Оюутан залуу дөрвөн хүний амийг хөнөөжээ
Тайвань улсын нийслэл Тайпэй хотын метронд өчигдөр нэг залуу зорчигчид руу хүйтэн мэс барин дайрчээ. Гэмт этгээд 21 настай оюутан залуу байсан бөгөөд үйлдэл дээрээ баригдсан байна.
Түүний утга учиргүй энэ халдлагаар гэмгүй 20-60 насны дөрвөн хүн амиа алдаж, 25 хүн мэсний шархтай үлдсэн аж. Өчигдөр үдээс хойш 16.00 цагийн үед оюутан хотын захаар явж байсан галт тэргэнд зорчиж явсан бөгөөд гэнэт л хүмүүс рүү дайрч, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэж ялгалгүй хүйтэн мэсээр дүрж эхэлсэн гэж хохирогчид ярьж байна.
Зорчигчид орь дуу тавьж, хэдэн зуун хүн тусламж хүсэн орилж байжээ. Цагдаа нар дуудлагын дагуу шуурхай очиж, гэмт этгээдийг баривчилсан байна. Үүний шалтгааны талаар гэмт этгээд “Жилийн өмнөөс л амьд явах сонирхолгүй болсон. Энэ хэргийг долоо хоногийн өмнөөс төлөвлөж байгаад өчигдөр хэрэгжүүлсэн” гэж ярьжээ.
Харин цагдаа нар үргэлжлүүлэн эл хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Энэ метрогоор өдөр бүр 1.85 сая хүн зорчдог аж. Тайпэй хотын метро анх 1996 онд нээгдсэнээс хойш анх удаагаа хүн амины хэрэг гарч байгаа нь энэ юм байна.
Б.Даваахүү
URL: