Ард иргэд нохойн хоолоор өл залгуулдаг болов

b43003c62002374bigАрд иргэдийн аж амьдрал улам бүр туйлдаж, идэх хоол хомсдож, өмсөх хувцас цөөдсөн цаг ирлээ. Хоёр идэж, хоосон хонохгүйн тулд иргэд маань нохойнд хаяж өгөх хоолоор өл залгуулдаг болов. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хаданд гарч, хоол хүнсээ ч худалдаж авч чадахгүйд хүрчээ. Жишээлбэл, Долоон буудал дээр нохойнд хаяж өгөхөөр шулсан ясыг бөөгнүүлж байгаад иргэдэд зарж байна. Нэг уут нь мянган төгрөг гэнэ. Түүнийг нь иргэд худалдаж аваад ясны шөл гаргаж байгаад бантан хийж идэх, будаа хоёр зэргээр бор хоногийг төөрүүлж, үр хүүхдээ хооллож байгаа аж.

Мөн хүнсний ногоо хэдэн кг-ээр нь худалдаж авч чадахгүй нэг ширхэг төмс, нэг ширхэг сонгино, лууван гэх зэргээр авдаг болжээ. Худалдагч нар “Иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан энэ нөхцөлд нэг ширхэгээр нь өгөхгүй гээд яах юм бэ? Гуйгаад байгаа юм чинь өгөхөөс өөр аргагүйд хүрч байна” гэлцэнэ. Ийнхүү бүсээ чангалсан иргэд зовж, зүдэрч амьдрахын эрхэнд, үр хүүхдээ тэжээхийн төлөө нохойнд хаяж өгөх хоолоор хүртэл өл залгуулдаг болсон аж. Ард иргэдийнхээ амьдралыг алж, тарчигхан болгож байгаа төрийн томчууд юу бодож, юу харж суугааг хэн ч таашгүй нь. “Арай ч дээ” гэж хэлмээр байна. Улсынхаа баялгийг адилхан хувааж хүртэж идэж чадахгүй, төр удирдсан томчууд нь улс орноо харийнханд худалдаж, ядуу ард иргэд нь алт дээр сандайлсан гуйлгачид гэсэн дүр төрхөө яг олчихоод байгаа энэ цаг үед нэгийг бодож, нөгөөг тунгаамаар байна.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих