“Диспетчерийн үндэсний төв”-ийн дэд захирлыг саатуулжээ
Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төвийн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Г.Балжинням, ахлах нягтлан бодогч Б.Баярцэнгэл нарын гурван хүнийг өнгөрсөн лхагва гаригт ажил тарах үеэр баривчилжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд 2,4 тэрбум төгрөгийн асуудалтай холбогдуулан саатуулсан гэх мэдээллийг өгч байгаа юм.
Тодруулбал, дээрх хүмүүс хамтран эрчим хүчний томоохон тендерүүдээс мөнгө завшсан байж магадгүй ба саатуулан шалгах шаардлагатай гэж үзжээ. Иймээс ажил тарах үеэр тэднийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Энэ хэргийн гол сэжигтнээр татагдаад байгаа Г.Балжиннямын хувьд Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн.
Техникийн ухааны магистр цолтой. Эрчим хүчний зөвлөх инженер. Эрчим хүчний салбарт 16 жил ажиллаж буй туршлагатай нэгэн бөгөөд 2006 оноос “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Төв диспетчерийн албаны даргаар ажиллаж байгаад 2013 оноос дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер болж албан тушаал дэвшсэн юм байна.
Харин харин ерөнхий нягтлан бодогч Б.Баярцэнгэл нь эрчим хүчний салбарт 10 гаруй жил ажиллаж буй. 1998 оноос үйлдвэр, худалдааны “Талст-Сигма” ХХК, “Идэр трейд” ХХК-д нярав, тооцооны ня-бо, 2000 оноос гадаадын хөрөнгө оруулалттай “Их цэнгэг” ХХК-д менежер, 2001 оноос УБЦТС ТӨХК-д борлуулалтын байцаагч-монтёр, наймдугаар сараас нь “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн маркетингийн мэргэжилтэн, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2009 оноос ахлах нягтлан болсон аж.
URL: