Эдийн засгийн өршөөлийг баталж “хэцүү нэрт”-д байгаа бизнесмэнүүдийг суллана
Өчнгдөр үдээс хойш Засгайн газрын хуралдаан гэнэт товлогдож, орой 18:00 цагт хуралдсан юм.
Хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин асуудал оруулсан нь Эдийн засгийн ил тод бацдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх хуулийн төслүүд байсан юм. Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг нь өршөөл үзүүлэх бололтой. Гэхдээ энэ өршөөл нь өмнөх жишиг шиг татварынх биш аж. Тодруулбал эдийн засгийн өршөөл.
Энэ нь татварын өршөөлөөс илүү өргөн хүрээг хамрах магадлалтай аж. Тодруулбал Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн гэмг хэрэгт хамаарах зөрчлийг өршөөх тухай энд яригдана. Угаас Эдийн засгийг идэвхижүүлэх тогтоолыг батлахаас өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Эдийн засаг хүнд байдалд ороод байгаа энэ үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотоодын сүүдрийн эдийн засгийг хууль ёсны болгож, эргэлтэд оруулахад эерэг нөлөө үзүүлэх нь чухал. Тиймээс өршөөл үзүүлэх хуулийн төслийг ойрын хоёр долоо хоногийн дотор өргөн барих шаардлагатай” хэмээж байсан.
Манай улс өршөөлийн хуулиар эдийн засгийнхаа хүнд байдлаас гарахад дэмжлэг авч байсан тохиолдол бий. 2009 оны санхүүгийн хямралыг давахад 2007 оны татварын өршөөлийн хууль ихээхэн дэмжлэг үзүүлж байв. Тухайн үед 44 мянган аж ахуйн нэгжийг уг өршөөлд хамруулахаар тооцоолж байсан. Хэдийгаэр тэдний 28 мянга нь уг өршөөлийг эдэлж, “гудсан доорхи” мөнгөө ил гаргаж дөрвөн тэрбум ам.долларыг эдийн засагт оруулсан гэдэг. Хамгийн анхаарал татмаар асуудлын нэг нь тухайн үед Монгол Улсын жилийн төсөв нэг тэрбум ам.доллараар л хэмжигдэж байсан гэхээр өнөөдөр Монголын далд эдийн засагт хичнээн тэрбум ам.доллар эргэлдэж байгааг хэлэх боломжгүй. Тэгвэл Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж чадвал өмнөх өршөөл шиг дор хаяж 4-5 тэрбум ам.долларыг далд эдийн засгаас олох боломж бүрдэх юм. Мөн гадаадын оффшор бүст нуугдсан их хэмжээний хөрөнгө Монголд орж ирэх боломж ч бүрдэх талтай гэнэ.
Х.Тэмүүжин сайдын өргөн барьсан төслийн хүрээнд бол бизнес эрхлэгчдэд эдийн засгийн өршөөл үзүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, нэгдсэн бодлоготой болох зэрэг олон санал байгаа.
Гэхдээ хамгийн их анхаарал татаж буй сэдэв нь өршөөл үзүүлэх хүрээнд эдийн засгийн гэмт хэргийн улмаас ял эдэлж буй, шалгагдан түр саатуулагдаж буй хүмүүс суллагдана гэдгийг баттай эх сурвалж дуулгаж байна. УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш олон зуун компанийг сөрөг хүчнийг дэмжсэн нэрээр шалгаж, эздийг нь “Ганц худаг”- т хорьсон. Нийгэмд шуугиан тариад буй “Жаст” группийн Ш.Батхүүгээс эхлээд эрүүгийн хариуцлагад татагдсан олон бизнесмэн суллагдах бололтой.
Авлигатай тэмцэх газар аман мэдүүлгээр буюу 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн зарчмаар баялаг бүтээгчдийг барьж хорьсон дээрээ хэрэг хүлээлгэх гэж оролцдог гэх шүүмжлэл бас айдас бизнесийн хүрээнд бий. Энэ маягаар ял авсан хийгээд хоригдож буй бизнесмэнүүдийн тоог янз бүрээр мэдээлдэг ч, сүүлийн хоёр жилийн хугацаанд хэцүү нэртэд энэ зүйл ангиар орсон бизнесмэнүүдийн тоо огцом өсч, хэдэн зуугаар тоологдох хэмжээнд хүрсэн гэдэг.
URL: