөнгө авч сураагүй хүмүүсийн хэрүүлийг сонсож зогсохдоо тэвчээр алдаж “Бурхан хүртэл тэвчиж байсан” гэж золтой л хашгирчихсангүй ээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих