Х.Баттулгын хутгаад зугтсан бантанг хэн зооглохов дээ
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Н.Алтанхуягаас зугтсан даруй дараагийн сайдын нэрс яригдаж эхэлсэн ч түүний зугтаад явчихсан суудалд хэн ч очихыг зүрхэлсэнгүй. Өргөн агуулгаар нь аваад үзэх юм бол ажил нь унаад гүн ангал руу нэгэнт шидэгдсэн Засгийн газарт орж, нэрээ сэвтүүлэхийг хэн ч төвдөхгүй нь эндээс харагдана. Өнөөх л Н.Алтанхуягийн Засгийн газарт багталцах гэж үйлээ үзэж, уйлан дуулж байсан нөхдүүд бүгд нүүр буруулав. Нэгэнт замынхаа дунд ирчихсэн Засгийн газрын ажил одоо үлдэж буй хугацаанд илт сэргэж, илааршина гэдэг ихээхэн эргэлзээтэйг ч цаадуул нь мэдэж буй. Бид ийм л эрх баригчидтай шүү дээ.
Нөгөө талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын ажил уналтад орсныг бид мэднэ. Амжилттай хэрэгжиж байсан атрын аян хүртэл нуран унаж, будаагаа импортоор авсан гээд олон зүйл дурдаж болох. Тиймдээ ч Х.Баттулга хар амиа бодон засгаас нэрээ татсан хэрэг биз ээ. Түүнээс биш тэр нэг их шударга, хэлсэндээ хүрдэгтээ биш л болов уу. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч энэ тухай дүгнэн хэлэхдээ “Х.Баттулга дандаа ингэдэг юм. Ажил нь урагшаа явахгүй болохоор хаяад зугтаж байгаа юм. Энэ засгаас салж байгаа чамд баяр хүргэе” хэмээсэн.
Үнэн хэрэгтээ Х.Баттулгыг өргөдлөө өгч байх үед урьд өмнө сайдын суудалд санаархаж байсан нөхдийн хэн нь ч би сайд болно гэж бодоогүй гэдэгт эргэлзэх юм алга. Ажиглагчид, зарим хэвлэл мэдээллээр л Ш.Түвдэндорж, Г.Баярсайхан гэсэн нэрсийг уралдуулж байсан болохоос биш, үнэн хэрэгтээ цаадуул нь улс эх орныхоо төлөө ажиллаад үзье гээд ийм хүнд үед хүрээд очих хүмүүс биш л дээ. Эдийн засгийн уналт дээд цэгтээ тулчихсан, нийгмийн бүхий л салбарт хямрал нүүрлэчихсэн хүнд үе ид өрнөж байна. Түүнчлэн үйлдвэр хөдөө аж ахуйн салбар бол бүр тартагтаа тулчихсан гэхэд болно. Тэгээд ч энэ салбарт Х.Баттулгын хутгасан бантангийн учрыг олох хүн байхгүй. Хэн нэгэн учрыг нь олох бүү хэл өөрөө ч учрыг нь олохгүй зугтаж байгааг бид бэлхэнээ харж байна. Өнөөх л сайд болох гэж бусдынхаа картыг хүртэл суглан зугтаж байсан “фортуна”-гийн багийнхан яав. Цаана чинь сайдын суудал бэлэн болчихсон байна.
Ямар сайндаа л арга ядсан Н.Алтанхуяг захирамж гаргаж, Уул уурхайн салбарыг тэргүүлж байгаа Д.Ганхуягт Үйлдвэр хөдөө аж ахуйн салбарыг давхар хариуцуулж байхав дээ. Цаадхи нь аргагүй л хүчинд автаж, дараагийн үйлт нөхрийг иртэл энэ салбарыг удирдах бололтой. Журам ёсоор бол Ерөнхий сайд 14 хоногийн дотор үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын нэрийг УИХ-д өргөн барих ёстой. Ингээд чуулганы хуралдаанаар дараагийн сайдын нэр тодорно. Энэ болтол Д.Ганхуяг “женко”-гийн хутгаж орхисон бантантай зууралдана. Гэхдээ алсын зайнаас зууралдана. Магадгүй, Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн нөхрийн нэр УИХ-ын чуулганы босго давах эсэх нь ч эргэлзээтэй. Тэгэхээр Д.Ганхуяг 14 хоногоос илүү “женко”-г хараан сууж магад. Д.Ганхуяг өөрөө уул уурхайн салбарыг чөдөрлөчихсөн хүн шүү дээ. Өнөөх л стратегийн орд газруудын ажлаас эхлээд энэ салбарт үүссэн хүнд нөхцлөөс яаж гарахаа мэдэхгүй мунгинаж суугаа л амьтан. Гэтэл бас нэг бантантай зууралдана гэхээр Д.Ганхуяг бараг нэрээ мартахдаа тулна.
А.Гал
URL: