Монголын олгой хорхойн кино Америкчуудыг айлгаж чадлаа

imagesdffddsssГадаадын сониуч хүмүүсийн анхаарлыг олон зууны турш татаж эхэлсэн нэгэн тайлагдашгуй оньсого бол монголын говьд байдаг олгой хорхой билээ. Энэ талаар аль XX зууны эхэн үед л гадны олон экспедици өмнийн говьд ажиллаж байсан бөгөөд Америкийн нэгэн баг 1953 онд Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговийн нутгаар бүтэн сар олгой хорхой судалж яваад цугаараа гадны нөлөөгүй амь үрэгдсэн нууц байдаг. Тэгвэл энэ тухай судалж сонирхох болсон Холливудын уран бүтээлчид кино бүтээжээ. “Монголын олгой хорхой” буюу “Mongolian death worm” кино Америкийн “Syfy” телевизээр өнгөрсөн онд цацагджээ. Нэрт од Стивен Р.Монрогийн бичиж, найруулсан уг кино дэлхий дээр амьдардаг “цоо шинэ” амьтныг дэлгэцээр харуулж байгаагаараа онцлог гэсэн.

 

Говийн элсэн манхан, тарамцагт амьдардаг олгой хорхойн тухай домгийг эртнээс ам дамжин ярьсаар ирсэн боловч тодорхой баримт байдаггүй. 1924 онд Монголд айлчилсан Оросын судлаач В.А.Казакевич аян замын тэмдэглэлдээ “Олгой хорхойн тухай домог сонсоод, хайсан ч юу ч олсонгүй. Говийн элсний аварга могой нь газар нүхэлж ордог, маш хортой гэж нутгийн хүмүүс ярьдаг юм байна” гэж бичсэн нь эл амьтны талаарх анхны судалгааны ажил байжээ. Харин олгой хорхойг дэлхийд таниулсан хүн нь Оросын эрдэмтэн зохиолч И.А.Ефремов юм.

 

Тэрбээр Монголын нутгаар хэд хэдэн удаа судалгаа, шинжилгээний аялал хийж явахдаа нутгийн хүмүүсийн аман ярианд тулгуурлан “Олгой хорхой” гэдэг зөгнөлт зохиол бичжээ. Зохиолд аварга том олгой хорхой хүний толгойг бүхлээр нь залгидаг тухай өгүүлсэн байдаг бөгөөд өөрийнх нь амийг газарчин монгол хүн аварсан хэмээн бичжээ. Тэгвэл “Syty” телевизийнхэн бүтээсэн киноныхоо талаар “Энэ кино шилдэг кино болно. Энэ бол дуулиан.  Шинжлэх ухаанд тайлж чадахгүй байгаа хэвлээр явагч амьтны тухай бид үзүүллээ” хэмээн ярьжээ. Хамгийн сонирхолтой нь юунд ч итгэж үнэмшихээ больсон америкчууд энэ киног үзээд сүнс нь зайлтал айцгаан, нэлээд шуугиан дэгдээлээ. Тун удахгуй “syfy” телевизийн бүтээсэн “Mongolian death worm” кино монголд гарч, биднийг айлгаж ичээнэ гэдэгг итгэхээс аргагүй болов оо.

 

Эх сурвалж: Одоо цаг сонин


URL:

Сэтгэгдэл бичих