УИХ тарах уу! , тараалгах уу!
УИХ-ыг тараах хүсэл сонирхол улс төрийн хүрээнийхний дунд нэгэнт бий болсон гэсэн бор шувуу саарал ордноор
нисэх болжээ. Хэдийгээр улс төрийн шалтгаантай ,намуудын явцуу эрх ашгаас үүдэлтэй ч ард олны эрх ашигт нийцэж байгаа учир зөв гэж хүлээн зөвшөөрөгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэнэ. Өөрөөр хэлвэл олигархиудын өөр хоорондын тэмцэл сөргөлдөөн ард олонд тохиолдлын байдлаар санамсаргүйгээр сайныг авчирах магадлалтай юм.
Саарал ордонд байдал иймэрхүү байгаа бол саарал амьдралтай монголчуудын олонхи нь Монголын парламентын түүхэн дэх хамгийн муу нэртэнээр тодроод байгаа энэ удаагийн Их хурлыг тараах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж эсэргүүцэл илэрхийлээд эхэлчихсэн.
Бие даасан болон намуудын дэргэдэх судалгааны байгууллагуудын судалгаанаас үзэхэд Засгийн газарт төдийгүй УИХ-д итгэх иргэдийн итгэл зогсолтгүй буурсаар байгаа дүн харагдаж байгаа юм.Сөнөдөггүй ,сөрдөггүй намууд энэ байдлыг ард олноос нууж байгаа нь худлаа биш. Харин бие даасан судалгааны байгууллагууд болон PR агентлагуудын судалгаа иргэдэд нээлттэй байгаа.
Аль ч улсын парламент үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог муу шалгуурууд гэж байдаг Тэгвэл манай УИХ эдгээрээс олонхийг нь” давуулан биелүүлсэн амжилттай”-гаар 2 жилийг үдлээ.
1. Давхар дээл тайлах асуудал буюу эрх мэдлийн хэт өрөөсгөл төвлөрөлийг задалж чадаагүй. Яг үнэндээ бол хүсээгүй.Ингэснээрээ олон нийтийн шаардлагыг үл тоосон хэрэг болов. Бүгд л давхар дээлийг тайлах нь зөв гэцгээж харин хэзээ хэрхэн тайлах нь чухал гэж байсан мөртөө цагаа тулахад дан, давхар дээлтний хэн нь ч тайлах,тайлуулахыг хүссэнгүй.Зарим нэг хүнд намынхаа эсрэг, намхан биенийхээ төлөө улс төр хийх далим гаргаж өгсөнөөс өөр зүйлгүй хоосон хоцров.
2. Засгийн газраа толгой дээрээ гаргасан буюу нам төвт төрийг бий болгосон. УИХ-ыг бүрдүүлэгч намууд хэдхэн хүний хувийн эрх ашгийг хамгаалан монголын төрийг тохиролцоо-хохиролцооны төр болгон хувиргалаа.АН,МАХН-ын гэрээ хэмээх олон түмнийг илт доромжлон басамжилсан, төрийн нэр хүндийг гутаасан “цаасан дээрх бузар мөр” дээрхийн хамгийн увайгүй тод жишээ болов.
3. УИХ-ын гишүүдийн улс төрийн соёл, ёс зүй ноцтой хэмжээнд хүртлээ доройтсон. Их хурлын гишүүд улс орны ирээдүй, монголчуудын амьдралд ач тусаа өгөх хуулийг батлахгүй гацаах,тохиролцооны хэрэгсэл болгох , хуйвалдан унагах зэрэг тун сайн мэргэшив. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль ,Шилэн дансны тухай хууль зэргийг энд нэрлэж болно.
Үндэсний эрх ашгийн хамгийн ноцтой нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болов. Стратегийн ордуудыг гадныхантай хуйвалдан идэхээр ил далд улайран зүтгэж ашиг тусаа өгдөггүй Оюутолгой, Таван толгойн араас оруулаж замыг нь шуудруулав.
Энэ талаар ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр,МУИС-ийн багш Г.Авирмэд тэргүүтэй хүмүүс болон иргэний хөдөлгөөний зүтгэлтэнүүд сэтгэл зовнин дугарсаар байгааг монгол хүн бүхэн машид анхаарч ашид дэмжих хэрэгтэй байгаа юм.
Парламентын түүхэнд анх удаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан хэрэгт холбогдож сэжигтэн хэрэгтний суух сандал дээр их хурлын энгэрийн гишүүний тэмдэг гялалзав.Ц.Нямдоржийн хэлсэнээр оймсонд хавчуулагдаад их хуралд ороод ирсэн О.Баасанхүү Тэмүүжинг тэгнэ, тэгэхгүй тэврэнэ , тэврэхгүй гэж тэвдэв.
Эцэст нь хүний зараалаар хүзүү толгойгүй хүн шиг явдаг хөөрхий амьтан хэмээн хэлүүлэж хамаг олны шоо болж хоцров.УИХ-ын танхим хэрүүлийн газар болж хувирлаа гэх шүүмжлэл газар сайгүй өрнөх болов.
4. Дээр бүгдээс улбаалан УИХ, түүний гишүүдийн нэр хүнд олон түмний дунд маш их хэмжээгээр унасан.Муу нэртэй хүмүүст хэн итгэж төрийн жолоог атгуулдаг билээ.
Энэ бүгдээс үзэхэд парламент тарах дотоод гадаад хүчин зүйл нэгэнт бий болжээ. Харин УИХ-өөрсдөө сайн дураар тарах уу эсвэл өрөөлөөр тараалгах уу гэдэг дээрээ тулаад байна даа.
Уул нь олон түмэн нэг хүн шиг нэг санаатай байж чадваас бид бусад ард түмнээс дордох юун. Тэд төв талбай дээрээ гарч тайван эсэргүүцэл илэрхийлээд л хувьсгал хийчихэж байна. Тийм аядуу зөөлөн тэгсэн хирнээ цуцашгүй,зогсолтгүй тэмцлээр муу эрх баригчдаас салж чадаж байна.
Харин бид тийм аргаар хувьсгал хийдэггүй юм аа гэхэд муу нь дэндсэн их хурлыг тарааж чадахгүй гэж үү? Өөрсдийн саналаар парламентыг бүрдүүлсэн та бид УИХ тарах уу хэмээн асууж/?/ тараалгах уу гэж анхааруулах/!/ бүрэн эрхтэй билээ
Улс төр судлаач Ц.Хангай
URL: