Засвартай байсан замууд нээгдэж эхэллээ
Багатойруугийн Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх замын ажил дуусаж, өчигдөр тус замын хөдөлгөөнийг нээгээд байна.
Мөн X хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын шинэчлэлтийн ажил дуусч хөдөлгөөнийг нээх байсан ч бороо орсноос үүдэн зам дээр хэвтээ тэмдэглэгээ хийж болохгүй байгаа юм байна.
Түүнчлэн Таван шарын төмөр замын фрезертэй уулзвараас Сонсголон хүртэлх замын ажил дуусчээ.
Улаанбаатар хотод хийгдэж буй бусад зам засварын ажлын тухайд Залуучуудын өргөн чөлөөний хэсэг болох Төрийн ордны баруун хойд уулзвараас зүүн хойд уулзвар хүртэлх 200 метр замыг өчигдөр оройн 23:00 цагаас эхлэн хааж хучилтын ажлыг гүйцэтгээр болжээ. Төлөвлөсөн ёсоор ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-ны 08:00 цагт уг замын хөдөлгөөнийг нээх аж.
Түүнчлэн таван шарын уулзвараас Толгойтын төмөр замын гарамтай уулзвар хүртэлх 700 метр авто замыг өчигдөр оройн 23:00 цагаас эхлэн 21 хоног хаана. Таван шарын долоон метр өргөнтэй хуучин замыг 21 метр болгон өргөсгөж, зургаан эгнээ зам болгох шинэчлэлтийн ажлыг УБЗЗАК гүйцэтгэж байгаа юм.
Түүнчлэн энэ авто замын хэсэгт дулааны ил шугамыг зам доогуур байршуулах ажил хийгдэх ажээ.
Э.Дулам
URL: